"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2015 онд "Эрдэнэт медикал” төв эмнэлгийг байгуулж, улмаар хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлснийг улсын өмчид буцаан авах талаар судалж Засгийн газарт танилцуулах үүргийг Шадар сайд С.Амарсайхан 2021 оны зургадугаар сарын 23-ны өдөр холбогдох албаныханд даалгасан. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт тэрбээр тус эмнэлэгийг төр өөртөө авахаар болсон гэж мэдээлэв. Харин хувьд шилжүүлсэн асуудал нь өнөөдөр хууль хяналтын байгууллагуудаар дамжин явсаар АТГ-т ирээд жил гаруйн нүүрийг үзээд байна.
Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй явж ирсний учир шалтгаан нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнтэй холбоотой аж. Тодруулбал, тэрбээр 2016 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн А/108 тоот тушаалаар энэ эмнэлгийн барилгыг Я.Энхчулуун захиралтай Медикал ХХК-д шилжүүлэн өгчээ. Үүний дараа удалгүй үүрэгт ажлаа одоогийн захирал Х.Баадмсүрэнд хүлээлгэн өгсөн байдаг юм.
Ингээд түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан 2019 оны аравдугаар сарын сүүлээр АТГ-аас саатуулан цагдан хорих 461-р ангид хорьж, шалгаж эхэлсэн. Улмаар хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АТГ-аас яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт, прокуророос БЗД-ийн шүүхэд шилжүүлжээ. Харин зургадугаар сард шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд өдгөө АТГ-т очоод жил хагас орчим хугацаа өнгөрсөн байна.
Ц.Даваацэрэнг "Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн овоолгыг П.Цагааны "Ачит-Ихт” компанид 100 хувь зүгээр өгчихсөн гэх, мөн "Эрдэнэт” үйлдвэрээс оффшор бүс дэх хэд хэдэн данс руу олон сая ам.долларын гүйлгээ хийсэн гэх хэргээр шалгаж буй. Түүнд холбогдох хэрэг ийн удааширсан нь магадгүй "Эрдэнэт медипас” эмнэлгийн асуудал нэмэгдсэнтэй холбоотой байж болох юм. Ерөнхийдөө улсын өмчийг авлигын замаар бусдад зүгээр л шилжүүлсэн давхар үйлдэл нь хэргийг удаашруулсан бололтой. Ямартай ч түүнд холбогдуулан шалгаж буй хэрэг гурав дахь жилийн нүүрийг үзээд байна.
"Эрдэнэт Медипас” эмнэлэг нь 200-300 ортой, 120 гаруй эмч, ажилчинтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай юм.
Сэтгэгдэл