Сонгуулийг 50 гаруй улсын 450 ажиглагч ажиллана


2016 оны УИХ болон орон нутгийн ээлжит сонгууль маргааш болно. Тэгвэл СЕХ болон холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн 

Монгол Улсын иргэд сонгогчид маргааш буюу 2016 оны зургаадугаар сарын 29-ний өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгох гэж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг амжилттай зохион байгуулж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгоод байна.Энэ удаагийн сонгуулиар аймаг нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагджээ. Эдгээр сонгуулийн хороонд төрийн жинхэнэ болон үйлчилгээний 20 гаруй мянган албан хаагч ажиллаж байна.

Сонгуулийн санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох гарах гарцыг бэлдэж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан баррель үсэгтэй хавтас хэвлүүллээ. УИХ болон орон нутгийн сонгуулийн үйл явцыг ажиглахаар АНУ, ОХУ, Англи, Канад, Швед, ХБНГУ, Франц, Австрали зэрэг 50 гаруй улс, олон улсын байгууллагын нийлсэн 450 ажиглагч эрхээ аваад байна. Түүнчлэн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20 гаруй сэтгүүлч, дотоодын 51 мэдээллийн хэрэгслийн 413 сэтгүүлч сонгууль сурвалжлах эрхээ аваад байна.

Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий Газрын дарга С.Мэндсайхан

Хуульд заасан графикийн дагуу Улсын Бүртгэлийн төв байгууллага сонгуулийн насны иргэдийн жагсаалтыг гаргалаа.

Өнөөдрийн байдлаар 2016 оны сонгуульд 1,910,878 иргэн үндсэн, 84,237 түр хасав сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Нэмж хэлэхэд, түр хасах тэмдэглэгээтэй байсан иргэдээс сонгуулийн өдөр өөрийн бичиг баримттайгаа ирж, саналаа өгөх бүрэн эрхтэй байгааг мэдэгдье.

Сонгуулийн хуулийн дагуу бүртгэл, шинэчлэлт хийж, өөр газар санал өгөх болсныг дүнгээс харахад Архангай аймагт 1,341 сонгогч, Баянхонгорт 2,261 сонгогч, Увс 3,300, Хөвсгөл 2,985 сонгогч нэмэгдэж ирсэн нь бусад аймгуудтай харьцуулахад өндөр байсан.

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун

НИТХ-ын сонгуультай холбоотой бэлтгэл ажил дууссан. Нийслэлд 924,629 сонгогч саналаа өгнө. Мөн 397 санал авах байр ажиллана. Сонгууль зохион байгууллах ажиллагаанд 3966 төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид ажиллана. Зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагаа хуульд зааснаар өнөөдөр эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 3978 хүн зөөврийн хайрцгаар санал өгнө. Түүнчлэн СЕХ-оос сонгуулийн ирцийн мэдээг 12.00, 17.00, 22.00 цагт мэдээлнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.