Японы Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газар “COVID-19” халдвартай тэмцэх чангатгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх мужийн тоог нэмэгдүүлэх төлөвтэй байна гэж Засгийн газрын эх сурвалжууд ням гарагт мэдээлжээ.
Мягмар гарагт албан ёсоор гаргах төлөвтэй байгаа шийдвэрийн дагуу улсын 47 мужийн 32-т нь зоогийн газар, цэнгээний газруудын ажиллах цагийг богиносгох гэх мэт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж магадгүй байна. Одоогоор ийм арга хэмжээг Токио тэргүүтэй 16 мужид хэрэгжүүлж байгаа бол Хоккайдо, Киото, Осака зэрэг өөр 16 муж бүс нутагтаа халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг тогтоох хүсэлтийг гаргах юм уу гаргахаар төлөвлөөд байгаа ажээ.
Ням гарагт Японд коронавирусний 50 мянга гаруй тохиолдол илэрсэн нь бямба гарагт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтийн/54 500гаруй/дараа хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт болжээ. Мөн Токио хотод халдварын улмаас гэртээ эмчлүүлж буй хүний тоо урьд бүртгэгдэж байгаагүй үзүүлэлтэд/26 556/хүрч өсжээ. Тус хотод бямба гарагт мөн л халдварын хамгийн олон буюу 11 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол ням гарагт 9468 хүнээс халдвар илэрсэн байна.
Хирошима, Ямагүчи, Окинава мужид нэгдүгээр сарын 9-нөөс хэрэгжүүлж эхэлсэн халдвартай тэмцэх чангатгасан арга хэмжээнүүдийг өнгөрсөн баасан гаргаас эхлэн Токио тэргүүтэй 13 мужид тогтоосон юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, хязгаарлалтуудыг дээрх гурван мужид энэ сарын эцэс хүртэл тогтоохоор төлөвлөж байсан ч Засгийн газар үргэлжлэх хугацааг нь сунгаж магадгүй байгаа ажээ.
Харин Токио, Сайтама, Чиба, Канагава, Аичи, Нагасаки, Күмамото зэрэг мужуудад тогтоогоод буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг ирэх хоёрдугаар сарын 13 хүртэл мөрдөх юм. Японд 11 дүгээр сарын 30-нд “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрснээс хойш халдварын тохиолдол эрс нэмэгдэх болжээ. Тодруулбал, өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо нэгдүгээр сарын 1-нд 534 байсан бол бямба гарагт 54 576-д хүрснээр энэ оны эхний гурван долоо хоногт л гэхэд 100 дахин өссөн байна.
Сэтгэгдэл