Мьянмарын цэргийнхэн Аун Сан Су Чигийн Засгийн газрыг зургаан сарын өмнө түлхэн унагааж, төрийн эрхийг авснаас хойш аюулаас хамгаалах хүчнийхэн 1000 гаруй хүний аминд хүрээд байна гэж тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллага лхагва гарагт мэдээлжээ. Эсэргүүцлийн жагсаалтай холбоотой баривчилгаа, амиа алдсан тохиолдлуудын тоог хянан тооцоолж буй Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, лхагва гарагт хоёр хүн амиа алдсанаар ийм тохиолдлын нийт тоо 1001-д хүрсэн байна.
Энэ оны хоёрдугаар сард Аун Сан Су Чиг баривчлагдсанаас хойш цэргийнхний тэргүүлсэн Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал өрнөсөөр байгаа юм. Тийнхүү хот, хөдөө орон нутгийн аль алинд зэвсэгт тэмцэл гарах нь ихэссэнтэй холбоотойгоор амиа алдсан цэрэг, цагдаа нарын тоо ч мөн нэмэгдэх болжээ. Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Тейк Наингийн мэдээлснээр, амиа алдсан жагсагчдын дийлэнх нь цэргийнхний эсрэг үзэлтэй идэвхтнүүд байсан бөгөөд 40 гаруй хүн толгойн тус газраа буудуулан амиа алдсан байна. Үүний зэрэгцээ баривчлагдсаныхаа дараа байцаах газар, шоронд олон хүн амиа алдсан гэдгийг Т.Наинг нэмж хэлжээ.
Цэргийн удирдагчдын хувьд Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны тоон мэдээлэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлдэг боловч ийм мэдээллийг ойрын хугацаанд танилцуулаагүй байна. Аун Сан Су Чиг эрх мэдлээс нь шахан буулгасны дараа засгийн эрхийг гартаа авсан генерал Мин Аун Хлаины мэдээлснээр, тавдугаар сарын эцсийн байдлаар 300 орчим хүн амиа алджээ.
Сэтгэгдэл