Нисэх буудлын даргын төлөөх марафон эхэлжээ


Нисэх буудлын даргын төлөөх марафон эхэлжээОлон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод "Монгол улс руу нэвтрэх хоёр дахь виз” гэсэн утгатай, 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг "Хүннү лорд” ХХК хилийн хяналтын бүсэд борлуулсан асуудал өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх сэтгүүл 36 мянган хувь хэвлэгдсэн гэх мэдээлэл бий.

Гэтэл "Хүннү лорд” ХХК-ийн бизнесийг дэмж гэсэн даалгаварыг "Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдлагуудад Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа өгсөн талаар зарим хэвлэлүүд нийтэлж буй. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Хүннү лорд” хэмээх хувийн компанид зөвшөөрөл олгосон Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтан, Нисэх буудлын дарга, Хилийн цэргийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх арга хэмжээ авахыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасан.

Өчигдөр "Чингис хаан” нисэх буудал дахь Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол үүний дараа нисэх буудлын дарга М.Даваажавыг чөлөөлнө гэжээ. Иймд нисэх буудлын даргын суудлын төлөөх марафон эхэлсэн байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Н.Төмөрхүү Зам тээврийн сайд байхдаа Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-т Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын даргаар томилсон Л.Бямбасүрэнг буудлын даргаар томил гэжээ. Л.Бямбасүрэн нь "Иргэний нисэхийн үндэсний корпораци" аж ахуйн тооцоотой үйлдвэр гэгч байгуулагдаад хоёр ч хонолгүй татан буугдахад тус корпорацийн дэд захирал болж, ИНЕГ-ын одоогийн албаа хүлээлгэж өгөөд, хоёр хоногийн дараа буцаад ирж байсан гэдэг. 

davaajavБид "Чингис хаан” нисэх буудалд юу болоод байгаа талаар М.Даваажавтай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Таныг ажлаас чинь чөлөөлж оронд нь Л.Бямбасүрэнг томилох тухай яригдаж байна. Та болж буй асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Одоогийн байдлаар намайг ажлаа хүлээлгэж өг гэсэн шийдвэр хараахан ирээгүй байна. Би энэ асуудалд өөрийгөө хэлмэгдсэн хүн гэж бодож байгаа. "Хүннү лорд” гэж компани зөвшөөрөл авахдаа ямар ч сэтгүүлтэй холбоотой зүйл яриагүй. Намайг хөдөө орон нутагт байх хооронд буюу нэг сар 7 хоногийн дараа ийм үйлдэл гаргасан байсан.

Би гэхдээ хуулийн дор ажиллаж байгаа хүн учир үнэхээр үндэслэлтэйгээр намайг халах гэж байгаа бол ямар нэг асуудалгүйгээр ажлаа хүлээлгэн өгнө. Харин дараа нь эрх ашгаа хамгаалах болно. Холбогдох газруудаар нь тухайн компанийг шалгуулахаар өгчихсөн байгаа. Би энэ ажилд томилогдоод 9 сар орчим болох гэж байна. Өмнө нь бие даагчид аваад самарчихсан байсан газрыг би эмх цэгцэнд нь оруулах гэж ажиллаж байгаа гэж боддог. 710 хүнтэй байгууллагаас би хоёр л хүнийг дотоод журам зөрчсөн учир ажлаас нь чөлөөлсөн байдаг. Хэрвээ намайг чөлөөлөх үндэслэл нь байвал магадгүй ажилчдын маань дунд санал хурааж болно. Би ажлаа өгөхгүй гэж асуудал гаргахгүй. Төрийн алба цаг нартай учраас би тасалдуулахгүй.

-Таны оронд томилогдох гэж байгаа Л.Бямбасүрэн нь МАН-ын сайдын үед ИНЕГ-т томилогдсон хүн гэж байсан?

-Миний оронд томилогдох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

- Та АН-ын ҮЗХ-ны гишүүн байсан гэж үнэн үү?

-Тиймээ би АН-ын ҮЗХ-ны гишүүн байсан. Төрийн албан хаагч намын харьяалалд байх ёсгүй учир хуулиа дагаж намын гишүүнээсээ түдгэлзсэн.

Н.МЯГМАР

Т.БАТСҮРЭН

 
medee.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.