Нэг зуун далан найм. Энэ бол сүүлийн гурван жил зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн тоо. 2016 он гарсаар зургаан сарын дотор 29 хүүхэд зам тээврийн осолд өртөж, харамсалтайгаар амиа алдсан байна.
Ердөө л 2.6 жилийн хугацаанд 178 айл хагацал үзжээ. Зөвхөн зам тээврийн ослын улмаас шүү.
Өглөө хичээлдээ явах гээд цүнхээ үүрээд гарсан хүүхэд хэдхэн хормын дараа замын голд амьсгал хураасан хэвтэж байх. Хичээлдээ онц авсан дэвтрүүд, зурагт ном нь замаар нэг тарчихсан, цүнх, өмсч явсан гутал нь тээр хол шидэгдчихсэн, дайрсан машины цонх нь дотогшоо цөмөрч, хамар, куперний төмөр нь тэр чигтээ хонхойчихсон сэтгэл эмзэглэм дүр зураг харагдах. Машинд дайруулж амь насаа алдсан охины ээж "Тэр жаахан бие нь машинд дайруулчихаад яаж өвдөж, шаналж байсан бол. Охины минь бүх яс хугарч, үйрээд тархи нь бяцарчихсан байсан. Амьсгал хурааж байхдаа яаж зовсон бол гэж бодохоор гол зураад хэцүү байдаг. Хүүхдээ сургуульд нь хүргээд өгөх минь яалаа даа гэж дандаа харамсч, өөрийгөө зүхэж сууна. Аав нь ч ялгаагүй. Охиноо бурхан болсноос хойш манай гэрт аз жаргал, инээд гэж байхаа больсон. Би гэртээ өдөржин уйлж суугаад, нөхөр архи уугаад явдаг болсон доо” гэж ярьж байсан. Мөн Баянзүрх дүүрэгт нэгэн харамсалтай осол хоёр жилийн өмнө гарч байсан. Замын эсрэг талд явж байсан ангийн найзууд руугаа гүйж явсан хүү машинд мөргүүлж амиа алдсан байдаг. Хүү найзуудынхаа нүдэн дээр машинд хүчтэй мөргүүлээд хол шидэгдэж амиа алдсан юм. Энэ мэт олон баримт хэлж болохоор байна.
2246. Энэ бол хоёр жилийн хугацаанд автомашины осолд өртсөн хүүхдийн тоо. Жилд мянга гаруй хүүхэд зам тээврийн осолд өртдөг юм байна. Хэдийгээр амь насаа алдаагүй ч байнгын хэвтэрт орсон, хөлгүй, гаргүй болсон олон хүүхэд байгаа аж. Бүр тархиндаа хүнд гэмтэл авч, сэтгэцийн өөрчлөлттэй болсон хүүхэд олон байгааг ГССҮТ-ийн эмч нар хэлж байна лээ. Хүүхдүүд юунаас болоод авто тээврийн осолд өртөж, амь насаа алдаад байна вэ. Энэ асуултын хариултыг холбогдох албаныхан маш амархан өгөх аж. "Улаанбаатар хотод автомашины тоо сүүлийн жилүүдэд хэд дахин нэмэгдсэн. Үүнээс болоод авто тээврийн осол эндэгдэл буурахгүй байна. Түүнээс хүүхэд авто тээврийн осолд орохоос урьдчилан сэргийлж олон ажил хийж байгаа. Үр дүнгээ ч өгсөн” гэх хариултыг өгөх ажээ.
"БАТЛАГДСАН ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА”
Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Амаржаргалаас хүүхдүүд юунаас болж автомашины осолд өртөөд байгаа талаар тодрууллаа.
-Хүүхдүүд юунаас болоод автомашины осолд өртөөд байна. Энэ талаар Замын цагдаагийн газраас судалгаа хийж үзсэн үү?
-Хүүхдүүд автомашины осолд орох, амь насаа алдах тоо буурахгүй байна. Хүүхэд гэр, сургуулийн хооронд явж байхдаа аваарт өртөж байна. Мөн томчуудын анхаарал болгоомжгүй байдлаас ихэнх осол гарч байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд 0-10 насны хүүхдийг асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын албан тушаалтан харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. Хэрэв хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулбал асран хамгаалагчид хариуцлага тооцохоор заасан байдаг. Гэтэл өнөөдөр дээрх хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хүүхдээ харгалзах том хүнгүйгээр явуулдаг. Үүнээс болоод ослууд ар араасаа гараад байна. Таны хүүхдийг та л хамгаалахгүй юм бол хэн ч хамгаалж чадахгүй гэдгийг эцэг, эхчүүд ойлгохгүй байна. Хүүхэд нь осолд өртөж байж л ухаардаг. Энэ тогтолцоог үгүй хийх гэж хичээж байна. Замын цагдаагийн газраас хүүхэд автомашины ослоос урьдчилан сэргийлсэн олон ажлыг хийж байгаа. Гэхдээ энэ бол дан ганц Замын цагдаагийн газрын хийдэг ажил биш. Холбогдох яам тамгын газар, ТББ-ууд болоод эцэг, эхчүүд хамтран ажиллах ёстой. Нэг хүүхэд зам тээврийн осолд өртлөө гэхэд бүгд хэдэн талаас шинжилж үзээд юу нөлөөлж энэ хүүхэд машинд мөргүүлсэн бэ гэдгийг тогтоох, үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Үүний дагуу ажиллаж хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх учиртай.
-Жолооч нар хүүхэд дайрч байгаа шалтгаан юу вэ?
-Жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо ямар ч анхаарал болгоомжгүй оролцож байна. Бага насны хүүхэд олон байгаа газраар явахдаа хурдаа сааруулдаггүй. Хүүхэд аль нэг газраас гэнэтхэн гараад ирнэ гэдгийг огт тооцоолохгүй явдаг. Ингээд гэнэтхэн хүүхэд урдуур нь орж ирээд мөргүүлдэг. Жолооч нар ч гэсэн өөрсдөө аав, ээжүүд. Таны хүүхэд ч гэсэн замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа. Иймд хурдаа тохируулж явах хэрэгтэй гэв.
ХОЛБОГДОХ ГАЗРУУДЫН ГАЗРУУДЫН АЛДАА БУЮУ ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ БАЙГААГ ОГТ ТООДОГГҮЙ
Монголд хүүхдийн эрх ашгийг хамгаалсан 200 гаруй байгууллага байдаг ажээ. Дурдвал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар, аймаг, дүүрэг сумдын гэр бүл хөгжлийн төв гээд улсын байгууллага, Хүүхдийн эрх ашгийг хамгаалах төв гээд хувийн маш олон хүүхдийн төлөөх байгууллага байх аж. Гэвч өнөөдөр хүүхэд зам тээврийн осолд өртөж, жилд 112 хүүхэд амиа алдаж, мянга гаруй хүүхэд осол аваарт өртөж байгааг хэн ч, ямар ч албан тушаалтан юман чинээ тоодоггүй бололтой. Тэд гадны аль нэг байгууллагаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд, гэр оронгүй хүүхэд, асрах газар гээд цөөн хэдэн газарт л тодорхой хэмжээний ажлуудыг хийдэг байна. Харин хүүхэд амь насаа алдаж байгааг авто ослын талаар судалгаа шинжилгээ хийдэг нэг ч байгууллага байдаггүй ажээ. Мөн энэ чиглэлээр мэргэшсэн хуульч ч байхгүй байна лээ. Хүүхдийн төлөө үндэсний газраас хүүхэд осолд өртөж амь насаа алдах тоо яагаад буурахгүй байгаа талаар асууж, энэ талаар ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл байна уу гэхээр "Хариуцсан ганцхан мэргэжилтэн байгаа. Тэр хүн хөдөө явчихсан. Энэ талаар өөр мэдэх хүн байхгүй” гэх хариулт өгч байв. Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийнхөнд ч энэ талаар мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Яам, холбогдох тамгын газар, төв энэ талаар огт ажил хийж байгаагүй гэдгийг Замын цагдаагийн газрынхан онцолж байна лээ. Эх сурвалжийн хэлж буйгаар "Хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдаж байгаа нь бидэнд огт хамаагүй” гэх утга бүхий зүйлсийг хэлдэг гэсэн. Уг нь сургууль орчимд авто осол гарч байгаа бол Нийслэлийн боловсролын газар, сурагчдын холбоо хамтраад ажиллах ёстой аж. Энэ сургуулийн тэр хавьд хүүхэд автомашины осолд өртөх аюул маш өндөр гээд анхааруулга тэмдэг болоод гэрлэн дохио, явган хүний гарц хийж, эцэг, эхүүдийн төлөөллийг зогсоох ёстой байдаг. Гэтэл энэ талаар хийсэн тодорхой ажил огт байхгүй аж. Мөн эцэг, эхчүүдийн буруугаас болж хүүхэд осолд өртөж байгааг Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийнхөн анхаарч ажиллах хэрэгтэй аж. Харин жолооч нарын буруугаас болж гарч буй ослуудыг Замын цагдаагийн газар анхаарч ажиллах ёстой. Гэвч төрийн байгууллагууд энэ дээр огт анхаарал хандуулахгүй байгаагаас болж хүүхдүүд зам дээр "хядуулж”, хэдэн зуугаараа амь насаа алдаж байна.
ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН АЛДАА
Эцэг, эхчүүд хүүхдээ харгалзах хүнгүй дэлгүүр рүү хүнс авахуулахаар, эсвэл хичээлд нь ганцааранг нь явуулчихдаг. "Манай хүүхэд ганцаараа яваад сурчихсан юм. Би арван нас хүрэх гэж байхдаа ганцаараа явдаг байсан” хэмээн сайрхана. Тэгсэн мөртлөө энэ гудамжнаас гэнэтхэн машин гараад ирдэг юм. Энэ замаар гарч болохгүй. Машин байнга хурдтай явдаг. Явган хүний замтай, гэрлэн дохиотой газраар зам хөндлөн гарч бай. Зам хөндлөн гарахдаа гүйж болохгүй. Хоёр талаа сайн харж байгаад гараа алдалж гарах ёстой. Мөн нэгдүгээр эгнээний машин зогсож зам тавьж өгсөн ч гэсэн хоёр, гуравдугаар эгнээгээр явж байгаа машин дайрах аюултай. Машин ирж байвал өнгөрөөж гар. Зам хөндлөн гарахдаа яарч тэвдэж, гүйж огт болохгүй гээд наад захын энгийн жишээг тайлбарлаж өгөхгүй. Тэгсэн мөртлөө есөн настай хүүхдээ дүүгээ цэцэрлэгт нь хүргээд өг” гээд явуулчихдаг. Үүнээс болоод өнгөрсөн лхагва гаригт нэг айлын хоёр хүүхэд машинд дайруулж, хүнд гэмтсэн юм. Хүүхдүүд зам хөндлөн гарахдаа ирж байгаа машины хурдыг тооцоолон бодож чаддаггүйн улмаас машины урдуур дүүгээ дагуулж гүйгээд мөргүүлжээ. Эцэг, эхчүүд хэнэггүй байдлаасаа болоод нялх үрсээ харамсалтайгаар алдах, насан туршдаа сэтгэлийн зовлон гунигтай явах хувь тавилан хүлээж байгаа юм.
Дайн байлдаантай улс оронд ч амь насаа алдаж байгаа хүүхдийн тоо хэмжээ хязгаартай байна. Гэтэл бид энх амгалан аж төрж байгаа мөртлөө үр хүүхдээ хайр найргүй хядуулж байна. Та бидний хойч ирээдүй болсон танхилхан үрс минь хэнэггүй эцэг эх, дур зоргоороо дүрэмгүй мэт аашилж хааз нэмэн давхисан жолооч нарт мянгаараа хядуулж, хэдэн зуугаараа амь насаа алдах ёстой юу. Салхи татуулан давхих автомашинд бидний ирээдүй болсон хүүхдүүд өөдөсхөн биеэ "тас татуулж”, цардмал зам дээр бүлээн цус нь тунарч, сүүлчийн амьсгалаа татах хувь тавилантай юм гэж үү.
Биенээс нь бие болон ургасан алаг үрээсээ хагацсан ээжийн нулимс, ангаахай бяцхан хүү, охиноо харамсалтайгаар алдах аавын гунигт эмзэглэл, өөрсдийгөө насан туршдаа буруутгах зовлонт гашуун амьдралыг Монголын олон мянган гэр бүл амссаар байх уу. Зам дээрх хүүхдүүдийг минь дайрч хядсан их хядлага хэзээ зогсох вэ.
Автомашинд мөргүүлж гэмтэл аваад хөлөндөө том хадаас нэвт өрөмдүүлсэн олон хүүхэд эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналж, тарчилж хэвтэж байна шүү дээ. Тэд амьдрах гэж, амьд байх гэж үхэлтэй тэмцэлдэж байна. Харин томчууд бид тэднийг ингэж тамалж, ингэж хядахгүй байж чадна.
Сэтгэгдэл