Нийслэлийн Засаг дарга өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр “Хөдөө орон нутгийн иргэд таксинд явах нэрийдлээр замын түгжрэл үүсгэж байгааг цэгцлэнэ. Үүний ард хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гарч, тэд татвар төлөхгүй, түгжрэлийн гол шалтгаан болж байна” хэмээн мэдэгдсэн нь олныг талцуулсан халуун сэдэв болоод байна.
Тэгвэл энэ талаарх хувиараа такси үйлчилгээнд явж буй жолоочид болон иргэдийн байр суурийг сурвалжиллаа.
Жолооч Б:
-Нийслэлийн Засаг дарга хувираа таксинд явахыг хязгаарлана гэж мэдэгдлээ. Энэ шийдвэр таны бодлоор хэр оновчтой вэ? Таны амьдралд хэрхэн нөлөөлөх бол?
-Хувиараа таксинд явж хоногийн хоолоо залгуулж буй биднийг гэнэт хааж, хорих юм бол аж амьдрал улам л доройтно шүү дээ. Хэрвээ хувийн таксинуудыг ор тас хорих юм бол Улаанбаатарын иргэд яаж хөл залгуулах вэ гэдгийг эрх баригчидэхлээд бодох ёстой. Нийтийн тээвэр хүрэлцээгүй, шаардлага хангахгүй болохоор л иргэд таксинд сууж байгаа. Хүмүүс харин ч такси олдохгүй байна гээд өглөө оройд ажилдаа ирж очихдоо их зүдэрдэг. Эхлээд хотынхоо төвлөрлийг сааруулах тал дээр анхаарч байж түгжрэлийг бууруулна уу гэхээс дан ганц хэдэн машиныг зам дээрээс авч хаялаа гээд шууд түгжрэлгүй болох нь юу л бол. Өөрсдөө зам хаалгаж байгаад явчихдаг дарга нар ард олны амьдралыг яаж мэдэх вэ дээ. Тэгээд л ийм амьдралаас тасарсан юм ярьж явна.
- Хувийн таксинуудыг хорих нь таны бодлоор хэр оновчтой шийдэл вэ?
- Ер нь бол такси энгийн үед ч олдохгүй байна.Бүр байхгүй болчихвол яарч , сандарсан үед хэцүү л байх. Хорилоо гэхэд автобус, нийтийн тээврээ нэмэхгүй бол хүмүүс нь автобусандаа багтахгүй, түгжрээд явахгүй гэх мэт олон асуудал байна. Тэгэхээр такси үйлчилгээ үзүүлдэг албан ёсны компаниудыг хөгжүүлэх хэрэгтэй.
- Нэг талдаа зөв шийдэл ч байж болох юм гэж бодож байна. Орон нутгийн машинууд хотод явахдаа дүрэм зөрчих, чиглэлээ мэдэхгүй байх зэрэг асуудлуудгардаг.Тогтсон такси үйлчилгээ байхгүйгээс хувь хүмүүс ихэвчлэн халтууранд явдаг. Тэгээд “хаашаа явах уу” гэж асуугаад , өөртөө тааруулж хүнээ авдаг энэ байдлыг л засмаар байгаа юм. Тээр харж байнауу монголд такси үйлчилгээ гэж ийм байдлаар л явдаг.
Иргэн: Зам дээр гар өргөж зогссон эмэгтэйгээс ийн яриа авч байтал нэг машин зогсоод нээрээ л “ Хаа хүрэх үү?” гэж асуугаад яваад өгөв.
Иргэн: Буруу шүү дээ. Угаасаа таксины хүрэлцээ хангалтгүй, автобусны хүртээмж хангалтгүй, нийтийн тээврээр ороод үйлчлүүлье гэхээр бохир , тав тух муутай байдгийг бүгд мэдэж байгаа. Хүйтрэхээр такси олдохгүй өчнөөн олон хүн даарч, бээрээд зогсож байна. Ад үзэгдээд байгаа тэдгээр хувь хүмүүс л иргэдийг унаатай залгуулж байгаа санагддаг. Нийтийн тээврээр үйлчлүүлье гэхээр яг цагтаа ирдэггүй, аппликейшныг нь суулгаад харахаар нэг газраа түгжрээд явдаггүй, саяхан сошиалаар яваад байгаа бичлэг шиг ороод суудал сандал булаацалддаг гээд асуудал их байгаа болохоор л хүмүүс такси барьдаг. Тэгэхээр шууд хязгаарлах нь буруу гэж бодож байна.
Ч.БИНДЭРЪЯА
Сэтгэгдэл