ҮАБЗ-өөс яагаад TTJVCO ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах чиглэл өгөв? Уг албан тоотод хэд хэдэн ноцтой баримт дурдагдсан байна.
Нэгд, "Эрдэнэс Таван толгой” ХК тус компанитай 2012 онд гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн ба гэрээг удаа дараа сунгаж ирсэн ч ямар шалтгааны улмаас сунгасан шалтгаан, үндэслэл тодорхойгүй /ҮАБЗ албан тушаалын гэмт хэрэг гэж тодорхойлсон/,
Хоёрт, 2012-2014 оны гэрээний хэрэгжилтийг үнэлж дүгнээгүй,
Гуравт, 2015 оны гэрээнд "гэрээний гүйцэтгэлийн гол үзүүлэлтийн оноо 95 хувиас дээш байх” гэж заасан ч 2015 онд 3,7 хувьтай гарсан /гэсэн ч гэрээг сунгасан/,
Дөрөвт, ТУЗ-ийн шийдвэр гараагүй байхад "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлага нь 77 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг 2012 оны дөрөвдүгээр сард TTJVCO ХХК-д худалдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн,
Тавд, "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2013 оны 12 дугаар сард нэмж 47 нэр төрлийн 78,8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг TTJVCO ХХК-д шилжүүлсэн,
Зургаад, гэрээнд 1м3 уулын цулыг олборлох ажлын хөлсийг 4,39 ам.доллар буюу 10,5 мянган төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь Цанхийн баруун хэсгийн олборлолтын үнээс даруй 62,4 хувь өндөр тогтоогдсон /407,3 сая төгрөг хэмнэх боломжоо алдсан/,
Долоод, гэрээг ам.доллараар хийж Монгол улсын төлбөр тооцоог үндэсний валютаар гүйцэтгэх тухай хуулийг тус тус зөрчсөнийг ҮАБЗ-ийн уг албан тоотод цагаан дээр хараар бичжээ.
Гэвч, 2019 оны хоёрдугаар сард тус компанитай байгуулсан гэрээг сунгасан бөгөөд гэрээг сунгасан албан тушаалтан нь "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болж таараад байна.
Тэрээр хоёр жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацаа өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 28-нд дууссан ч төлбөр тооцоог хэлэлцэн багасгаж дахин сунгах санаатай байгаа гэсэн мэдээлэл байна.
Үүний цаана албан тушаалын гэмт хэргийн зүйл заалтыг зөрчсөн болон хувийн ямар ашиг сонирхол нуугдана вэ?!
Дүгнэж хэлбэл, 2019 онд TTJVCO ХХК-ийн гэрээг сунгаж улсад 400 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан асуудал нь "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нартай холбогдож байна.
Иймд иргэн Т.Шаравдорж энэ бүх асуудлыг АТГ-аар шалгуулахаар гомдол гаргажээ.
Сэтгэгдэл