УИХ-ын сонгуульд нэр дэвших болзол хангасан эрхмүүд өнөөдөр СЕХ-ноос үнэмлэхээ гардаж авна. Нэр дэвшигчдийн дунд тамирчин, дуучин, лам, иргэний хөдөлгөөний "шантаажчин” тэмцэгчдээс эхлээд олон төрлийн мэргэжилтэй хүн бий. АН-аас олимпын аварга Н.Түвшинбаяр, дуучин Г.Эрдэнэтунгалаг, МАН-аас яруу найрагч Г.Мөнхцэцэг, хөтлөгч П.Анужин, аварга А.Сүхбат, МАХН-аас паралимпын аварга Д.Баатаржав, бие даагчдын дунд дуучин М.Нарантуяа, С.Жавхлан гээд л жагсаалт хөвөрнө.
Тэдний нэр сонсогдох бүрт л "Чаддаг чаддагаа хийгээд яв, эд одоо юу вэ. УИХ-ын танхим бөхийн дэвжээ, дуучдын тайз боллоо” гэх мэтээр ам уралдан шүүмжилсэн, шоолсон. Одоо ч иймэрхүү сэтгэгдэл үргэлжилсээр, зарим тэднийг сонгоод УИХ-ын гишүүн болгочихсон. Уг нь чадамжтай төр, чадварлаг түшээдтэй байх, эсэхийг сонгогч бид л шийднэ.
ХУРУУ БИШ, ХОШУУ НЭМЭГЧИД
Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын насанд хүрсэн, сэтгэц нь эрүүл, эрхээ хуулиар хасуулснаас бусад бүх иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Тэгэхээр нам, эвслүүд хоорондоо тохиролцоо, наймаа хийгээд хэнийг ч нэр дэвшүүлж болно. Өөртөө итгэлтэй хэн ч бие даан нэр дэвших эрхтэй. Гагцхүү сонгогч бид л тэднийг журманд нь оруулж, байранд нь тавьж чадна.
Өөрөөр хэлбэл, хэн нь төр түшилцэх хэмжээний тулхтай, туршлага, мэдлэгтэй вэ гэдгийг бидний сонголт шийднэ. Гэтэл энэ том, чухал эрхээ эдлэхээс түвэгшээж, "Улс төр, сонгууль надад ямар хамаатай юм, тэгээд ч санал өгсөн хүн маань гардаг биш” гэсэн хайнга байдлаар залуус хандах болсон. Сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчдын ирц буурч буй нь үүний баталгаа. Ирц 1992 онд 95.6 хувь байсан бол 2000 онд 82.4, 2008 онд 76.4, 2012 онд 67.2 хувь болж буурчээ.
Улс төрийн сонгох эрхээ эдлэхээс татгалзсан атлаа дараа нь "Муусайн 76 мангуу, луйварчид. Улс орныг минь зарж идээд дуусгалаа” хэмээн нийгмийн сүлжээгээр худлаа баахан цээжээ дэлдэнэ. Компьютерын араас бичиж буйг нь харвал чухам мэргэн шүүгч, цэцэн ухаантан байх аж. Хуруу биш, хошуу нэмдэг сонгогчид гэсэн үг. Хэрэв тэд сонгуульдаа оролцож, зөв сонголт хийсэн бол төр өнөөдрийнхөөс тунгалаг, түшээд нь сул биш байж болох байсан. Энэ талаар бодож үзсэн "шүүмжлэгч” хэр олон бол.
Сонгогчдын оролцоо ийм байдлаар үргэлжилбэл, залуус хайнга ханддагаа болихгүй бол энэ удаагийн сонгуулийн ирц хүрэхгүй ч байж мэдэх нь. Сонгогчдын ирц 51 хувиас дээш байж сонгууль хүчинтэй болдог. Уг сонгуулийг 16.4 тэрбум төгрөгөөр зохион байгуулна.
Энэ бол маш их мөнгө. Арын албанд олон хүн нойр хоолоо хасан ажиллана. Хэрэв ирц хүрэхгүй бол энэ бүх ажил талаар болж, татвар төлөгчдийн мөнгө салхинд хийснэ гэсэн үг. Дахиад л мөнгө урсана. Тэгмэгц өнөө шүүмжлэгчид "Хайран мөнгө дэмий үрэн таран хийлээ, хэдэн ч цэцэрлэг, сургууль барих төсөв” гээд цэцэрхээд эхлэх нь мэдээж.
Төсвийн мөнгийг дэмий үрэхгүй, шинэ парламент хүлээн зөвшөөрөгдсөн түшээдээс бүрдээсэй гэж хүсэж л байгаа бол компьютерынхоо араас босоод сонгуулийн хэсгийн хороондоо очоорой, залуус аа. Бүгд оролцож, зөв сонголт хийвэл шүүмжлээд байгаа дуучин, бөх, лам биш, мэргэшсэн эдийн засагч, хуульч эрхмүүдийг УИХ-д илгээж чадна.
Бас "цоорхой” гарч, будлиан үүсгэх боломж олгохгүй. Хэрэв та сонгох эрхээ эдлэхээс татгалзвал өмнөөс тань "хэн нэгэн” сонголт хийчихэж мэднэ. Хаяг дээр нь байхгүй хүн нэмсэн, нас барсан хүн санал өгсөн гэх мэт будлиан саналаа өгөхөөс залхуурсан, идэвхгүй хандсан хүмүүсийн орон зайн дээр л гардаг болов уу.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.
Сэтгэгдэл