Засгийн эрхийг авахын тулд юу ч хийхээс буцаагүй сонгууль сая болж өнгөрлөө. Ялангуяа АН-ынхан алиа салбадай шиг л аашилсан. Санал хураахаас хэдхэн хоногийн өмнө иргэдийн хувьцааг худалдаж авахаар шийдвэрлэсэн нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсоор хэлээгүй ч нэг хүний саналыг 300 мянгаар худалдаж авах тухай байсан. Гэхдээ монголчууд ходоодоороо сонголт хийдэг цаг ард өнгөрснийг харуулчихсан. За нэгэнт авдгаа аваад сонгодгоо сонгочихсноос хойш олон зүйл нуршаад яахав.
Шийдлийн Засгийн газар нэрээ хамгаалахаар улайрсан бас нэгэн явдал нь Шинжлэх ухааны академийн харьяа Палеонтологи, геологийн хүрээлэн тойрсон асуудал байв. Нэг л өглөө палеонтологичид гудамжинд гарахдаа тулж, буруутнаар нь саарал ордныхон тодорсон юм.
Нэг үгээр Ч.Сайханбилэгийн "ангийнхан” тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа Палеонтологи, геологийн хүрээлэнгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй албан конторын барилга, байгууламжийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлсүгэй гэчихэж. Харин байрны эзэд хаачих тухай Засгийн газрынхан "мартаж” орхижээ. Асуудал үүнээс үүссэн байв.
Зургадугаар сарын 15-ны өглөө хүрээлэнгийн ажилтнууд түр хороо байгуулаад эсэргүүцлийн самбар, хуудас толгой, хүзүүндээ зүүгээд хэвлэлийн хуралд бэлтгээд байсан. Сэтгүүлчид ч цуглараад байтал Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хурал зохион байгуулагчид руу утас цохиж "Асуудлаа түр хойшлуулчих. Тохиролцъё” гэсэн байгаа юм.
Засгийн газар палеонтологичдын бухимдлыг тайлж асуудлыг нь анхааралдаа авснаа дуулгаснаар асуудал түр намжжээ. Ч.Сайханбилэг сонгуулийн өмнө Засгаа хараар будахгүй гэсэндээ тэр. Гэвч харамсалтай нь унаж, шинэ парламент бүрэлдээд, түүний Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох нь тодорхой боллоо.
Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрны асуудал юу болов. Энэ тухай дурдахын өмнө тус хүрээлэн Монгол Улсад ямар хэрэг тустай, ач холбогдолтой болох талаар товчхон өгүүлье. Палеонтологи, геологийн салбар бол Монголыг дэлхийд таниулсан, Монгол одоо ч олон улсад чухал байр суурь эзэлдэг.
Манай улс палеонтологи, геологийн салбараар дэлхийд нэрээ таниулах эх суурь нь 100 орчим жилийн өмнөх Судар бичгийн хүрээлэнгээс тавигдсан түүхтэй.
Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд эхний 20-т жагсдаг Монгол Улс геологийн шинжлэх ухааны онолын цөөнгүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой обьектуудыг олноор агуулдаг.
Зөвхөн манай орны хэмжээнд гэхэд Палео-Азийн, Монгол-агнуурын, палео-тетис зэрэг эртний далайн үүсэл, хувьсал болон хөгжлийн зүй тогтлыг илрүүлэх боломжтой гэж үздэг.
Төв Азийн эртний шим ертөнцийн үүсэл, хөгжлийн түүхийг гэрчлэх палентологийн хосгүй олдворт газрууд оршдогоос гадна олон төрлийн хүдрийн ордоор баялаг Төв-Азийн металлогенийн бүслүүрүүд Монголоор дамжин өнгөрдөг юм байна.
Палеонтологи, геологийн хүрээлэн Монголын геологийн хөгжлийн тулгуур болсон геологийн тогтоц, түүний гарал үүсэл, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалдаг шинжлэх ухааны томоохон салбарын нэг.
ШУА-ийн харьяанд орсон цагаас манай улсын нутаг дэвсгэрт хийгдсэн өргөн хүрээний ажлуудын үр дүнд Монголын болон олон улсын хамтарсан экспедицүүд, эрдэм шинжилгээний хурлууд, олон арван бүтээл туурвисаар байгаа. Манай орны палеонтологи, геологийн судалгааны хамгийн үнэт олдвор, ном, тайлан, зураг хадгалагддаг.
Палеонтологи, геологийн хүрээлэнд геологийн салбар бүхэлдээ, мөн палеонтологийн салбарын урьд кембр-палеозойн судалгааны хэсэг, мезо-кайнозон нуур усны амьтан ургамлын хэсгийн 48 судлаач ажилладаг.
Түүнээс гадна хүрээлэнгийн региональ геологи ба тектоникийн лаборатори, магматизм ба металлогений лаборатори, шлиф хийх, дээж бутлах цехийн геологийн судалгааны багаж төхөөрөмжөөс эхлээд Монгол орны эртний ургамлын сан, сээр нуруугүй амьтдын, геологийн суурь судалгааны боловсруулагдаагүй чулуун дээжийн сан хөмрөг, агуулах зэрэг судалгааны анхдагч болон эталон материал хадгалагддаг.
Ийм хосгүй үнэ цэнэтэй олдвор, улс орны хөгжлийн гол салбарын түүхийг өгүүлсэн хүрээлэнг бууринаас нь хөдөлгөх ямар ч боломжгүйг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа.
Гэтэл бүр нүүлгэн шилжүүлэх байргүй болгочихоод байгаа 270 дугаар тогтоолыг Засгийн газар цуцалсан эсэх талаар "Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооны дарга, доктор Т.Баясгалангаас тодруулахад "Сонгууль болохоос гурав, дөрөв хоногийн өмнө манай ажилтнуудыг Ерөнхий сайд дуудаж уулзсан юм билээ.
"Тогтоолыг эргүүлээд татчихсан. Тиймээс энэ асуудал буцсан” гэсэн хариу өгсөн гэсэн. Тэр Засгийн газар нь буучихлаа. Ямартаа ч шинэ Засгийн газар энэ асуудалд нааштай хандах байх гэж найдаж, ажиглаж байна” гэлээ.
Гэхдээ энэ асуудал цэгцэрсэн, тогтоол цуцлагдсан албан ёсны шийдвэр хүрээлэнд очоогүй байна. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг шинжлэх ухааныг аврах шийдвэрийг баталгаажуулаагүй байна. Тэгвэл одоо шинээр байгуулагдах Засгийн газар шинжлэх ухаандаа хэрхэн хандахыг харах л үлдлээ.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Зууны мэдээ
Сэтгэгдэл