Жолоочийг торгох нь замын цагдаагийн гол ажил болсон уу


Жолоочийг торгох нь замын цагдаагийн гол ажил болсон уу

 

-ЦАГДАА НАР ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЗОХИЦУУЛАХААС ИЛҮҮТЭЙГЭЭР ЖОЛООЧ НАРЫГ ТОРГОХ ГЭЖ УЛАЙРДАГ-

       Замын цагдаа нар өнгөрсөн долоо хоногоос жолооч нарыг торгох ажилд шуурхайлан оржээ. Хэн нэгнээс тушаал заавар авчихсан юм шиг эсвэл тэдний үндсэн гол ажил нь жолооч нарт торгуулийн арга хэмжээ авч,  улсын дансанд  хэдэн төгрөг тушаах ёстой юм шиг аашилж байна. Замын өнцөг булан бүрд хоёр гурваараа зогсчихсон  автомашин бүрийг шил дараалан зогсоож, жолооч бүрийг нарийвчлан шалгаж, торгож байгаад иргэд бухимдаж буй. Эхлээд согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн эсэхийг шалгаж, 0.20 хувиас  дээш  хувийн согтолттой гарч  байвал   өндөр торгуул ногдуулах гэж нарийн шалгаж байгаа юм. Арай л "Та уржигдар архи, пиво уусан уу” гэж асуух нь  холгүй. Дараа нь  автомашины бүрэн бүтэн байдал, оношилгоо үзлэгт орсон эсэх, жолоочийн хариуцлагын оноо гээд цааш нь шалгах  юм.  Өнгөрсөн долоо хоногийн  амралтын өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  ийм үйл явдал болж байхтай бид таарав.

     60 орчим настай болов уу гэмээр жолоочийг гурван цагдаа зогсоодог юм байна. Тэд хажууд нь сууж явсан зорчигчийн "Аюулгүйн бүсээ бүслээгүй байна” гэх өө олчихлоо. Цагдаа нар жолооч, зорчигч нарт бүсээ зүүж явахыг анхааруулах нь битгий хэл учир зүггүй шууд л торгох гэж улайрч байв.

Өөрийнхөө аав шигээ хүнийг зогсоочихсон торгох гэж элдвээр үзэхэд нь зорчигч "Ах нь тэтгэврийн зээлтэй. Торголгүй явуулчих. Амьдрал хүнд байна шүү дээ” гээд учирлан гуйх. Харамсалтай нь  замын цагдаа нар түүний хэлж байгаа үгийг тоосонгүй.Торгуулийн хуудас гаргаад өгчихлөө. Торгуулсан жолооч цагдаа нарт  уурлаж уцаарлав. Үүнээс болоод асуудал бүр хүндэрч, нөгөөх жолооч  хариуцлагын онооноосоо хасуулах, цагдаа нарын  тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн   гэх хэд хэдэн хэргийн гол буруутан болж,  хэрэг нь бүр хүндэрч, бараг машинаа ачуулаад өөрөө саатуулагдах шахав.  

Замын цагдаа нар  торгуулсандаа болоод уурласан  өвгөнийг гурван талаас нь бүчиж аваад загнаад байгаа харагдана лээ. Хөөрхий нөгөөх жолооч өөрийнхөө хүүхэд шиг залууст торгуулсандаа ч юм уу хоолой нь зангираад "Би төрд 40 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн шүү дээ” гэж хэлээд машиндаа суугаад хаазлан одсон юм.  

     Ийнхүү хойд зуслангаас зүгээс урагш явлаа. Зуслангийн замд гурван боолтыг давж 17 дугаар сургуулийн уулзварт иртэл мөн л дахин шалгуулав. Шинэ зам дээр бас хоёр цагдаа зогсчихсон машин бүрийг шалгаад байгаа харагдлаа. Эндээсээ нэвт явсаар Төрийн ордны  зүүн талд мөн л цагдаа нар шалгаж байгаатай таарлаа. Тэндээс мөн 200 метр хүрэхгүй зайд бас л шалгаж байв. Ингээд замаараа урагш явсаар Эрүүл мэндийн яамны уулзвар дээр хоёр цагдаа жолооч нарыг   хэмжигч багажаараа үлээлгээд зогсох юм. Нарны гүүр даваад мөн л гурван цагдаа зогсож байх. Маршалын гүүрний  наана, цаана ч  ялгаагүй замын цагдаа. Ямар нэгэн онц ноцтой гэмт хэрэг гарчихсан юм шиг иргэдийг айдаст автуулан  цагдаа нар зам даган таахалзан алхах ажээ. Харин Замын цагдаа нарын хажуугаар үнэтэй жийп унасан жолооч нар сүнгэнүүлэн давхиад байх. Тэднийг огт шалгахгүй явуулчихна. Харин "навсгар” машин унасан жолооч  нарын эрлэг нь  замын цагдаа болон хувирчээ.

ЗАМЫН ЦАГДААД ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ ДААЛГАВАР ӨГДӨГ ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ

     Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ачааллыг зохицуулах үүрэгтэйгээр замын цагдаа нар ажилдаа гардаг. Гэвч тэд автозамыг улам түгжрэлтэй болгож, урсгал зогсоож байгаад сайд, дарга нарыг түгжрэлээс татаж явуулдагт нь жолооч нар бухимддаг болоод удаж байна.

Замын цагдаа нар дулаан орж эхлэхэд буюу хаврын улиралд жолооч нарыг торгодог нь ихэсдэг гэх. Тэд булан тохойд нуугдаж байгаад ч болтугай жолооч нарыг торгож, элдвээр аашилдаг болох зэрэг цагдаа нартай холбоотой гомдол Тээврийн цагдаагийн албанд байнга очдог нь нууц биш.

     Учир нь, цагдаа нарт дарга нар нь өдөрт 30,40 жолоочийг өндөр төлбөрөөр торгох тушаал өгдөг гэх мэдээлэл бий. Хэрвээ цагдаа нарыг нормоо биелүүлээгүй бол буух цаг нь болсон байсан ч биелүүлтэл нь ажиллуулдаг гэх. Тиймээс торгууль ногдуулсан цагдаа гэлтгүй жолооч нарыг торгох даалгавар өгдөг дарга нарт хуулийн хариуцлага тооцох нь чухал болоод байгаа. Мөн жолоочдыг дээрэлхэж, элдвээр харааж, айлган сүрдүүлдэг цагдаа нарын бүдүүлэг харилцаа  хэрээс хэтэрч байгаа нь жолооч нарыг айлгаж байгаад торгоод сурчихсантай холбоотой биз. Хэдийгээр цагдаа нар ил болон далд хэлбэрээр хяналт тавьж, үүргээ гүйцэтгэх ёстой ч торгох нормоо биелүүлэхийн тулд  үүргээ урвуулан ашиглаж, жолооч нарт сүрийг үзүүлж байгаад өндөр төлбөр авдаг хууль бус үйлдэл гаарч байгааг төрийн өндөр албан тушаалтнууд анхаарах цаг нь болжээ.

    Цагдаа нарын ямар нэгэн шалтаг хайж байгаад юм уу элдвээр хэлж, хэлүүлж байгаад заавал торгож, нийслэлийн төсвийг бүрдүүлдэг нь хамгийн чухал ажил нь болоод байгаа юм биш үү. Тухайлбал, Тээврийн цагдаагийн алба жил бүр 20 тэрбум төгрөгийг иргэдээс шууж, төсөв бүрдүүлдэг болохыг нийслэлийн төсвийн тайлангаас харж болно. Ингэснээр Тээврийн цагдаагийн алба нийслэлийн төсвийг бүрдүүлдгээрээ эхний хоёрт ордог байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй цагдаа нар анхааруулаад явуулчих дайны зөрчлийг өндөр төлбөрөөр торгож, төсвийн мөнгийг босгодог ажлаасаа хэзээ чөлөөлөгдөх вэ. Иймэрхүү хууль бус байдлаас буюу элдвийн аргаар жолооч нарыг торгодог байдлаас яаралтай салахгүй бол иргэд түжрэлд ядарсан жолооч нар нь торгууль нэрийдлээр мөнгө тушаасаар шулуулж дуусах нь ээ, дарга нар аа.

Ergelt.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.