Сонгогч таны санал хамгийн үнэтэй


Сонгогч таны санал хамгийн үнэтэй

 

Сонгуулийн сурталчилгаа дуусгавар болж, ердийн өдрүүд үргэлжилж байна. Нэр дэвшигчид хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийлээ. Харин одоо сонгогчид бид хариуцлагатай чухал сонголтын өмнө ирээд байна.  

 

Энэ удаа сонгогч Их хурал болон Орон нутгийн хурлын төлөөлөгчдөө зэрэг сонгоно. УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд зэрэг явагдаж байгаа.

 

Бид хэн гэдэг нэр дэвшигчийг сонгож, төрд элчээрээ илгээж, аль намыг парламентад болон орон нутагт олон суудалтай болгон сонгож саналаа өгснөөр ирэх дөрвөн жилийн улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал, хөгжил шийдэгдэнэ.

 

Маргааш сонгогч бидний төрийн эрх барих өдөр. Энэ өдөр дөрвөн жилд ганцхан удаа тохиодог. Төрөө дээдэлсээр ирсэн ард түмний хувьд дээр үеэсээ сонгуульд оролцож, саналаа өгөхдөө хүндэтгэлтэй хандсаар ирсэн билээ, бид. Харин жил ирэх тутам сонгогчдын санал өгөх идэвх буурсаар ирснийг СЕХ онцолдог.

 

Мөн нэр дэвшигчдийн зүгээс сонгогчдын саналыг худалдах хууль бус үйлдэл өмнөх сонгуулиудаар гарч байсан. Энэ удаад дээрх хууль бус үйлдэл давтагдахыг үгүйсгэхгүй. Тиймээс санал худалдан авах гэсэн хууль бус үйлдэлд автахгүй, сонгогчдын өөрийн байр сууринаас сонголтоо хийхийг СЕХ анхааруулж байна.

 

3 саяулаа бидний 2 сая орчим нь энэ удаагийн сонгуулиар төр барилцаж, сонголтоо хийнэ. Сонгуулийн санал хураалтын өдөр бүх нийтээрээ амардаг. УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт маргааш буюу зургадугаар сарын 29-нд орон даяар 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ.

 

Хэвтрийн болон өндөр настай сонгогчдын саналыг гэрт нь очиж авдаг. Тиймээс Сонгуулийн хуулийн дагуу өнөөдрөөс зөөврийн хайрцгаас санал хураах ажиллагааг харьяа сонгуулийн хороод явуулж байгаа. 

 

Шинэ парламентыг бүрдүүлэхэд сонгогч таны санал хамгийн үнэтэй. Сонгуульд саналаа өгч оролцох нь сонгогч та иргэний үүргээ ухамсарлан биелүүлж байгаа үйлдэл. Хэрвээ үүргээ эс биелүүлвэл хүлээх хариуцлагыг ч хуульчилжээ. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Тухайлбал, сонгогчид дор дурьдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд, Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх,

 

Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;

 

  • Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах,
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
  • Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
  • Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

 

Дээр дурьдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.Тиймээс маргааш сонгогч та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцож, харъяа   сонгуулийн санал авах байрандаа очиж хуулийн хугацаанд саналаа өгөөрэй.

 

Сонгогч таны сонголт мэргэн байг.

 

Н.Энх


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.