2023 оны шинэ оны эхний өдөр Энэтхэг далайн төв хэсэгт орших Чагос арлуудын оршин суугчид сайн мэдээ дуулав.Тодруулбал маргаантай байсан Чагос арлын бүрэн эрхийн асуудлаар Их Британитай хэлэлцээ хийж буйгаа Маврикийн Ерөнхий сайд Правинд Ягнаут мэдэгджээ. Энэ нь Чагос арлыг Маврикид буцаах үйл явц албан ёсоор эхэлсэн гэсэн үг билээ. Олон улсын хамтын нийгэмлэг үүнээс ч илүү хүлээж байгаа зүйл бол Их Британи Чагос арлын эзэмшлийн асуудлыг шийдсэний дараа Малвинасын арлуудын асуудлаар Аргентинтай даруй хэлэлцээ хийх явдал юм.
Өнгөрсөн хугацаанд Их Британи гадаадад хамгийн олон колонийн газартай Европын орон байсан юм. Их Британийн түүхч Стюарт Лайкокийн бичсэнээр түүхийн өөр өөр цаг үед Их Британи дэлхийн улс орнуудын бараг 90 хувийг эзлэн түрэмгийлж байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа барууны колоничлолын систем задарсан ч колоничлолын нөлөөлөл хэвээрээ үлдсэн. "Нар жаргадаггүй эзэнт гүрэн" хэмээгдэж байсан Их Британи одоо ч Чагос арал, Малвинасын арал зэрэг газарт эрхээ үлдээсэн ба бусад орны бүрэн эрхт байдлыг уландаа гишгэж, колоничлолоо үргэлжлүүлэхийг мөрөөддөг нь нууц биш.
Гэхдээ энэ хоёр арлын түүх маш тодорхой. Чагос арал нь угаасаа Африкийн арлын Маврики улсын нутаг дэвсгэр юм. 1965 онд Маврикийг тусгаар тогтнолоо олж авах үед нэмэлт нөхцөл болгон Их Британи нь Чагос арлыг "Их Британийн Энэтхэг далай дахь нутаг дэвсгэр" болгон хувааж авсан бөгөөд тохиромжтой үед буцааж өгнө гэжээ. Гэвч тэр цагаас хойш Их Британи энэ асуудлыг сунжруулж, буцааж өгөхгүй хэвээр байсан төдийгүй Чагосын хамгийн том арал болох Диего Гарсиа арлыг АНУ-ын зэвсэгт хүчинд зээлүүлэн, АНУ тэнд Энэтхэг далай дахь хамгийн том цэргийн бааз барихыг дэмжсэн түүхтэй.
2019 оны хоёрдугаар сард НҮБ-ын Олон улсын шүүх Их Британи Чагос арлыг эзэлсэн явдлыг хууль бус гэж тогтоосон юм. Мөн оны тавдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей 6 сарын дотор Чагос арлыг Маврикид буцаан өгөхийг Их Британиас шаардсан тогтоолыг олонхийн саналаар баталсан байна. Мөн 2021 оны нэгдүгээр сард Олон улсын тэнгисийн хуулийн шүүхээс Чагос арлын бүрэн эрх Их Британид байхгүй гэдгийг баталж, уг арлыг буцааж өгөхөөс татгалзаж буйг нь буруушаасан шийдвэр гаргасан. Гэвч Их Британи үүнийг олж сонсоогүй мэт аашилсаар өдийг хүрчээ.
Өнгөрсөн оны 11-р сарын үед олон улсын хамтын нийгэмлэг болон колоничлолын эсрэг дотоодын бүлгүүдийн шахалт дор Их Британи нь Чагос арлын бүрэн эрхт байдлын талаар Маврики улстай хэлэлцээ хийнэ гэдгээ мэдэгдэж, энэ оны эхээр тохиролцоонд хүрнэ хэмээн найдаж байна гэжээ.
Колоничлол бол хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэн дэхь нэн эмзэг шарх сорви бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг Малвинасын арлуудын асуудлаар Аргентиныг дэмжихээ хэзээ ч зогсоогоогүй юм. 21-р зуунд колоничлолд орон зай байх ёсгүй.
Наянтайгийн Далантай
Сэтгэгдэл