Нэр дэвшигчид тодорлоо. Дуучин, жүжигчин, барилгачин, барималчин, бизнесмен, тамирчин, сэтгүүлч, санхүүч гээд зүсэн зүйлийн мэргэжил мэдлэгтэй хүмүүсийн бөөгнөрөл бүхий нэр дэвшигчдийн урт цуваа цахим орчинд хөвөрч байна. Тэд бүгд ард түмнээ сайн сайхан амьдруулах “мөрөөдөл” бүхий мөрийн хөтөлбөр боловсруулсан байх. Мэдээж ард түмэн ч гэсэн өөрсдийн наад захын хэрэгцээ болох санхүүгийн тогтвортой байдал буюу эдийн засгийн эрх чөлөөг хүсэж байна.
Үнэндээ нэр дэвшигчдийн туйлын хүсэл бол ард түмний итгэл дээр дөрөөлөн өөрсдөө эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх. Маргаангүй, маргах хэрэггүй үнэн бол энэ. Үүний жишээ бол ЖДҮ-чин, концессчдын уртаас урт цуваа. Цаашид ч энэ цуваа үргэлжилнэ. Хургандаа цадаагүй бол төлөг болтлоо майлдаг гэдэг шиг. Хэзээ ч цадахгүй, цадсан ч сэтгэл нь цадахгүй ховдог шунахайн дээд нь болчихдог гэсэн үг. Тэд бол эрхэлдэг бизнесгүй ч өдрөөс өдөрт бэл бэнчин нь нэмэгдсээр байгаа хэсэг. Тэгвэл тэднээс хэрхэн салах вэ? Хургандаа цадсан хэсгийг сонгох.....
Тодотгон хэлбэл нэгэнт санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, бизнесийн салбарт хөлөө олсон хэсэгт итгэл хүлээлгэж, боломж олгох. Тэд бол хөдөлмөрлөж бүтээсэн түүхтэй, салбартаа хийсэн бүтээсэн зүйлтэй, өөрсдийн бизнесээ хөл дээр нь босгосон хэсэг. Хөдөлмөрлөх, бүтээн босгох туршлагатай. Мэдээж санхүүгийн хувьд хараат бус хүмүүс гадаад хүчин зүйлст төвлөрч бухимдалгүйгээр өөрийнхөө л боломж бололцоог шавхтал нь ашиглаж, эрж хайж, хийж бүтээнэ гэсэн үг юм.
О.Гэрэл
Эх сурвалж: Olloo.mn
Сэтгэгдэл