Н.Амартүвшин: Барилгын салбарын сургалтууд есдүгээр сараас цахим хэлбэрт бүрэн шилжинэ


Н.Амартүвшин: Барилгын салбарын сургалтууд есдүгээр сараас цахим хэлбэрт бүрэн шилжинэ

 

Барилгын хөгжлийн төвөөс салбарын мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтнүүдэд зориулсан заавал суралцах болон сонгон суралцах багц цаг тооцох сургалтыг зохион байгуулдаг. Сургалтын талаар Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшинтэй ярилцлаа.

– Барилгын салбарын цахимжуулалт, тэр дундаа сургалтын үйл ажиллагааг цахимд шилжүүлж байгаа тухай мэдээллийг энэ удаад онцолж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
– Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсаны дагуу төрийн үйлчилгээг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх зорилгын хүрээнд Барилгын хөгжлийн төвөөс Барилгын нэгдсэн мэдээллийн систем /www.MCIS.GOV.MN /-хөгжүүлэн барилгын салбарын төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимд шилжүүлсэн. Тодруулбал, энэ системээр барилгын Тусгай зөвшөөрөл, Норм, нормативын баримт бичиг, судалгаа, тоо баримтууд, салбарын хууль эрхзүй, магадлал, зураг төсөл, нийтийн аж ахуй гэх мэт үйлчилгээ, мэдээллүүдийг цахимд шилжүүлээд байна. Энэ дагуу есдүгээр сараас эхлэн Барилгын хөгжлийн төвөөс зохион байгуулдаг мэргэшүүлэх болон чадавхжуулах бүх сургалтыг бүрэн цахим хэлбэрт шилжүүллээ. Салбарын инженер, техникийн ажилтнууд сургалтыг цахимаар үзэхийн тулд https://mcis.gov.mn/ хаягаар өөрийн эрхээр нэвтрэн орж, төлбөрөө төлснөөр сургалтад суралцах эрх нээгдэнэ гэсэн үг.

-Мэдээж сургалтыг цахимаар зохион байгуулснаар суралцагсдад олон давуу талуудыг бий болгож байгаа болов уу?
-Бид цар тахал, хөл хорионы үед сургалтуудаа цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгуулж ирсэн. Цахимаар хичээлээ үзэх нь олон давуу талыг бий болж байна гэж суралцагсад сэтгэл ханамжийн судалгаанд саналаа илэрхийлсээр байна. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутаг болоод гадаад улсад сурч, хөдөлмөрлөж буй инженер, техникийн ажилтнууд орон зай, цаг хугацааг үл хамааран хаанаас ч сургалтад хамрагдан мэдээлэл авч байснаараа давуу талтай. Суралцагсдын тоо, оролцоо, идэвх улам нэмэгдсэн. Жилд дунджаар 1000 орчим инженер, техникийн ажилтан хамрагддаг байсан бол өнгөрсөн жил 5000 гаруй инженер хамрагдсан.Танхимаар хичээллэж байсантай харьцуулахад харьцангуй өндөр тоо юм.
Нэг талаасаа Барилгын салбарын инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, мэдээлэл олж авах, ур чадвараа дээшлүүлэх оролцоо нэмэгдсэн. Нөгөө талаараа цахим сургалт нь суралцагсдад цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг бий болгосон гэсэн үр дүнг харуулж байна. Тиймээс манайхаас зохион байгуулдаг сургалтын бүх үйл ажиллагааг бүрэн цахимд шилжүүлсэн.

-Цахим сургалтад хамрагдах инженер техникийн ажилтнууд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ. Мөн анхаарах зүйлүүдийн талаар тодруулбал?
-Сургалтад хамрагдах инженер техникийн ажилтан www.MCIS.GOV.MN системд бүртгүүлнэ. Ингэхдээ өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай. Ингээд цахим хаягаар нэвтрэх нэр болон нууц үгээ авч, өөрийн мэдээллийг e-mongolia-с татаж идэвхжүүлснээр үйлчилгээ авах эрх нь нээгдэнэ. Цаашлаад тухайн инженерийн мэргэшлийн зэрэг, тэргүүлэг зэргийг бүртгэх бүрэн боломжтой болно гэсэн үг.

Мөн мэргэшлийн зэрэг горилох тестийн эмхэтгэлийг "Барилгын салбарын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан”-д оруулснаар нийт 56 хүрээгээр шалгалт өгөх мэргэшлийн зэрэг горилох инженерүүд өөрийн эрхээр нэвтрэн орж үндсэн шалгалт өгөхөөс өмнө өөрийгөө сорьж үзэх боломжтой болж байгаа гэдгээрээ онцлог юм.

-Танайхаас зохион байгуулдаг сургалтуудын талаар …?
-Барилгын салбарт 60 мянга гаруй Инженер Техникийн Ажилтнууд бий гэсэн судалгаа байдаг. Тэдгээр мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж шинэ мэдлэг, мэдээллээр хангах, орчин үеийн дэвшилтэд технологи, норм стандарт, салбарын хууль эрхзүйн орчин гэх мэт заавал суралцах болон сонгон суралцах багц цагийн сургалтуудыг зохион байгуулдаг. Зэрэг горилж буй инженер, техникийн ажилтнууд 10 багц цагийг хангаж байж шалгалт өгөх эрх үүснэ. Үүний тав нь заавал үзэх ёстой, харин үлдсэн тав нь сонгон суралцах боломжтой. Заавал суралцах багц цагийн сургалтаар салбарын Хууль, эрх зүйн баримт бичиг, түүнийг дагалдан гарсан дүрэм журмын талаар мэдлэг олгодог. Үүнийг тухайн ажлын хэсэгт ажилласан болон боловсруулсан зөвлөх, тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд заадгаараа онцлог.

-Барилгын салбар дахь инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгодог. Зэрэг горилох инженерүүд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Мэргэшсэн зэрэг горилох Инженер Техникийн Ажилтнууд мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Харин зөвлөх болон тэргүүлэх зэрэг горилох мэргэжилтнүүд нь мэргэшсэн зэрэг нь хугацаагүй эрхтэй болсноос хойш гурван жилийн хугацаанд заавал суралцах сургалтын гурван багц цагийг хангасан байх ёстой. Хэрэв хугацаа нь гурав болон түүнээс дээш жил хэтэрсэн тохиолдолд таван багц цагийн хичээлд суух шаардлагатай болдог. Зэрэг ахиулснаас хойш тус бүр хоёр удаа сунгаснаар хугацаагүй эрхтэйд тооцдог. Манай мэргэжилтнүүд зэрэг авснаас хойш сургалтад хамрагдан багц цаг хангах тал дээр анхаарахгүй байснаас шалтгаалж зэргийн хүчинтэй хугацаа дуусахад шалгалтад орох шаардлага хангахгүй болчихдог. Үүнээс болж зэргээ хугацаанд нь сунгуулж чаддаггүй асуудал гардаг.

Мөн мэргэжлийн алдаа дутагдал гаргасныг эрх бүхий байгууллагаас тогтоосон мэргэжлийн ёс зүйн дүрэм, стандартыг зөрчсөн бол зохион байгуулагч байгууллагын саналыг үндэслэн мэргэшлийн зэргийг зөвлөлөөс хүчингүй болгож болдог. Ер нь барилгын салбарт дэвшилтэд технологи нэвтэрч, норм, норматив, стандарт өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Энэ бүх цаг үеийн мэдээлэл, өөрчлөлтийг барилгын салбарынхан алхам тутамдаа авч, мэдэж байх ёстой. Иймдээ ч манай төвөөс барилгын салбарын Инженер, Техникийн Ажилтнууддаа тогтмол мэдээлэл өгч, сургалтад хамруулснаар тэдний ур чадвар нэмэгдэх, аюулгүй ажиллагаагаа хангах, дэвшилтэд технологи, ололтыг салбартаа нэвтрүүлэх, нутагшуулах зэрэг давуу талтай.

Зөвхөн салбарын мэдээлэл, норм, норматив, стандартыг таниулахаас гадна байгууллагын менежмент, хувь хүний хөгжил, манлайлал зэрэг сэдвээр сургалт хийгддэг. Ингэснээр нийгмийн харилцаанд дутагдалтай байгаа ёс зүй, хандлагыг өөрчлөхөд салбарын Инженер, Техникийн Ажилтнууд маань манлайлах, өөрийгөө хөгжүүлэх, бусдад зөвөөр үлгэрлэж, мэдлэг, мэдээлэлтэй болж байна. Мөн Төсөвчний анхан шатны мэдлэг олгох сургалтад барилгын салбарын Инженер техникийн ажилтнуудаас гадна ААНБ-ын удирдлага, санхүүгийн ажилтнууд, менежерүүд хамрагдсанаар төсвийн талаарх анхан шатны мэдлэгтэй болж төсөвтөө өөрсдөө хяналт тавих чадвартай болж байна.

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэчнээн инженер техникийн ажилтныг мэргэшүүлэх болон чадавхжуулах сургалтаар бэлтгэж гаргасан бэ?
-Барилгын хөгжлийн төв үүсгэн байгуулагдаад 10 дах жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бид тус салбарын 15 мянга гаруй инженер техникийн ажилтныг давтан сургалтад хамруулж оюуны хөрөнгө оруулалт хийн ажиллажээ. Харин өнгөрсөн он жилүүдэд манай хэлтэс барилгын салбарын суурь судалгаануудыг нэгтгэн гаргаж төрийн захиргааны төв байгууллагадаа хүргэн ажиллаж ирлээ. Тухайлбал салбар мэргэшилтэй ажилтны судалгаа, орон сууцны судалгаа, гол нэрийн бараа материалын судалгаа зэрэг дурдаж болно. Мөн салбар сайдын тушаал шийдвэр цаг үеийн мэдээллийг багтаасан "Барилгын мэдээлэл” эмхэтгэлийг сар бүр эрхлэн гаргаж уншигчдадаа хүргэсээр байна.

-Ярилцсанд баярлалаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.