Мөнгө, хүмүүжил хоёр архинд “живэх” цагаар


Мөнгө, хүмүүжил хоёр архинд “живэх” цагаарӨнгөрсөн зун 18 настай эрэгтэй дүү минь "Silence white” үдэшлэгт явъя гэж гуйсаар 01.00 цаг хүртэл "чөлөө авч”, хамаг байдгаараа гангалаад гарч одов. Хүлээсээр үүр цайлгалаа. Тэгтэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур маань 04.00 цагт пиво үнэртүүлчихээд ер гэм хийсэн шинжгүй орж ирдэг юм байна. Эгч хүний ёсоор сургамжийн үг хэлж, суран бүсээр ороолгохчоон болоход "Тэнд миний үеийнхэн байтугай манай доод ангийн 1999, 2000-гаад оны хүүхэд зөндөө л явж байна лээ шүү дээ. Битгий ингэж жижиг асуудалд сүржигнэж бай л даа” гээд ам таглачихав.

Тухайн шоуны зарын фэйсбүүкээр шагайхад сурагчийн дүрэмт хувцастай зургаараа хуудсаа гангалсан охин "Өчигдөр манай найзаас асаагуур гуйсан хөөрхөн хөвгүүнд дурлачихлаа. Энэ сэтгэгдлийг уншиж байвал найзын хүсэлт явуулаарай”, 17 хүрсэн үү гэмээр хүү "Тайзны зүүн талд секси бүжиглэж байсан охинд бундарчихаад очиж зориглохгүй байсаар алдчихлаа” гэх зэрэг сэтгэгдэл бичсэнийг хараад нүд орой дээрээ гарах шахаж билээ. Гадаадаас ирсэн найзуудаа угтдаг "Hi party”, цагаан хувцастай оролцдог "Silence white”, гэрэлтдэг гангараатай неон үдэшлэг, хар хувцастнуудын "Black party”, нар жаргахаас мандтал үргэлжилдэг "Sunset”, "Sunrise”, таалагдсан хүнийхээ биед хүрч, үнсэж, базахыг зөвшөөрдөг "Touch me”, ганц биечүүдийн "Sin­gle ”, хөгжим сонирхогчдын "Play time”, "Хүннү” гээд л янз бүрийн нэр хаяг зүүсэн үдэшлэг одоо л дөнгөж эхэлж байна.

15-30 мянган төгрөгөөр тасалбар авч, хоёроос зургаан пиво (5000) худалдан авч, таксидаж харьдаг гэж бодвол нэг хүн дунджаар 25-70 мянга болон түүнээс дээш төгрөг хэдэн цагийн зугаандаа үрдэг бололтой. Наргиж, цэнгэх дуртай залуусын сул талыг ашиглаж халаасаа зузаатгах хүсэлтэй хүмүүс зуны улиралд янз бүрийн задгай шоу зохион байгуулах нь жил ирэх тусам олширч буй. Өнгөрсөн зуны үдэшлэгийнхээ үеэр сайхан залуучууд, хөөрхөн охидын бүжиглэж буй зургийг дарснаа нийтэлж, "Энэ жил бүр бут авна аа” гээд сошиал медиагаар зохион байгуулагчид сурталчлахад нь тийм зүйлд төдийлөн дурлаад байдаггүй би хүртэл барьц алдаж байхад аливаад уруу татагдахдаа амархан өсвөр үеийнхэн яаж ч "томоотой” суух вэ дээ. Зах замбараагүй, шаардлагад нийцсэн үгүй нь мэдэгдэхгүй ийм олон шоу зохион байгуулах зөвшөөрөл хэн өгдөг тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс лавлахад "Дүүргүүдийн мэргэжилтнүүд рүү ярь” гэлээ.

Ийн зун хамгийн олон задгай шоу зохион байгуулдаг "Монгол шилтгээн” харьяалагддаг Баянзүрх дүүргийн олон нийттэй харилцах албаны ажилтнаас асуухад "Тухайн аж ахуйн нэгж л дүрэм журмаа мөрдөж, хэнд талбайгаа түрээслэхээ шийддэг” гэсэн юм. Тиймээс бодит байдалд юу болдгийг нүдээр үзэхээр өнгөрсөн баасан гаригт "Ibiza out” шоунд оролцлоо. Энэ өдөр Цонжинболдог цогцолборт "Хүннү” хөгжмийн наадам давхацсан. Гурав дахь жилдээ зохион байгуулсан "Ibiza out”-ын тасалбарыг "Ticket.mn”-ийн 19001800 тусгай дугаарт залгаж гэртээ хүргүүлэхдээ зориуд дүүгээрээ авахуулахад авчирсан хүн түүний насанд хүрсэн, эсэхийг ч шалгасангүй. "Эрчүүдийн бахархлын дундаж хэмжээ”, "Эрчүүд орондоо юу хүсдэг вэ” зэрэг нийтлэл, садар зурагтай насанд хүрэгчдийн "6ix” сэтгүүлийн анхны дугаарыг мөн дагалдуулсан юм. 20.00 цаг өнгөрөөж тэнд очиход эль хуль, "шоучид” хангалттай цуглараагүй байлаа.

Тэнд уг нь өсвөр үеийнхнийг тандахаар очсон боловч бүр бага насны хүүхдээ дагуулж яваа залуучуудтай хэд хэд таарлаа. Энд тэндгүй хүмүүс пиво ууж, дэргэдэх ширээнийхэн шил юм "мулталж” байгааг хүүхдээсээ нуухын оронд хажууд нь хээв нэг шингэн талх шимж суух нь гайхмаар. 22.00 цагийн үед талбайд пиво барьсан хоёр гуравхан хүнтэй, транс хөгжим эгшиглэж, дэлгэцнээ хагас нүцгэн хүүхнүүдийн бичлэг гарч байхад тэнд дөрөв орчим насны ихэр хөвгүүддээ бүжиглэхийг зааж буй эцэг, эх ч харагдлаа. Цав цагаан цаас шиг тэдний оюун бодол дээр хайр найргүй сараачиж буй ийм үйлдлийн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч Л.Энхчимэгээс тодруулахад "Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн уур амьсгал, эцэг эхийн зөв үлгэр дуурайл их чухал.

Аав ээж нь хүүхдүүдийнхээ дэргэд уудаг хэрнээ чи ийм зүйл хэрэглэж болохгүй гэж зэмлэвэл тэд шаардлагыг нь хүлээж авдаггүй. Улам л сонирхоно. Манайд хандсан хүүхдүүдэд архины хэрэглээний талаар асуумж бөглүүлэхэд олонх нь 8-10 дугаар ангидаа анх удаа пиво, архи амсаж үзсэн гэсэн. Ийн өсвөр насандаа ууж үзэх суурь нь тавигдаж, яваандаа уух хугацаа нь улам ойртсоор архины хамааралд орох боломж нэмэгддэг” гэсэн бол Наркологийн эмнэлгийн дарга Б.Оюунчимэг "Эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд зургаа, долдугаар ангиас нь анхаарч эхэлдэг. Тэгтэл хүүхдүүд нь эргэж харахын завдалгүй аль хэдийнэ төлөвшчихсөн байдаг” хэмээсэн.

23.00 цаг болсон хэрнээ дотор хүнгүй ч, хашааны гадна түм түжигнэж байв. Ажиглах нь ээ, дотор худалддаг зүйлс дэлгүүрийнхийг нэг нугалсан өндөр үнэтэй тул залуучууд машиндаа архи пиво ууж "халаад” бүжиглэхээр ордог аж. "Монгол шилтгээн”-ий замын эсрэг талд байрлах хүнсний дэлгүүрийн шилэн нүүртэй хөргөгчинд пиво дүүрэн байсан ч 20 минутын дараа дахин очиход өнөө "хэд” аль хэдийнэ борлогдчихсон, худалдагч бүсгүй шинийг өрж зогссон. Уг арга хэмжээг 50 гаруй хамгаалагч ажиглан, 20 гаруй цагдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлж хяналт тавьжээ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь дэлгүүрийн худалдагч, үүдэнд зогсож байсан тасалбар борлуулагч, шалгагч, цагдаа, дотор пиво, коктейль архи борлуулж байсан байгууллагынхны аль нь ч үйлчлүүлэгчдийнхээ 18, 21 нас хүрсэн, эсэхийг шалгаж, иргэний үнэмлэхийг нь үзсэнгүй.

Тэгсэн хэрнээ хамгаалагчид орж гарах хүмүүс архи, пиво гаднаас оруулж байгаа, эсэхэд хяналт тавьж цүнхийг нь уйгагүй шалгаж зогсох юм. Яагаад өсвөр насны хүүхэд дотор олон байгаа тухай хамгаалагчаас асуухад "Зохион байгуулагчид л мэдэх хэрэг. Бид хамгаалах л үүрэгтэй” гэсэн бол цагдаа А "Зохион байгуулагчид өөрсдөө шалгаж оруулж байгаа. Тэдний хариуцах асуудал. Бид хамгийн гол нь аюулгүй байдлыг хангах ёстой. Хэрэв бага насны хүүхэд таарвал шаардлага тавина” гэлээ.

Харин зохион байгуулагчид орлогоо бодож мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрдөг нь ойлгомжтой. Олон жил ийм арга хэмжээ зохион байгуулсан нэгэн танил залуу "Монгол шилтгээний талбайг өдрийн 15 сая, тайз, техник төхөөрөмжөө 20-30 сая төгрөгөөр түрээсэлж, 50 гаруй хамгаалагчид өдрийн 30 мянга, урьсан хамтлаг дуучиддаа урамшуулал бодно гэсээр нэг ийм үдэшлэгийг 150 гаруй сая төгрөгөөр зохион байгуулдаг. Хамтарч ажиллах байгууллагуудаа сайн сурталчилж тэднээр зардлаа гаргуулан тасалбарын мөнгөө цэвэр орлогод тооцдог. 30 орчим хүнтэй баг хоёр сар гаруй ажиллаж байж ийм шоу зохион байгуулна.

Тиймээс бид ганц хүнээр ч болтугай тасалбар, хэдэн пиво авахуулахаа л бодно шүү дээ. Өнгөрсөн жил зохион байгуулсан шоунд минь 1999 оны хүүхэд явж л байсан. Мэдсэн ч орлогоо бодоод оруулчихна. Орох гэж 500 гаруй хүн дугаарлаж, хүн бүрт тасалбар авсны баталгаа бугуйвч зүүж өгч байхад бичиг баримт шалгах цаг гарахгүй. Ийм шоунд хулгай, зодоон их гардаг. Өсвөр насныхан төлөвшөөгүй байдаг учир хөгжим сонсож, согтохоороо сэтгэл нь хэт хөөрөөд бүхнийг чадна гэж боддог юм шиг байна лээ. Үүнээсээ болж таарсан хүмүүстэйгээ бүдүүлэг харилцаж, дээд үеийнхэндээ дээрэлхүүлэх асуудал гардаг” хэмээснийг энд дурдъя.

Цаг орой болох тусам уг шоуны халамцуу зочид олширч, ирээдүйд эх хүн болох охид элдэв бусын хараал хэлж, хоёр хүнээр сугадуулж явах нь эмгэнэлтэй. Дунд сургуульд ажилладаг найзтайгаа энэ үеэр таарахад "Дахиж ийм арга хэмжээнд лав очмооргүй юм байна. Сурагчидтай таараад ичмээр юм аа” хэмээсэн. Охид нүүрээ хэтрүүлэн будаж, задгай маягийн хувцас өмсчихсөн болохоор хэн нь хэдэн настайг гаднаас нь хараад мэдэхийн аргагүй байлаа. Иймээс үнэн байдлаа хэлж, нэрийг нь нууцлахаа амлаад яагаад ийм шоунд ирсэн талаар жаахан харагдсан хэд, хэдэн охиноос асуухад олонх нь дургүйцэн зугтсан бол нэг нь "Эгчийгээ дагаж энд ирсэн. Найзуудтай нь хамт явж байна” гэсэн. Пиво худалдан авч буй хүүгээс "Чи 21 хүрсэн юм уу. Энд ирэхэд арай л жаахан юм биш үү” гэж асуухад "Чи харин өөрөө энд хөгшдөөд байгаа юм биш үү” гэчихээд хяламхийснээ яваад өглөө. Ийн явсаар нэлээд согтсон хүүг "олзолж” хэсэг яриа өдөв.

16-тай тэрбээр байрныхаа ах нартай ирсэн гэнэ. Эцэг эх нь амралтаа аваад хөдөө явсан тул хяналт тавих хүн гэрт нь үгүй аж. Тэрбээр дөрвөн пиво уужээ. Иймэрхүү шоунд мансууруулах бодис хэрэглэсэн хүн олон ирдэг тухай дуулсан ч үүнийг ажиглаад л батлахын аргагүй. Гэхдээ үүдэнд "За явж хар тамхины ид шидийг мэдэрцгээе” гэж англиар хоорондоо ярилцаж, бүжгийн талбай руу яарч явсан залуучуудтай таарсан. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд "Play time” наадам удахгүй зохион байгуулна. Амьд хөгжим сонирхогчид энэ үеэр хар тамхи хэрэглэх нь хамгийн их, бүр үнэрийг нь дарах аргатай болсон тухай хүмүүс ярьж байна лээ.

Энэ наадамд 10 гаруй жил очсон танил маань "Play time”-д хамт явсан найзуудыг хэрэглэхэд нь нэг удаа сонирхлын журмаар хар тамхи татаж үзсэн. Тэд байнга биш ч хараа хяналтаас хол, өөрсдийн дуртай хөгжмөө сонсож, цэвэр агаарт найзуудтайгаа хөгжилдөхдөө таашаал илүү их авах зорилгоор задгай шоуны үеэр хар тамхи татдаг. Наадамд оролцох гээд хаалгаар ороход согтууруулах ундаа нуусан, эсэхийг үзэх гэж л цүнх шалгадгаас биш, хар тамхи хайж байсныг нь би мэдэхгүй юм. Тэнд цагдаа нар байдаг ч сайн хяналт тавьж чаддаггүй” гэсэн.

"Ibiza out” дөнгөж "эхэлж” байхад буюу 01.00 цагийн үед цагдаа нар архи, пиво борлуулагчдад хяналт тавьж, хураахыг шаардав. Ид халчихсан зочид үүнийг тоосонгүй, "Гялс хэдэн пиво өгчих” гэхэд худалдагч залуу "Түр хүлээж бай. Цагдаа нар эхлээд яваг” хэмээсэн. Энэ мэтээр нүглийн нүдийг гурилаар хуурсан, өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайл үзүүлэх шоу энэ зун олон болно. Цаашлаад гэмт хэргийн хохирогч болохыг ч үгүйсгэхгүй. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас авсан мэдээллээр бол Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд өнгөрсөн оны зуны гурван сар 34 хэрэг бүртгэгдсэний ес нь "Монгол шилтгээн”-д өрнөсөн аж. Үүний ихэнх нь утасны хулгайнх. Гэхдээ хүн айхтар гэмтээгүй зодоон, танхай болон хохирогч нь цагдаагийн байгууллагад хандаагүй хэргийг бүртгэдэггүй тул үзүүлэлт бага байгаа нь ойлгомжтой. Миний өнгөрсөн зун очсон "Play time” наадмын үеэр өчнөөн хүн утсаа алдсан байхад уг бүртгэлд нэг нь л байгаа нь үүнийг нотлох биз. 2016 оны эхний таван сарын байдлаар насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн 215 гэмт хэрэг бүртгэгдсэний 58.4 хувь нь нийслэлд болжээ.

Үүнээс 14-15 настай 47, 16-17-той 180 хүүхэд байна. Эдгээрийн 45.6 буюу 98 нь хулгайлах, 55 буюу 25.5 хувь нь бусдын биед гэмтэл учруулсан хэрэг эзэлж буй. Мөн энэ оны эхний таван сарын байдлаар газ үнэртэж мансуурсан найман хүүхэд бүртгэгдсэний нэг нь хорвоогоос хальсан байна. Үдэшлэгт оролцож, согтуурсны улмаас хүчинд автах, эд зүйлээ алдаж, бусдад зодуулах зэрэг олон эрсдэлтэй учирч болох ч хор уршиг нь хожим хойно далд хэлбэрээр илрэх тохиолдол олон. Наркологийн эмнэлгийн эмч Г.Даваасүрэн "25 нас хүртэл хүний тархи бүрэн хөгжиж гүйцдэггүй. Тиймээс хэдий бага насандаа согтууруулах ундаа ууж эхэлнэ, төдий чинээгээр үүний хамааралд орох эрсдэл нэмэгдэнэ” гэсэн бол сэтгэл зүйч Ю.Энх-Амгалан "Хүүхдээ хэнтэй найзалж, чөлөөт цагаараа юу хийж байгаад эцэг эхчүүд хяналт тавих нь их чухал.

Таны хүүхэд зөв хүмүүжсэн ч найз нөхөд нь буруу зүйлд уруу татах нь элбэг. Тийм зүйлээс хол байх гэхээр найзаа алдчихна гэх айдас байдаг” хэмээсэн. Тус эмнэлэгт урьд нь архины хамааралд орсон 18 настай охин эмчлүүлж байжээ. Онц сурлагатай түүний ээж, аав нь багш. Гэхдээ хөрш айлын 20 нас гарсан биеэ үнэлдэг бүсгүй буруу зам руу уруу татсан жишээ байна. Шоу зохион байгуулагчдад улс хатуу хяналт тавьж, тэд ч хуулиа биелүүлж, эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн анхаараасай. Дунд сургуулийн эрүүл мэндийн хичээлийн багш нар "Архи арван нас хороодог” гэж заахаасаа илүү мэргэжлийн байгууллагынхнаар тусгайлан зөвлүүлж, хүүхдүүдэд энэ талын болоод бэлгийн боловсролын мэдлэг илүү сайн олгох хэрэгтэй мэт. Багаасаа ийм шоунд оролцсоноор амьдралаа алдана гэж баталж чадахгүй ч хүүхэд хүүхдээрээ л байгаасай.

Б.Дөлгөөн ЭХ СУРВАЛЖ "Өнөөдөр" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.