МАН-ын дарга М.Энхболд саналаа өглөө


МАН-ын дарга М.Энхболд саналаа өглөө

 

Монголчуудын хувьд өнөөдөр түүхэн сонголт хийх онцгой өдөр тохиож байна. Учир нь улс эх орноо удирдаж, төр түмнээ төлөөлөх төрийн эрх баригчдыг сонгох хариуцлагатай өдөр юм.

Ингээд УИХ-ын 2016 оны сонгуулийн 36 дугаар тойргийн 1-р хэсгийн санал авах байранд МАН-ын дарга Миеэгомбын Энхболд гэргийн хамт морин цагтаа багтан ирж, иргэний үүргээ биелүүлэн сонгуулын саналаа өглөө. Тэрбээр санал авах байрнаас гарч ирсэний дараа сэтгүүлчдэд сэтгэгдэлээ хуваалцсан юм.

М.Энхболд "Юуны өмнө Монгол түмнийхээ иргэд сонгогчдынхоо энэ өдрийн амар амгалан айлтгая. Монгол оронд дэлгэр сайхан зун болж, өнөөдөр хур бороотой сайхан өдөр болж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Монгол Улсын иргэн бүр төрийн эрхийг барих эрхээ эдлэх өдөр өнөөдөр. Энэ өдөр 1460 хоногт иргэд бид бүхэнд олддог нэг л өдөр. Тийм учраас төрийн эрхийг барих эрхээ эдлэхдээ сонгуульдаа идэвхтэй оролцож, эрхээ эдлэх хэрэгтэй шүү. Бас тодорхой хэмжээний үүрэг бий. Тиймээс нийт сонгогчдодоо сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалъя. Хоёрдугаарт СЕХ-ноос санал авах байр хүртэлх 20 гаруй мянган төрийн алба хаагч, хэв журам сахиулж байгаа цагдаа онцгой байдлын байгууллагын албадууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Төр засгаа эмхлэн байгуулах энэ ажлыг ном дүрмийнх нь дагуу явуулж байгаа төрийн албан хаагчдад амжилт хүсье. Сая би биеийн тамирын зааланд орж саналаа өгөөд зогсч байхад нэг зүйл бодогдож байлаа. Өнөөдрөөс яг 14 жилийн өмнө 1992 оны зургадугаар сарын 28-ны өдөр энэ зааланд Хэсгийн хорооны даргаар ажиллаж байжээ. Би Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний дарга байж, миний амьдран сууж байгаа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд хамгийн залуу албан тушаалтай дарга нь би байсан юм шиг байгаа.

Тэгээд намайг Хэсгийн хорооны даргаар томилж, 23 дугаар сургууль дээр сар гаруй ажиллуулж байсан. Манай хэсгийн хороонд АН-ын төлөөлөл, хүний их эмч Анхмаа гэж эмэгтэй ажиллаж байлаа. Ийнхүү төрийн их ажлыг эмхлэж, нэг удаагийн сонгуулийг зохион байгуулж байсан үе минь бодогдлоо. Тийм учраас сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүс эв найртай, хэв журамтай, журмаа сайн мөрдөж ажиллах нь чухал юмаа. Төрийн сонгууль төвшин сайхан болж, түмэн олны оролцоо идэвхтэй өргөн байгаасай гэж хүсэн ерөөе” гэлээ.

Дашрамд дуулгахад 12 цагийн байдлаар дээрх санал авах байранд 480 гаруй иргэн саналаа өгсөн байдалтай байлаа.

О.Сайхан    http://www.zaluu.com/read/7d7baeb4


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.