Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэдийнээ хэрэгжиж эхлээд байгаа. Тэгвэл энэ хүрээнд төрийн болон төрийн өмчийн өмчийн үйлдвэрийн газрууд өөрийн хөрөнгөөр өндөр өртөгтэй мод, модны үр, тарьц суулгац худалдан авч, мөнгө угаадаг байж болзошгүй байна.
-"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ 99 САЯ ТӨГРӨГӨӨР ХАЙЛААС МОДНЫ СУУЛГАЦ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ-
Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 99 сая төгрөгөөр хайлаас модны суулгац худалдан авах тендер зарлажээ. Тодруулбал, тус үйлдвэр нь тавдугаар сарын 5-ны өдөр өөрийн хөрөнгө болох 99 сая төгрөгөөр хайлаас модны 10 мянган ширхэг суулгац худалдан авахаар тендер зарласан байна. Уг тендерт "Урсай", "Сэлэнгэтаванхан”, "Хаштехник”, "Ди Ти Юу”, "Хүрээт нуруу” зэрэг 16 компани оролцсоноос "Урсай” ХХК шалгарчээ. Тус компани нь 10 мянган ширхэг модыг 39 сая 996 мянган төгрөгөөр буюу "Эрдэнэт үйлдвэр"-ийн тендер зарласан үнээс хэд дахин бага өртгөөр модны суулгац нийлүүлэх санал тавьсан байх аж. Харин хайлаас модны суулгацны зах зээлийн үнэ нь өндөр зэргээс шалтгаалан 800-3500 төгрөг байна.
Үүнээс үзэхэд "Эрдэнэт үйлдвэр” хэт өндөр үнээр модны суулгац авахаар төлөвлөж байсан бололтой.
Хэдийгээр тус үйлдвэр нь өөрийн хөрөнгөөр модны суулгац авч, мод тарих гэж байгаа нь сайшаалтай ч энэ мэтээр хэт өндөр өртөгтэй суулгац худалдан авахаар тендер зарласан байгаа нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж байгаа суулгацыг энэ мэт өндөр өртгөөр худалдан авдаг юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
-ТЭРБУМ МОДЫГ СУУЛГААД ОРХИХ БУС, УРГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-
Нөгөөтээгүүр тарьсан суулгацын ургалт, арчлалтад хяналт тавихгүй, суулгасан болоод хаявал, дээрх хэмжээний өртөг салхинд хийсэж, тэр хэмжээгээр байгаль дэлхий сүйднэ гэдгийг холбогдох албаныхан анхааралтай авах шаардлагатай байна. Энэ талаар ч бид өмнөх нийтлэлдээ өгүүлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Угтаа нэгэнт хөрөнгө зарж, тендер зарлаж модны суулгац энэ мэтээр худалдан авч байгаа учир тухайн аж ахуйн нэгж болон мэргэжлийн байгууллага нь тарьсны дараах арчилгаа, усалгаа зэргийг бүрэн хариуцуулдаг бол "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн бүрэн утгаараа хэрэгжиж, тарьсан суулгацын "амьдрах” чадвар өндөр болох нь лавтай.
Эх сурвалж: Isee,mn
Сэтгэгдэл