Я.Содбаатар: Улс төрийн намуудад сонгогчдынх нь саналтай уялдуулж төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ


Я.Содбаатар: Улс төрийн намуудад сонгогчдынх нь саналтай уялдуулж төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ 
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэв. 

Намын дотоод зөрчил, маргаан гарахаас сэргийлсэн ямар заалтыг хуульд тусгасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "18 жилийн дараа оруулж ирж байгаа хууль. Хуулийн хүрээнд маргааныг яаж шийдвэрлэх талаар улс төрийн намуудын төлөөллөөс санал авч, тусгасан.

Тухайлбал, намыг бүртгэх асуудлыг сонгуулийн төв байгууллага хянаад, Улсын дээд шүүх рүү шилжүүлж байгаа. Уг шүүх хэзээ яаж шийдвэр гаргахыг тодорхой болгосон. Намыг бүртгэх шийдвэрийг нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор сонгуулийн төв байгууллага гэрчилгээ олгох талаар хуулийн төсөлд оруулсан. 

Өмнөх хуулиар хүчин төгөлдөр байгаа улс төрийн намуудыг дахин бүртгэхгүй. Харин нам тухайн улс төрийн хүчнүүд өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг эрх зүйн орчинтой нийцүүлэн сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх хугацааг нь зааж өгч байгаа" хэмээв. 

Харин намуудад олгох санхүүжилтийн тухайд "Сонгуулийн дараа авсан суудалд нь намуудад дэмжлэг үзүүлдэг. Дөрвөн жилийн хугацаанд улсын төсвөөс улс төрийн намуудад 21 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна. 

Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр сонгогчдынх нь саналтай уялдуулж, улс төрийн намуудад төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Сонгогчдоос дэмжлэг авахгүй тухайн улс төрийн намд дэмжлэг үзүүлэхгүй. Тийм учраас 30 нам энэ дэмжлэгийг авах гээд байгаа зүйл биш. Энэ нь өнөөдрийн өргөн барьсан төслөөр 21 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй" гэв.


 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.