"Энэ үнэн үү” гэдэг асуулт тавихын өмнө том хэргүүд дээр өмгөөлөгч нар хэрхэн ажиллаж байсан талаар дурсамж сөхцгөөе. Дуулиант гэх буюу улс төрийн хүрээнийхэн нэр холбогдсон хэрэг халаасны хулгай шиг өдөр бүр гараад байдаггүй болохоор иргэдэд багцаа бий. Хэн гэдэг өмгөөлөгч ямар улстөрч, бизнесийн хүрээний томоохон хэргийг өмгөөлсөн билээ гээд тойм гаргаж чадна.
Ийм хэргүүд дотор Н.Энхбаяр дарга нь өөрөө том жишээ болно. Тэрбээр АТГ баривчлагдсан өдрөөсөө өлсгөлөн зарлан нийгмийг цочроож үзсээр шүүхийн танхимд суух хүртлээ цөөнгүй өмгөөлөгчтэй байсан талаар хэвлэлүүд бичдэг. Эдгээрийн дунд нэрт хуульч С.Нарангэрэл гол өмгөөлөгч нь байсан. Эцсийн дүндээ анхан шатны шүүх түүнийг буруутай гэж үзсэн. Н.Энхбаяр өөрөө зөвшөөрөөгүй ч шүүхийн энэ шийдвэр нь хууль хэнд ч адил тэгш үйлчлэх талаасаа анхны гэж болох том цочоог эрх мэдэлтнүүдэд өгсөн үйл явдал байсан.
Ойрхоны жишээ бол нүүрсний хэргээр буруутгасан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэрэг дээр Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарын хоёр өмгөөлөгч ажилласан. Энэ хэргийг мөн л улс төржсөн ба намын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуяг асан ба Алтангадасынхныг ухраах зорилготой сэдрээсэн хэрэг гэж нэмэлт тайлбар зүүдэг байсан.
Энэ тойрогт учир мэдэх хүмүүс хоёр өмгөөлөгчийг хүнээ авахын төлөө хуулийн хүрээнд бүхнийг хийж үнэхээр сайн ажилласан гэж ярьдаг. Энэ хэрэг дээр хамт татагдсан нягтлан бүсгүй шүүх дээр цагаадсан нь өмгөөлөгч нар нь сайн байлаа гэсэн үнэлгээг улам тодруулсан. Аудит хийдэг хөндлөнгийн нөхөд хүний хувь заяаны асуудалд хэрхэн хайнга хандаж, бусдыг хилс хэрэгт буруутгах дүгнэлт гаргаж болохыг өмгөөлөгч нар нь ил болгож чадсан гэсэн сүрхий магтаалтай үлдсэн. Хэргийн шүүх хурал шууд эфирээр олон нийтэд хүрсэн тул эдгээр магтаал нь олон нийтээс өмгөөлөгчдөд шууд тавигдсан үнэлгээ байв.
Энэ цаг үед бол МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татаад байгаа талаар АТГ мэдээлсэн. Сонгуулийн дүн харзнасгээд түр намжсан нэр нөлөө бүхий эрхмүүдийн хэргүүд ийнхүү сэдэрч байгаа нь энэ гээд тоохгүй ч хүмүүс байна. Харин АТГ Н.Энхбаяр нар хамтдаа хөтлөлцөөд өмгөөлөгчийн эрэлд гараад байгаа нь нийгэмд содон мэдээ юм.
Нийслэлийн гудамж талбайд "хуулийн туслалцаа, өмгөөлөл” үзүүлнэ гэсэн зар зөндөө байдаг. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярт өмгөөлөгч олдохгүй байгаа талаар хэвлэлийн хурлаар дуулгав. Үүний дараа АТГ санаачлага гарган МАХН-ын дарга Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөх талаар Монголын Хуульчдын холбоонд хүсэлт хүртэл гаргажээ.
Үнэхээр өмгөөлөгч нарт иймэрхүү "том” буюу улс төрийн гэсэн тодотголтой хэргүүд дээр ажиллахад дарамт шахалт ирдэг юм уу. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Надад тулгаж байгаа хэрэг нь улс төрийн зохиомол хэрэг учраас өмгөөлөгчид хамтран ажиллахаас айж, татгалзаж байна. Улс төрийн хэрэг учраас үйлчилгээ үзүүлж чадахгүй нь гэдгээ шууд хэлж, албан ёсоор татгалзсан...” гэж мэдэгдсэн нь асуулт босгоод байна. Түүний урьдын хэрэгт ажилласан өмгөөлөгч нарт "сургамж” болох сануулга дарамт гарч байсан уу. Ер нь өмгөөлөгч нарын мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлж толгой руу нь тоншоод байдаг ямар нэг хөндлөнгийн дарамт байна уу. Энэ асуултад Монголын Өмгөөлөгчдийн холбоо бодитой, судалгаа суурьтай хариултыг өгч чадах тул өмнүүр нь орж таамаг өрөөд илүүц биз. Харин өмгөөлөгч нар хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад таагүй нөлөө байж болох нэг жишээг бол энд дурьдаж болох байна. Байгаль хамгаалагч, биологч агсан Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг амиа хорлосон гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэрэгт өмгөөлөгч Ц.Баасандорж өөрийн хүсэлтээр өмгөөлөл үзүүлэн ажилласан боловч 3 сар орчмын дараа өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэхээ зогсоож байгаагаа өөрийн фэйсбүүкээр дамжуулан мэдэгдэж байсан. Яагаад ийм шийдвэр гаргах болсон талаарх тайлбарыг нь товч буулгая.
"...Ажиллах хугацаандаа Хөвсгөл аймагт очиж ажиллаж, Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хөвсгөл аймгийн прокурорын газар, Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт удаа дараа хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлтээ гаргаж, гэмт хэргийг шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн зүгээс хийж болох бүх л ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар өмгөөллийн мэргэжлийн туслалцаа үзүүлсний төлөө нэр бүхий сэтгүүлч, огт харьцаж байгаагүй зарим нэг хүмүүс гүтгэсэн, доромжилсон, илт үндэслэлгүй мэдээ мэдээлэл тарааж нэр хүндэд минь халдаж, доромжилж цаашид ч энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болохоо мэдэгдсэн.
...Хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарсан гүтгэлэг, доромжлол, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор талийгаачийн аав Төмөрсүхтэй ярилцаж байгаад энэхүү хэрэг дээр ажиллахаас татгалзаж, энэ нь талийгаачийн хэргийг шалгах ажиллагаанд илүү хэрэгтэй гэж үзлээ. Цаашид энэхүү хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч нарын мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөх, нэр хүндийг нь гутаан доромжлох, гүтгэх үйл ажиллагаа явагдахгүй гэдэгт итгэж байна. Талийгаачийн аав Төмөрсүх, ар гэрийнхэн болон бусад бүх хүмүүсээс хүлцэл өчье” гэжээ.
Олон нийтэд хүндлэгдсэн, сайн өмгөөлөгч нэгэн дуулиант хэрэг дээр ажиллах боломжгүй болсноо ийм учирлалтай зогсоож байлаа. Харин одоо иргэн Н.Энхбаярт өмгөөлөгч олдохгүй байна гэж байна. Үүнд нь АТГ оролцож санаа тавин зохих байгууллагад хандан Н.Энхбаярт өмгөөлөгч олж өгөх /томилох/ хүсэлт гаргаад байна. Бид өмгөөлөгчдөө өмгөөлөх хэрэгтэй болсон уу. Дүгнэх эрхийг та бүхэнд үлдээе.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Эх сурвалж: Shuud.mn
Линк: http://www.shuud.mn/content/read/471643.htm
Сэтгэгдэл