БНСУ-д “COVID-19”-ийн хурдан халдварладаг “Дельта” хувилбар давамгайлан тархах болоод буй нь эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийг коронавирусний тархалтыг сааруулахад улам хүндрэлтэй болгож байна гэж холбогдох албаны төлөөлөгчид даваа гарагт мэдээлжээ.Саяхнаас нийслэл Сөүл болон тус хоттой хөрш зэргэлдээ оршдог бүсүүдэд халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болсон нь “Дельта” хувилбартай холбоотойгоос гадна халдвар нийслэл хотын бүсээс гадна хурдацтай тархаж буй байдал ажиглагдах болжээ.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, долоодугаар сарын гурав дахь долоо хоногт шинээр халдвар илэрсэн хүмүүсийн 48 хувь нь “Дельта” хувилбараар халдварласан байна. Харин зургаадугаар сарын дөрөв дэх долоо хоногт энэ үзүүлэлт 3.3 хувьтай байжээ.
Үүнээс үзэхэд “Дельта” хувилбар тун удахгүй халдварын шинэ тохиолдлуудын 50 гаруй хувийг эзлэх төлөвтэй байна гэж тус төвийн мэргэжилтнүүд хэлжээ. Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтан Сон Ён Рэгийн мэдээлснээр, энэ долоо хоногт халдвар илэрсэн хүмүүсийн 50 гаруй хувь нь уг хувилбараар халдварласан байх магадлалтай байна.
Иймд эрүүл мэндийн байгууллагууд “Дельта” хувилбарын тархалтыг хяналтад авахын тулд “урьд урьдныхаас илүү хүчтэй, хурдан арга хэмжээнүүдийг” авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлжээ. Өнөөдрийн байдлаар, БНСУ-ын 52 сая хүн амын ердөө 6.86 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа юм.
“Дельта” хувилбарыг “Альфа”-гаас 1.6 дахин хурдан, “COVID-19”-ийн анхны вируснээс түүнээс илүү хурдан халдварладаг гэж үзэж байна. “Иргэд “Дельта” хувилбараас өөрсдийгөө хамгаалахын тулд амны хаалт зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахих хэрэгтэй байна” гэж Сон Ён Рэ онцлон хэлжээ.
БНСУ халдварын дөрөв дэх давлагаатай тэмцэж буй үед “Дельта” хувилбарын тархалт ийнхүү нэмэгдэх болоод байна. Улсын хэмжээнд өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо сүүлийн 20 орчим хоногийн турш 1000 даваад байгаа бөгөөд шинээр илэрч буй тохиолдлуудын 60 хувь нь Сөүлийн бүсэд бүртгэгдэж байгаа юм.
Сэтгэгдэл