-160 долларын сэтгүүлийн жинхэнэ эзэн хэн бэ?-
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
"...Олон
улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй
сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий
танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тарааж байсан. Сэтгүүлээ өндөр үнээр
зарж борлуулж байсан "Хүннү лорд” хэмээх хувийн компанид зөвшөөрөл
олгосон ЗТЯ-ны холбогдох албан тушаалтан, Нисэх буудлын дарга, Хилийн
цэргийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл
арга хэмжээ авна”.
"Хүннү Лорд” компанийн захирал Ч.Баттөмөр
"...
Шалгах газар нь шалгаж байгаа. Манай байгууллага тэр яриад байгаа 160
ам.долларын нэг ч ширхэг сэтгүүл худалдаагүй. Хилээр нэвтрэхэд зүгээр
нэг Нарантуул зах шиг орчихгүй цагдаа, гааль гээд бүх газрын зөвшөөрлийг
авдаг. Тэр бүх зөвшөөрөл нь ч байгаа. ТӨХ-оос хоёр метр квадрат газрын
эрхийг манайд олгосон. Ерөнхий сайдын мэдэгдлийн хувьд манай ажилтан
анхны өдрөө ажиллаж байсан учраас танилцуулга буруу хийснээс үл
ойлголцол үүссэн байна лээ”
ЗТЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Мөнхнасан
"...Чингис
хаан олон улсын нисэх буудлын хяналтын бүсэд худалдаа эрхлэх зөвшөөрөл
олгох асуудал Зам тээврийн яаманд хамааралгүй. Зам тээврийн яам Иргэний
нисэхийн дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж, ямар нэгэн заавар чиглэл,
зөвшөөрөл олгодог байгууллага биш. Зөвхөн бодлогын хүрээнд ажилладаг”
Засгийн
газрын нэрийг барьж, "Чингис хаан” олон улсын нисэх буудлын хилийн
хяналтын бүсэд 160 ам.доллараар зарагдаж байсан "Хүннү Лорд” компанийн
"Access” сэтгүүлийн хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байна. Өөрөөр
хэлбэл, гадаадаас ирсэн жуулчдад энэ сэтгүүлийг авахгүй бол хилээр
нэвтрэхгүй гэх маягтайгаар ойлгуулж, Монгол Улсад нэвтрэх хоёр дахь виз
болгосон энэ бизнесийн цаана хэн байгаа нь олны анхаарлыг татаад буй.
Тэгвэл 160 ам.долларын сэтгүүлийн асуудал дэгдсэнээс хойш зарим
мэдээллийн хэрэгслээр дээрх "хэргийн” эзэн нь буюу "Хүннү Лорд”
компанийн ард Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү байгаа гэсэн мэдээлэл
гарах болов. Бид энэ талаар Н.Төмөрхүүгээс тодруулахаар холбогдсон
боловч тодорхой хариу, тайлбар өгсөнгүй.
Зууны мэдээ
Сэтгэгдэл