Наймдугаар сарын 15-нд Москвад хүчтэй аадар орсны улмаас хот бүхэлдээ усанд автан онцгой байдал зарлажээ. 12 цаг орсон аадар борооны улмаас 50 мм хур тунадас унасан нь сүүлийн 130 жил тохиолдоогүй дээд түвшинд хүрч Москва хотын дундуур урсдаг Яуза гол эргээсээ хальсан талаар "ТАСС” агентлаг мэдээллээ.
Үерийн улмаас хотын зам тээвэрт бэрхшээл учирч, хэдэн арван километрээр үргэлжилсэн авто замын бөглөрөл үүсч, авто машинууд усанд автжээ.
Тус улсын Байгаль орчны яамны төлөөлөгчид москвачуудад хандан шаардлагагүй тохиолдолд тээврийн хэрэгслээ жолоодохгүй боломжтой бол автомашинаа аюулгүй зогсоолд тавих талаар анхааруулга өгсөн байна. Мөн иргэдэд гэрийнхээ цонх, хаалгыг сайтар хаахыг зөвлөжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Москва хотыг усанд живүүлсэн гэнэтийн үзэгдэл цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан бөгөөд ганц хоногийн дотор сарын хэмжээний их хур тунадас унасантай холбоотой аж. Түүнчлэн Москва хотын бохир ус зайлуулагч хоолой ачаалал даагаагүйн улмаас иргэд нүхэн гарц, гудамжаар явган явахад ч хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг албаныхан дурдсан байна.
Сэтгэгдэл