-Д-гийн тархины суурь яс хүндэвтэр гэмтэж, үхэл сэхлийн заагт байх энэ мөчид ШШГЕГ-ын удирдлагууд энэ хэргийг мэдсэн ч мэдээгүй царайлж ийнхүү өнөөдрийг хүрчээ-
Энэ сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 401 дүгээр ангийн эмч, хянагч хоёр хоорондоо зодолдсоны улмаас эмчийнх нь бие сайжралгүй, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Болсон явдлыг сийрүүлбэл, тус хорих ангийн хамт олон 12-ны өдөр байгууллагынхаа 95 жилийн ой, олон ангийнхаа 40 жилийн ойг Төр хурахын амралтын газар тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ үеэр ажилчид сархаддаа хөлчүүрхэн хорих ангийн эмч Д-г мөн ангийн хянагч Д нь зодож гэмтээн тархины суурь ясанд хүндэвтэр гэмтэл учруулжээ. Одоогийн байдлаар эмч Д-гийн биеийн байдал хүндэвтэр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ч тус ангийн дарга хурандаа Анаргүль нь энэ хэргийг нуун дарахыг хичээж цагдаа, шүүх эмнэлгээр нэлээд явсан сурагтай.
Тэр ч бүү хэл хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн гуйлтыг танил талаараа дамжуулж яваа тухай эх сурвалж мэдээлж байна.
Нэг эмчийнх нь тархины суурь яс хүндэвтэр гэмтэж, үхэл сэхлийн заагт байх энэ мөчид ШШГЕГ-ын удирдлагууд энэ хэргийг мэдсэн ч мэдээгүй царайлж ийнхүү өнөөдрийг хүрчээ. Уг нь тэд архидан согтуурч нэгнээ гэмтээсэн хянагч Д-д болон ангийн дарга хурандаа Анаргүльд ч хариуцлага тооцох ёстой. Гэтэл ийм ноцтой хэрэг гарчихаад байхад түүнд хариуцлага тооцох нь бүү хэл алба хаагчийнх нь биеийн байдал ямархуу байгааг ч мэдэхгүй байгаа нь харамсалтай. Хэрвээ өдгөө хурандаа Анаргүль удирдлагуудынхаа татаасаар энэхүү албан тушаалд очоогүй бол аль хэдийнэ цол хэргэмээ хураалгаж сахилгын шийтгэл авсан байх ёстой. Гэтэл тэрбээр дарга нарынхаа нөмөр нөөлөгт багтсан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгөөч хэмээн цагдаа цэргээр нэр нүүрээ барж явж байна гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Энэ мэтчилэн дарга нарын татаасууд хэргийн гадна үлдэж, татаасгүй нэг нь хэрхэн хохирч байсан тухай баримтыг дурдъя.
Ялтан осол гаргасны төлөө ангийн даргынх нь цолыг бууруулжээ
Тухайлбал, өнгөрсөн сарын 29-ний өдөр Хорих 429 дүгээр ангийн ялтан А нь тус хорих ангийн "УАЗ” фургон машиныг барьж яваад авто осол гаргажээ. Ингээд ялтныг осол гаргасных нь дараа газрын даргын тушаалаар тус Хорих ангийн даргын цолыг нэг шат бууруулаад зогсохгүй анги дээрээ үүрэг гүйцэтгэж байсан ээлжийн даргын цалинг хасах шийдвэр гаргаж, мөн ялтан А-тай хамт кабин дотор сууж явсан алба хаагчид арга хэмжээ авсан байна.
Тэгэхээр ялтан А авто осол гаргасных нь төлөө гурван хүнд хариуцлага тооцож, ангийн даргынх нь цол хэргэмийг хассан мөртлөө алба хаагчдаа хараа хяналтынхаа гадуур үлдээж согтууран хөлчүүрхсэн хурандаа Анаргүлдь яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бол гэдэг нь хачирхалтай. Яг үнэндээ Анаргүль нь тус хорих ангийг удирдах чадвартай нэгэн биш гэдгийг тус ангийн алба хаагчид хэлдэг юм билээ. Тэрбээр эмч мэргэжилтэй нэгэн бөгөөд С.Билэгтийг тус газрын даргаар ирснээс хойш ийнхүү тус хорих ангийн даргаар томилогдож байжээ.
Хорих анги гэдэг хэр барагтай хүний удирдаад байдаг алба биш. Тус газар нь улсын онцгой бүсэд хамаардаг, мэргэжлийн хүмүүс удирдах ёстой онцгой газар. Гэтэл өөрсдийн танил талаа харж, хорих ангийн талаар ямар ч мэдлэг боловсролгүй, бусдыг удирдан чиглүүлэх арга барилгүй хүнийг томилсноос болж алба хаагчид хоёр хуваагдаж, ийнхүү нэгнийхээ эд эрхтнийг хүндээр гэмтээж, өдгөө БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдах болсон гэж эх сурвалж ярьж байна.
Ер нь ч өнгөрсөн хугацаанд хүчний байгууллагаас албан тушаал, цол хоёрыг хамгийн их үнэгүйдүүлсэн газар нь ШШГЕГ гэдэг юм билээ. Тус байгууллага 2014 оноос эхэлж хөл толгойгоо олохоо байж, хэдхэн хүний заавар зөвлөгөөгөөр ажил нь явагддаг болсон бөгөөд бүтэхгүй байгааг нь ил тодоор хэлсэн нэгийг нь хавчин гадуурхаж, ажлаас нь чөлөөлөх явдал өнгөрсөн хугацаанд олонтаа гарч байсан гэлцдэг. Түүнчлэн тус газрын удирдлагууд мэргэжлийн бус хүмүүсийг дээрх замаар өндөр албан тушаалд томилоод зогсохгүй цэргийн дээд цолыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар бус газрын даргын тушаалаар олон хүнд олгосон нь тус газрын алба хаагчдын дургүй, дургүйцэл хоёрыг дээд цэгт нь хүргэсэн гэнэ. Ямартай ч ШШГЕГ-т бугшсан энэ мэт идээ бээрийг зохих газрууд нь шалгавал маш олон алба хаагч гомдол гаргахаар зэхэж буй юм билээ.
Яг үнэндээ тус газрын алба хаагчид удирдлагуудынхаа энэ мэт эрээ цээргүй үйлдлийг холбогдох газруудад нь илчлэхийг хүссэн ч ажил, амьдралгүй болчихно гэсэн айдас тээж явдгаа нуусангүй. Эцэст нь хэлэхэд тус газрын даргаар томилогдон ирэх гэж буй Ц.Амгаланбаяр дарга та энэхүү бугшсан идээ бээрийг үлдэн хөөж, мэргэжлийн, ажилдаа гаршсан алба хаагчийг зохих албан тушаалд нь томилбол олон хүний нуруу тэнийж, олон алба хаагч айдас хүйдэсгүйгээр ажлаа хийх боломж бололцоо нь бүрдэх биз ээ.
Эх сурвалж:
|
Сэтгэгдэл