Хугацаа нь дууссан Цэцийн даргаар давхар дээлийг нөмрүүлэх МАН-ын бодлого ба АН-ын гар хөлүүд


Хугацаа нь дууссан Цэцийн даргаар давхар дээлийг нөмрүүлэх МАН-ын бодлого ба АН-ын гар хөлүүд

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог өөрчилнө, Ерөнхийлөгчийг бүх нийтээр биш, парламентаас сонгоно, сонгодог парламентын тогтолцоо явна, гишүүдийн тоог нэмнэ хэмээн хошгоруулж асан МАН-ын удирдагчид жинхэнэ төрхөө харуулав. УИХ-ын хоёр гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Үндсэн хуулийг өөрийг нь Үндсэн хуулийн Цэцэд өгчээ. 2019 онд МАН-ын дангаар хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу "Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болох” тухай Үндсэн хуулийн 39.1 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн тухай тэд Цэцэд мэдээлэл гаргажээ.

Үүнээс ч өмнө "Давхар дээлнээс салсан нь Засгийн газрын хүчийг сулруулж байна. Сайд нар хүчгүй, парламент дотор нөлөөгүй байна” гэх маягийн уйлан дуулаан Л.Оюун-Эрдэнийн танхим дотор яваад эхэлчихсэн. Намрын чуулганы хугацаанд багтаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэнэ, давхар дээлээ дахин нөмрөх нь гэдэг захиалгатай зөвтгөлүүдээ хэвлэлүүдээр цацаад эхэлчихсэн.

Гэвч МАН дангаараа баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө дангаараа буцааж нураах нь нэгд ичгүүртэй, хоёрт гэхэд хууль зүйн хувьд боломжгүй зүйл. Учир нь МАН 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд "Үндсэн хуульд нэг удаа оруулсан нэмэлт, өөрчлөлтийг найман жилийн дотор дахин өөрчлөхийг хориглох” маш хатуу заалтыг оруулсан. Найман жил буюу УИХ-ын хоёр бүрэн эрхийн хугацаа гэдэг нь огт санамсаргүйгээр бичигдсэн зүйл биш. Энэ хугацаанд парламентын хүчний харьцаанд өөрчлөлт орсон буюу бодлого солигдсон байх нөхцөл байдлыг тооцож үзсэн хэрэг.

Гэтэл үүнээс хойш нэг бүрэн эрхийн хугацаа ч өнгөрөөгүй, эрх баригч нам буюу бодлого нь солигдоогүй байхад өмнө хийсэн өөрчлөлтөө дахин өөрчлөх нь хуулийн хувьд боломжгүй, хаалттай болчихож байгаа юм. Тиймээс үүнийг тойрч гарахын тулд МАН Цэцийн дүгнэлт гаргуулахаар шийдсэн байна. Өөрсдөө мэдээлэл бариад гүйх нь шившигтэй байсан учир нэр төрд гарз болохгүй буюу угаасаа гарзандаа гарсан нөхдийг ашиглахаар шийдсэн нь АН-аас сонгогдсон хоёр гишүүн. "Женко”-гийн квотоор УИХ-д нэр дэвшиж, "Женко”-гийн төлөө УИХ-д суусан хоёр нөхөр эзэндээ өрөө төлөхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлт руу гар далайсан МАН-ын хутганы ир болоод явж байгаа нь энэ.

Хэрвээ "ҮХНӨ нь Үндсэн хууль зөрчсөн байна” гэдэг цэцийн дүгнэлт гарчихвал МАН Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад, давхар дээлээ эргүүлээд нөмөрчихнө. Сайд нараа УИХ-ын гишүүд дотроос томилдог болчихвол өмнөх жишгээр УИХ албан ёсоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт үйлчилдэг хуулийн хэлтэс болж хувирна. Парламентаасаа давсан эрх мэдэлтэй Засгийн газартай, Засгийн газар нь УИХ-аа авилгаладаад хүссэн шийдвэрээ гаргуулдаг болно. Одоо ч гэсэн тийм байгаа л даа. Түүнийгээ илүү албажуулж, хууль ёсны болгох гэж байгаа юм.

Гэвч нэг зүйлийг сануулахад, Үндсэн хуулийн 68-р зүйлд "Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй” гээд цагаан дээр хараар биччихсэн бий. 1992 онд баталсан Үндсэн хууль болон 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт хоёр яг адил хүчин чадалтай. Тэгэхээр Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж үзэх хуулийн боломжгүй гэсэн үг.

Гэвч боломжгүй зүйлийг ч боломжтой болгодог нэг зүйл бол тухайн асуудлаар шийдвэр гаргаж байгаа нөхдийн хувийн сул тал байдаг. Тэр нь энэ удаа Цэцийн дарга Н.Чинбатын тэтгэвэрт гарах хугацаа тулсан явдал. Цэцийн тухай хуульд Цэцийн гишүүний насыг "төрийн алба хаах насны дээд хязгаар” буюу 65 байхаар бичсэн. Харин Н.Чинбатын хувьд 1956 онд төрсөн, энэ жил 65 нас хүрсэн. Хуулийн дагуу тэтгэвэртээ гарах цаг нь болсон хүн. Гэвч түүнийг Цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ-аар ярихгүй байгаа шалтгаан нь Ш.Адьшаа, Н.Ганибал нарын Цэцэд гаргасан мэдээлэл болж байна. Хэрвээ МАН-ын хүссэн дүгнэлтийг гаргаж өгвөл түүний ажиллах хугацаа дахиад хоёр жилээр уртсах буюу бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж болно гэсэн үг.

Яг ийм шалгуураар Н.Жанцан гэдэг хүнийг 70 настайд нь арай гэж Цэцийн гишүүнээс чөлөөлж байлаа шүү дээ. Цэцийн гишүүний тэтгэврийн насыг 65 болгох хуулийг УИХ 2016 онд баталсан байтал Н.Жанцанг 2018 онд чөлөөлсөн. Энэ хүртэл бүтэн хорин жил, завсаргүй таван удаа Цэцийн гишүүнээр томилогдож ажилласан байдаг юм. Харин П.Очирбатыг 2016 онд 65 настайд нь "тэтгэврийн насанд хүрсэн” гээд Цэцийн гишүүнээс чөлөөлж байлаа. Хууль ийм л хоёр нүүртэй болчихсон цаг.

Б.СЭМҮҮН

https://www.inews.mn/a/24137

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.