Сүүлийн жилүүдэд нуруу нугасны өвчлөл ихээр нэмэгдэх болсон. Энэ өвчин даамжирвал суумгай болох аюултай. Нуруу нугасны өвчин гэж юу болох, хэрхэн сэргийлэх, эмчлэх талаарх дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэе.
Нуруу нугасны дискний өөрчлөлт гэж юу вэ?
Нурууны нугалам хооронд цагаан мөгөөрсөн жийргэвч байдаг. Мөгөөрсөн жийргэвчтэй байж нуруу бөгтийх гэдийх зэрэг хөдөлгөөн хийнэ. Гэвч буруу суулт, хэт их ачаалал зэргээс болоод энэ диск урагдаж эхэлдэг. Энэ диск урагдаж эхэлнэ гэдэг нь дискний гадна бүрхүүл урагдаж эхэлнэ гэсэн үг. Урагдахаараа нуруугаар өвдөж эхэлдэг. Ер нь нуруугаар нь өвдөж үзээгүй хүн гэж бараг байдаггүй. Нуруугаар өвдөөд хэдэн жил болсны дараагаар хөл бадайрч хүчтэй өвдөж эхэлдэг. Удаан суух юм уу гэмтэх зэргээс болоод энэ мөгөөрсөн жийргэвч хар болдог. Хар мөгөөрсөн жийргэвч болон цагаан мөгөөрсөн жийргэвч ямар ялгаатай вэ гэхээр цагаан мөгөөрсөн жийргэвч нь цэлцэгнүүр шиг бүтэцтэй ачааллыг шингээж авах чадвартай байдаг. Гэвч хар болно гэдэг нь хатаж хуурайшаад олон хэлтэрхий болоод хуваагдаж байна гэсэн үг. Хатаж хуурайшиж олон хэлтэрхий болсон диск нь ачаалал даах чадваргүй болоод гадна бүрхүүлээ ураад эхэлдэг. Энэ үеэс нуруугаар өвдөж эхэлнэ. Нуруугаар өвдөж байгаад хэсэг хугацааны дараа өвдөлт гайгүй болчихлоо гэж боддог. Энэ нь нуруу эдгээд гайгүй болж байгаа юм биш энэ өөрчлөлтөд бие нь дасчихдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөөр диск суулт өгөөд мэдрэлийг дарж эхэлдэг. Нуруу өвдөж байгаад хөл рүү өвдчихлөө, нэг талыг хөл их хүчтэй өвдөж байна гэдэг нь бүгд нурууны шинж тэмдэг байдаг. Нурууны диск даамжрахаараа ингэж урагдаж цүлхийж, энэ нь шар мэдрэлийг дарахаар өвдөлт улам нэмэгддэг. Цүлхийлт улам нэмэгдэхээр өвдөлт хүчтэй болж цаашлаад саажиж эхэлнэ. Саажаад эхлэх юм бол эмчилгээ сайн хийлгэх шаардлагатай болдог. Саажсан хэвээр яваад байвал дараа эргэж сэргэх боломжгүй болдог. Тийм болохоос өмнө нуруугаар өвдөж байвал, мөн дахин дахин өвдөөд байвал эмнэлэгт ирж яагаад өвдөөд байна, одоо яг ямар байна гэдгээ мэдэж аваад түүнийгээ улам даамжрахаас сэргийлж хамгаалах хэрэгтэй. Нуруу өвдөхөөр бөөр гэж андуурдаг хэрхэн ялгах вэ?
Нуруу өвдөхөөр бөөр өвдөж байна гэж андуурдаг хүмүүс их байдаг
Гэвч бөөрний өвдөлт нурууны өвдөлт хоорондоо ялгаатай байдаг. Нуруу бол ямар нэг байрлалаас хамааралтай өвддөг. Удаан суух юм уу сууж байгаад босох зэрэг хөдөлгөөнөөс хамааралтай өвдөөд зарим үед гайгүй байдаг бол энэ нь нурууны өвдөлт гэсэн үг. Бас бөөрнөөс болж хөл рүү бадайрна гэж байдаггүй. Хэрвээ хөл рүү бадайрч байвал мэдрэл дарагдсанаас болж үүсдэг шинж тэмдэг байгаа. Мөн нурууны өвдөлт нь байнга давтагдаж өвддөг. 3 долоо хоногоос дээш хугацаагаар нуруу өвдсөн бол нурууны диск болон мэдрэлд асуудал байдаг.
Нурууны өвдөлтөөр хэр их хүмүүс эмнэлэгт ханддаг вэ?
Нурууны өвчлөлтэй хүмүүс маш их олширч байна. Хүзүүний өвчин, нурууны өвчин гэдэг нь хүн болгоны мэдрэлийг заавал шалгах шаардлагатай байдаг учир нэг хүн үзэхэд цаг их ордог.
Мэдрэлийн сувгийн нарийсал яагаад үүсдэг вэ?
Нурууны дискний өөрчлөлт гэдэг нь түрүүнд хэлсэнчлэн дискний бүрхүүлийн урагдлыг хэлдэг ба ийм өөрчлөлттэй 10, 20 жил явахаар мэдрэлийн суваг нарийсдаг. Гэвч дискний өөрчлөлт нь нэмэгдэх тусам энэ суваг бага багаар нарийсдаг. Тэгээд нарийссан зайд мэдрэл дарагддаг. Мэдрэл дарагдаад ирэхээрээ өмнө нь нуруугаар өвддөг байсан бол нурууны өвдөлт нь багасаад хөл рүү нь бадайрч өвдөөд алхаж чадахгүй болдог. Мэдрэлийн суваг бага багаар нарийсдаг. Мэдрэлийн суваг нарийссанаар хөлийн хүч сулардаг. Гэсэн хэдий ч 1 км орчим алхаад явж чадаж байвал тохирсон эмчилгээгээ хийлгээд хамгаалаад явж болох ч 100 м, 50 м алхаж явж чадахгүй тохиолдолд мэдрэл чөлөөлөх шаардлагатай болдог. Тийм болохоос нь өмнө тохирсон эмчилгээг хийлгэж өвдөлтгүй байх хэрэгтэй.
Юуг анхаарвал зохистой вэ?
Бид нуруугаа насан туршдаа хамгаалж явах хэрэгтэй. Гэтэл хэт их ачаалал аваад байвал 10, 20 жилийн дотор амархан муудаж болдог. Нуруунд ямар нэг өөрчлөлт гарах юм бол хүний биед мэдэгддэг. Түүнийг даамжруулахгүйн тулд өвдөлт бага байгаа, эрт үед нь үзүүлж эмчилгээ хийлгэж хамгаалах хэрэгтэй.
Эмчилгээний үр дүн
Хагалгаа хийснээр мэдрэлийн сувгийг хуучин хэвэнд нь оруулж мэдрэлийг чөлөөлж өгдөг. Гэвч хагалгаа хийгээд ч үр дүн гарахааргүй нэлээд хүнд болсон тохиолдолд хагалгаа хийх боломжгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд хагалгаа хийгээд хуучин хэвэнд нь оруулах боломжтой байдаг. Эхлээд өвчтөнийхөө шинж тэмдэг, зовиур зэргийг сайн нарийн шалгаж үзэж байж тухайн өвчтөнд тохирсон эмчилгээг нь хийдэг.
Хүзүүний дисктэй хүмүүст зориулсан зөвлөгөө
Сүүлийн үед хүзүүний дискний өвчлөлтэй хүмүүс их болж байна. Хүмүүс ухаалаг утас, компьютер зэргийг олон цагаар хэрэглэж байна. Үүнээс болоод хүзүү толгойгоор нь өвддөг. Хүзүүгээр өвдөөд 1, 2 жил болсны дараагаар гар руу нь дамжиж өвддөг болдог. Мөн толгойн өвдөлт нэмэгдээд шөнө унтаж чадахгүй хэмжээнд хүрдэг. Тэгээд буруу байрлал зэргээс болж хүзүүний диск амархан өөрчлөлтөд ордог. Хүзүүний дискний өөрчлөлттэй болсон тохиолдолд хүзүүний булчин хөгжүүлэх дасгал хийх хэрэгтэй. Гэвч хүзүүний өвдөлт нэмэгдээд гар уруу бадайрч өвдөж байвал болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад гэвэл нугас их хэмжээгээр дарагдаад ирвэл мэдээ алдаад саажиж эхэлдэг. Хэрвээ хүзүүний дискний өвчлөлтэй байвал амьдралын буруу хэвшил зэргийг засах болдог.
Настай хүмүүс их өвддөг энэ юутай холбоотой гээч
Настай хүмүүсийн нуруу их өвддөг ч тэдгээр хүмүүсийн ихэнх нь залуугаасаа өвдсөн байдаг. Залуу байхад нуруугаар өвдөхөөр тухайн үед арга хэмжээ аваагүйгээс болж нас ахиад ирэхээд улам даамжирна. Мөн нас ахиад ирэхээр тэсэхийн аргагүй хүчтэй өвддөг. Тэгэхээр нурууны өвдөлт бол нас ахиад ирэхээр үүсдэг зүйл биш залуугаасаа өвдөж эхлээд нас ахих тусам даамжирдаг байгаа.
Залуу гэлтгүй эртнээс анхаарал тавих хэрэгтэй
Сүүлийн үед суугаа ажил их хийдэг болсон. Мөн алхах цаг ч гэсэн их бага. Ихэнхдээ машинаар нааш цаашаа явчихдаг болсон. Тиймээс суугаа ажил их хийдэг хүний хувьд залуугаасаа нуруу нь өвдөөд эхэлдэг. Өвдсөн хойно нь эмчилнэ гэхээс илүүтэйгээр залуугаасаа амьдралын буруу хэвшлээ засаад, дасгал хөдөлгөөн хийгээд явбал нас ахиад ирэхээр хагалгаа хийлгэх шаардлага гарахгүй. Гэхдээ ямар нэг шинж тэмдэг зовиур илэрвэл яаралтай үзүүлж нуруугаа хамгаалаад явах хэрэгтэй.
Настай хүмүүсийн хугарал /шахагдсан хугарал/ үүсэх шалтгаан
Нуруу гэдэг бол бидний биеийн багана гэсэн үг. Нас ахиад ирэхээр хүний яс сийрэгжээд эхэлдэг ба сийрэгжчихээр жоохон л доргилт авах төдийд ясан дээр цуурал үүсдэг. Жишээ нь явж байгаад хальтраад унахад, хүнд юм өргөхөд, зарим тохиолдолд машинд сууж яваад дослоход цуурал үүсчихдэг. Нурууны ясанд цуурал үүсэхээр нуруугаар маш хүчтэй өвддөг. Нэгэнт цуурчихвал бороолж чадахгүй улам хугараад суугаад байдаг. Ялангуяа сууж байгаад босох, хэвтэж байгаад босох зэрэгт нуруугаар хүчтэй өвдөж байвал цуурал үүссэн байх магадлал өндөр байдаг. Энэ тохиолдолд цаг алдалгүй ирж үзүүлээд улам нэмэгдэхээс нь хамгаалж болдог. Нуруу хугарсан байгаагаа мэдэхгүй яваад байхаар зарим тохиолдолд ясны нэг хэлтэрхий нугас дарах юмуу эсвэл нуруу улам бөгтийгөөд насан туршдаа бөгтөр явах болдог. Багахан доргилт авахад нуруугаар хүчтэй өвдөөд байвал ирж шалгуулах нь зүйтэй байдаг.
Нуруугаа эртнээс яаж хамгаалах
Нуруу эрүүл байна гэдэг маань аз жаргалтай эрүүл амьдралын нэг гол зүйл байгаа. Гэвч нуруу нэгэнт өвдөөд гэмтээд эхэлчихвэл солих аргагүй байдаг. Ер нь нуруунд бага зэрэг зовиур илэрвэл юунаас болоод өвдөөд байна вэ гэдгээ эхлээд мэдэж авах хэрэгтэй. 3 долоо хоногоос дээш өвдсөн тохиолдолд эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Нурууны өвчин нэгэнт даамжраад хүндэрчихвэл удаан хугацаанд зовиуртай явах болдог. Тийм болохоос нь өмнө эмнэлэт үзүүлж зөвлөгөө аваад тохирсон эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Сэтгэгдэл