Энэ жил АНУ-ын 59 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж эцсийн байдлаар 12 дугаар сарын 14-нд ерөнхийлөгчийг сонгох сонгогчийн коллегийн гишүүдийн саналаар ерөнхийлөгч тодорно. АНУ-ыг 1850-иад оноос хойш хоёр намын системтэй гэж тодорхойлдог боловч үнэндээ 1980-аад оноос гарч ирсэн хамгийн том гуравдагч хүчин болох Либератари нам, Үндсэн хуулийн нам, Ногоон нам зэрэг олон намтай. Тэдгээр намууд болон бие даагч нараас хэдэн ч хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох ч гол хоёр намын нэр дэвшигчийн хооронд л өрсөлдөөн болдог. Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог нь дэд ерөнхийлөгчөө хамт сонгодог юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үе шатууд
I шат: Сонгуулийн жилийн 2 дугаар сараас 6 дугаар сарыг хүртэл муж улс бүр ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах анхдагч сонгууль эсвэл сонгуулийн сунгааг зохион байгуулна. Анхдагч сонгууль муж улс даяар болдог бол сонгуулийн сунгаа зөвхөн намын гишүүдийн дунд явагдана. Анхдагч сонгуульд ихэнх муж улс бүх нийтийг хамруулдаг бол зарим цөөн муж улс зөвхөн намын бүртгэлтэй хүмүүсийн дунд сонгууль явуулдаг. Тухайн үеийн ерөнхийлөгч нэр хүндтэй нэгэн байгаад, дахин нэр дэвшихээр болвол тэр нам анхдагч сонгуулийг зохион байгуулахгүй, түүнийг ялсан гэж үздэг бичигдээгүй хууль үйлчилдэг.
II шат: 7, 8 дугаар сарын үед хоёр том намын үндэсний их хурал хуралдах ба энэ хурлаас албан ёсоор анхдагч сонгуульд ялсан нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр зарлана. Ерөнхийлөгчид нэр дэвшигч өөрийн дэд ерөнхийлөгчөөр ажиллах хүнээ мөн зарлана. Энэ удаагийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Д.Трамп дэд ерөнхийлөгч Майк Пенсийн хамт оролцох бол Ардчилсан намаас нэр дэвшихээр байгаа Ж.Байден өөрийн дэд ерөнхийлөгч нь эмэгтэй хүн байна хэмээн зарласан нь иргэдийн дунд хэн байж болох вэ гэдэг таамагийг өрнүүлээд байна. Үүнээс хойш улс орон даяар сонгуулийн кампанит ажил өрнөж, хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүд явагдана.
III шат: 11 дүгээр сарын эхний мягмар гарагт сонгууль болж иргэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн төлөө саналаа өгнө. Гэхдээ энэ нь шууд ерөнхийлөгчийг сонгож, сонгууль дуусч байна гэсэн үг биш. Үнэндээ иргэд саналын хуудас дээр ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгож дугуйлж байгаа боловч цаанаа тухайн муж улсынхаа Сонгогчийн коллегийн гишүүдийн тоог ерөнхийлөгчид нэр дэвшигчид өгч буй юм. Муж улс бүр хүн амынхаа тооноос хамааран харилцан адилгүй сонгогчийн коллегийн гишүүнтэй байдаг. Олон хүн амтай муж улс олон гишүүнтэй байх бол цөөн хүн амтай муж улс цөөхөн гишүүнтэй байна. Өөрөөр хэлбэл Илиной муж улсад Ж.Байден олонхийн санал авч ялвал тус муж улсын сонгогчийн коллегийн гишүүд болох 20 гишүүний саналыг автоматаар Ж.Байден авна. Харин Индиана муж улсад Д.Трамп олонхийн санал авч ялвал тус муж улсын сонгогчийн коллегийн гишүүд болох 11 хүний санал автоматаар Д.Трампд очно. Муж улс бүрд иргэдийн санал асуулгаар олонх болсон намд л тухайн муж улсын сонгогчийн коллегийн гишүүдийн санал автоматаар очдог ба коллегийн гишүүд иргэдийн саналаас зөрж өөр намын нэр дэвшигчид санал өгөх эрхгүй. Жишээ нь: Алабама, Айдахо мужид Д.Трамп олонхийн санал авч, Коннектикат, Орегон мужид Ж.Байден олонхийн санал авсан тохиолдолд Ж.Байден олон саналтай байна. Учир нь: Алабама-9, Айдахо-4 коллегийн сонгогчтой харин Коннектикат-7, Орегон-7 коллегийн сонгогчтой тул 1 сонгогчийн илүүгээр Ж.Байден ялах юм. Муж улс бүрт оногдох сонгогчийн коллегийн гишүүдийн тоог доорх хүснэгтээс харна уу.
Муж улс | Коллегийн гишүүний тоо | Муж улс | Коллегийн гишүүний тоо | Муж улс | Коллегийн гишүүний тоо |
Aлабама | 9 | Луизиана | 8 | Охайо | 18 |
Aляска | 3 | Мэйн | 4 | Oклахома | 7 |
Aризона | 11 | Mэриланд | 10 | Oрегон | 7 |
Aрканзас | 6 | Mассачусетс | 11 | Пеннсильвани | 20 |
Калифорни | 55 | Mишиган | 16 | Род-Айланд | 4 |
Колорадо | 9 | Mиннесота | 10 | Өмнөд Каролина | 9 |
Коннектикат | 7 | Mиссисипи | 6 | Өмнөд Дакота | 3 |
Делавэр | 3 | Mизури | 10 | Tэннеси | 11 |
Флорида | 29 | Mонтана | 3 | Texас | 38 |
Жоржиа | 16 | Небраска | 5 | Юта | 6 |
Хавайи | 4 | Невада | 6 | Вермонт | 3 |
Айдахо | 4 | Нью-Хэмпшир | 4 | Виржиниа | 13 |
Иллиной | 20 | Нью-Жерси | 14 | Вашингтон (муж) | 12 |
Индиана | 11 | Нью-Мексико | 5 | Өрнөд Виржиниа | 5 |
Айова | 6 | Нью-Йорк | 29 | Висконсин | 10 |
Канзас | 6 | Умард Каролина | 15 | Вайоминг | 3 |
Кентакки | 8 | Умард Дакота | 3 | Колумби тойрог (Вашингтон хот) | 3 |
IV шат: Ингээд энэхүү сонгогчийн коллегийн гишүүдийн саналын дүн 12 дугаар сарын 14-нд гарч нийт 538 гишүүнээс 270 болон түүнээс дээш санал авахад АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоно. (1)
АНУ-ын нийт 50 муж улсаас баруун зүүн хоёр эргийн мужууд ерөнхийдөө цэнхэр буюу Ардчилсан намын дэмжигчид давамгайлсан мужууд ба харин төвийн хэсгийн мужууд улаан буюу Бүгд Найрамдах намын дэмжигчид давамгайлж байдаг. Иймээс намууд ялах боломжгүй мужууд (solid states) руу хөрөнгө оруулалт хийж, кампанит ажил өрнүүлдэггүй. Харин магадлалтай мужууд (leaning states) болон “савлуур мужууд” буюу гол тулаан өрнөдөг зургаан муж (six battleground states) болох Аризона, Флорида, Мишиган, Умард Каролина, Пенсильвани, Висконсин –д ихээхэн анхаарал хандуулдаг. Мөн салхи эргүүлж болзошгүй мужууд (toss-up states) байдаг ба энэ сонгуулийн хувьд Небраска-2, Охайо, Texас, Аризона мужууд энэ ангилалд багтаж анхаарал татаж байна.
Сонгуулийн одоогийн явц
7 дугаар сарын 13-16-ны хооронд Ардчилсан намын үндэсний их хурал, 8 дугаар сарын 24-27-ны хооронд Бүгд Найрамдах намын их хурал болж түүнээс албан ёсоор ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх товтой. Гэхдээ одоогийн байдлаар уламжлал ёсоор хоёр том намын төлөөлөлийн хооронд гол өрсөлдөөн болж ерөнхийлөгч Д.Трамптай Ардчилсан намын Ж.Байден өрсөлдөх нь бараг тодорхой болоод байна.
New York Times/Siena коллежийн 6 дугаар сарын 8-18-ны хооронд 3870 сонгогчийн дунд явуулсан судалгаагаар 2016 онд Д.Трамп ялалт байгуулсан дээрх 6 гол мужид Ж.Байден 6-11 хувиар илүү явж байна.(2) (Судалгаа 1)
Харин Change Research/CNBC –н 6 дугаар сарын 26-28-ны хооронд хийсэн судалгаагаар гол 6 мужид Ж.Байден 5-8 хувиар илүү байна. (Судалгаа 2)
Сонгуулийн сунгаа эхлэх үед нилээд өндөр байсан Д.Трампын рейтинг 4 дүгээр сарын эхэн буюу коронавирусын халдвар дэгдэж эхэлсэн үеэс унаж одоо Ж.Байденээс үндэсний хэмжээнд 8 хувийн саналаар доогуур байна. (3)
Financial Times-ийн 7 дугаар сарын 07-ны судалгаагаар Ж.Байден Ардчилсан намын дэмжигчид давамгайлсан муж улсуудын (solid states) сонгогчийн коллегийн 198 гишүүний, Ардчилсан нам ялах магадлалтай муж улсуудын (leaning states) сонгогчийн коллегийн 109 гишүүний санал авч нийт 307 гишүүний саналаар ялах магадлалтай байгаа бол ерөнхийлөгч Д.Трамп Бүгд Найрамдах намын дэмжигчид давамгайлсан муж улсуудын сонгогчийн коллегийн 115 гишүүний, Бүгд Найрамдах нам ялах магадлалтай муж улсуудын сонгогчийн коллегийн 33 гишүүний санал авч нийт 148 саналаар ялагдах магадлалтай байна. (4) (Судалгаа 3)
Трампын рейтинг унах болсон гол шалтгаан нь коронавирусын цар тахалтай хийж буй тэмцэл, халдварын тархалтыг тогтоож чадахгүй, үхлийн тоо нэмэгдсээр байгаа байдал, цар тахалаас шалтгаалсан эдийн засгийн уналт, ажилгүйдлийн өсөлт болон хар арьст залуу Жорж Флойдын үхлээс үүдсэн эсэргүүцлийн жагсаал байлаа.
Мөн 2 долоо хоногийн өмнө Change Research/CNBC –н хийсэн судалгаагаар нийт үндэстэний 57 хувь нь Доналд Трампыг дахин сонгогдох боломжоо олж авахын тулд хөл хорионы дэглэмийг хэт эрт цуцалсан гэж буруутгаж байна.
Гэхдээ сонгууль болтол 4 сар орчмын хугацаа байгаа нь байдал яаж ч өөрчлөгдөж болох хугацаа ба сонгууль 10 дугаар сараас улам ширүүсэх нь тодорхой юм. 2016 оны сонгуулийн үр дүнд ажиглагдсан Брэдли эффэкт энэ удаагийн сонгуульд ажиглагдаж болзошгүйг ч үгүйсгэх аргагүй юм.
Эх сурвалж:
1 https://www.usa.gov/election
2 https://www.nytimes.com/2020/06/25/upshot/poll-2020-biden-battlegrounds.html
3 https://www.changeresearch.com/post/states-of-play-battleground-wave-8
Сэтгэгдэл