"Давхар дээл” буюу УИХ-ын гишүүн сайдаар ажиллахтай холбоотой хязгаарлалтыг авч хаясан Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүйд хүрэв. УИХ-ын дарга болон парламент дахь олонхын бүлгийн удирдлага нь ч ингээд хэлчихлээ. Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулиа зөрчсөн гэж шийдвэрлэсэн нь зөв, эсэх, цаашлаад ийм эрх Цэцэд байсан уу, ер нь энэ байгууллагын маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хууль, эрх зүйн орчныг яаж сайжруулах вэ гэх мэт олон хэлэлцүүлэг, маргаан энэ цаг үед өрнөж байгаа ч "давхар дээл” тойрсон асуудал нь дангаараа халуун сэдэв болчихоод буй.
Үнэндээ "давхар дээл” гэгч нь дандаа л хэл ам, гажуудал дагуулж ирсэн юм. Түүх сөхвөл, Үндсэн хуулийн 29.1-т 2000 онд оруулсан "дордуулсан долоо” гэгддэг өөрчлөлтүүдийн хүрээнд "УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” хэмээн баталснаар энэ бүхэн эхэлсэн гэхэд болно. Мөн л өнөөдрийнх шиг, эл өөрчлөлт нь Үндсэн хуулиа зөрчсөн, эсэх маргаан тухайн үед өрнөж байсан ч 2000 оноос хойших Засгийн газруудад УИХ-ын гишүүд олноор орж ирж, сайдын албыг давхар хаших явдал газар авсан юм. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуяг Засгийн газраа 19 гишүүнтэйгээр байгуулсан нь бүрэлдэхүүний хувьд хамгийн нүсэр нь бөгөөд 17 нь УИХ-ын гишүүн байлаа. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газрын 16 гишүүн бүгд "давхар дээл” өмссөн юм. Ингэснээр Засгийн газарт эрх мэдэл төвлөрч эхлэв. Эцэст нь, сайдын "дээл” давхарласан 17 гишүүн УИХ-д салбарын асуудлаа танилцуулан, дэмжүүлэх нь амар болов. Тухайлбал, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц нийт гишүүний ердийн олонх буюу 39 гишүүнээр бүрдэж, үүний 50-иас дээш хувь болох 20 хүн дэмжсэнээр хууль, тогтоол батлах боломжтой байсныг сануулъя. Энэ тохиолдолд "давхар дээл”-тэй 17 сайдтай Засгийн газар хууль батлах 20 хүний босгыг хялбархан давчихна. Нөгөө талд нь парламентын хяналт, хууль тогтоох эрх мэдлийн тэнцвэр алдагдаж ирсэн. Баталсан хууль, тогтоолыг нь хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газраас хариуцлага нэхэж, шахаж, шаардах боломж алдагдсан гэхэд болно. Гүйцэтгэх засаглалын ажлыг дүгнэж, сайд нар нь хүлээсэн үүргээ биелүүлж буй, эсэхийг хянан хэлэлцэх УИХ-ын хуралдаанд аанай л сайдын сэтэртэй арван хэдэн гишүүн сууж, санал хураалгах тохиолдолд бодитой шийдвэр гаргах, эсэх нь эргэлзээтэй. Ийнхүү хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалын харилцан хяналт-тэнцэл алдагдахаас гадна УИХ, Засгийн газрын гишүүний ажил, үүрэг давхардан, цалгарддаг. Сайд болсон гишүүн УИХ-ын хуралдаанд үзэгдэхээ больдог, эсвэл Засгийн газрын ажлаа хаяад тойрог руугаа гүйчихдэг гэмтэй.
Энэ бол 2000 оноос хойших 20 жилийн Монголын нэг зовлон. Тиймээс ч хоёр жил гаруйн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа "давхар дээл”-тэй байж болох сайдын тоог дөрвөөр хязгаарласан. Үр дүн нь юу байв. Өдгөө үүнээсээ буцаж, бүх сайдаа ч УИХ-аас томилж болох нөхцөл бүрдүүлэх гээд байгаагийн учир юунд байна вэ.
Үнэндээ "давхар дээл”-ийг Үндсэн хуулиар хязгаарлуулсны "үр шим”-ийг хүртэх хүн нь өнөөгийн Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ байв. Сайдын суудлыг сэрүүн зүүдэлдэг УИХ-ын гишүүдэд "Дөрвөөс илүүг томилж болохгүй шүү дээ” гэж хэлчихээд суух нь амар байсан биз, уг нь. Гэвч тэрбээр "Парламентад оруулсан асуудлаа авч гарах, нийгэмд ойлгуулахдаа жулддаг тал бий. Тэд чадлаараа л ажлаа хийж байгаа. Гэхдээ улс төрийн талбарт өөрийгөө илэрхийлэх, асуудлаа зоригтой шийдүүлэхэд сул талтай” хэмээн мэргэжлийн гэгддэг, салбараасаа томилогдсон, дан "дээл”-тэй сайд нараа тодорхойлсон удаатай. Ингэхдээ Ерөнхий сайд парламентын гаднаас томилсон сайд нар нь тойрог руугаа гүйгээд байдаггүй гэхээс өөрөөр давуу талыг нь дурдаагүй юм даг. Энэ нь ганц түүний Засгийн газраас ажиглагдсан зүйл биш гэдэг нь өдгөө илүү тодорч байх шиг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн биш сайд нарын ажил "унадаг”, урагшилдаггүй, хууль тогтоогчид тойрог руугаа төсөв татдаг, дарамт, шахалт үзүүлдэг байдал сайд нарынхаа дийлэнхийг парламентын гаднаас томилсон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт илүүтэй мэдрэгдэж байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь, өнгөрсөн намар Засгийн газар 2022 оны төсвийн төслийг боловсруулахдаа УИХ-ын гишүүдээс дөрөв дөрвөн тэрбум төгрөгийн санал авсан. Тойрогтоо, сонгогдсон аймаг, дүүрэгтээ төсвийн мөнгөөр ямар ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг саналаа дөрвөн тэрбум төгрөгт багтаан ирүүлнэ үү гэж гишүүдээс гуйсан хэрэг. Өмнө нь энэ "санал”-ын хэмжээ 500 сая төгрөгөөс тэрбум, тэрбумаар өссөнийг санаж байгаа болов уу. Олон нийтийн зүгээс үүнийг "авлига” хэмээн шүүмжилсэн нь ч буруу биш. Улсын төсвийг батлах эрх нь УИХ-ын гишүүдийн онцгой бүрэн эрх учраас боож, багцалсан төслөө задлуулж, зүсийг нь тэгтлээ хувиргачихалгүй үлдээхийн тулд тал засаж буйгаас өөрцгүй. Уг нь хөгжлийн бодлогоо бариад, хаана, ямар хөрөнгө оруулалт хамгийн чухал вэ гэдгээ тооцон, хурааж, цуглуулсан хөрөнгөө захиран зарцуулах эрх нь гүйцэтгэх засаглалын тэргүүнийх атал бодит байдал нь өөр. Өнгөрсөн оны дөрвөн тэрбум өнөө жил хэд болохыг ч хэлж мэдэхгүй нь. Тун удахгүй 2023 оны төсвийн төслийг өргөн барих учраас УИХ-ын гишүүдийг царайчлах "ажиллагаа”- гаа Засгийн газар хэдийн эхлүүлсэн биз.
Ер нь УИХ-ын гишүүн гэдэг нь "бүх юмны дарга” гэж ойлгодог олон хүн манай парламентад бий. Байсаар ч ирсэн. Гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны үеэр сайд нарыг тачигнатал загнаж, өрөөндөө дуудан үүрэг, даалгавар өгдөг нь гайхах зүйл биш болсон. Тэгж яривал 2012 онд холимог тогтолцоогоор явуулсан сонгуулиар нэрийн жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүдийг тойргоос сонгогдсон зарим нь "гадуурхах” маягтай, "Та нарыг бодвол биднийг ард түмэн сонгосон” хэмээн дээрэлхүү ханддаг байсан гэдэг. Юутай ч одоогийн Засгийн газраар жишээ авахад л Н.Тавинбэх, С.Энхболд, Г.Ёндон, Ч.Номин, Л.Халтар зэрэг салбартаа л гэхээс улс төрд танигдаагүй, МАН-ын Бага хурлын гишүүн ч болоогүй хүмүүсийг гэнэт сайдаар томилчихоор манай парламентынхан бачимдаад байдаг бололтой юм билээ. УИХ-д хоёр, гурав сонгогдож, намдаа суудал авчирчихаад байхад хэн ч мэдэхгүй хүмүүсийг сайдаар томиллоо хэмээн гомдоллодог сурагтай. Тиймээс ч багадаа хоёр удаа сонгогдсон гишүүдээс сайд нарыг тодруулна гэх "шалгуур” тавих тухайгаа Ерөнхий сайд уржигдар хийсэн МАН-ын бүлгийн хуралд уламжилсан гэнэ. "Тогоо”-н дотроо ч зиндаархдаг гишүүд "давхар дээл”- гүй сайд нарт "дабль стандарт”-тай хандах ч тохой залган суудаг гишүүн-сайд нарыг ширүүлж чаддаггүй юм билээ. Одоогоор УИХ дахь Ардын намынхнаас Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан нараас өөр Цэцийн шийдвэрийг эсэргүүцэх гишүүн гараагүй нь "дээл”-ээ давхарлах хүсэл тээж яваагийнх нь илрэл ч байж мэднэ.
Ингээд бүх зүйл санаснаар болсонгүй. "Давхар дээл”-тэй сайд нарыг хязгаарлалаа гээд асуудал шийдэгдэхгүй нь. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр парламентын засаглал, Ерөнхий сайдын бүрэн эрхийг бэхжүүлж, Засгийн газрын тэргүүн сайд нараа томилж, чөлөөлөх эрхтэй болгосон ч хүлээлтэд хүрч, хүчтэй байж чадсангүй. Тиймээс ч Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах ажиллагаа үнэмлэхүй олонхын санаачилгаар өрнөж байна. Бярдаж хийх бүрэн эрх нь тэдэнд бий. Хийх ч биз. Гагцхүү 2000 оноос хойших 20 жилийн түүхээ давтах уу. Өөрөөр хэлбэл, "давхар дээл”-тнүүд хууль тогтоох эрх мэдлийн бие даасан байдалд нөлөөлөх жин бага байх нөхцөл бүрдүүлж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх үү, эсвэл энэ хэвээр нь үлдээх үү гэдэг нь анхаарал татаж байна.
Б.Номин
Өнөөдөр сонин
Сэтгэгдэл