
Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны хоёрдугаар улирлаас хойш барилгын материал, түүхий эдийн үнэ өссөн. Энэ нь барилгын материалын импорт тасалдсантай холбоотой. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын ажлын хэсэг барилгын материал үйлдвэрлэгчидтэй цахимаар уулзжээ.
Энэ сарын 18-нд арматур, барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчидтэй цахимаар уулзаж, саналыг нь сонссон. Өчигдөр (2021.08.19) барилгын материалын гол бүтээгдэхүүний нэг болох цемент, бетон үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Амартүвшин, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Монголын бетон судлаачдын холбоо, Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, санал солилцов. Бетон, цемент үйлдвэрлэгчид төрөөс тээвэр, цахилгааны хөнгөлөлт үзүүлэх талаар хүсэж байв.
Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг төлөөллүүдээс гарсан санал, хүсэлтийг нэгтгэн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээ илэрхийлэв. Мөн барилга, бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай тул тусгай зориулалтын авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх боломжтой эсэх талаар тодруулахад Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зохицуулах боломжтой гэв. Ингэснээр бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэгчид тус газарт хүсэлт гаргаснаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой юм байна.
Сэтгэгдэл