Л.Оюун-Эрдэнэ хэнийг "хэрэг дардаг" гэчихэв?


Л.Оюун-Эрдэнэ хэнийг "хэрэг дардаг" гэчихэв?

 

Том хулгай тойрсон асуудлаар Шүүх, Засаг хоёр үзэлцээд удаж байгаа билээ. Л.Оюун-Эрдэнэ ер нь шүүхтэй холбоотой олон юм ярьдаг. "Шүүхийг нүд цавчилгүй харна" гэж олон удаа хэлсэн.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөл түүнийг "Шүүхэд халдлаа" гэж хэлэлцсэн. Түүнээс хойш ч тэрбээр хэд хэдэн удаа Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой байр сууриа илэрхийллээ.

 

Чуулганы танхимд, өрөөндөө хэлсэн үгсүүд нь хэвлэл, цахим сүлжээгээр нэвтэрсэн. Бид ч зах зухаас нь мэдээлсэн. Хамгийн сүүлд уржигдар Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр нэлээд олон зүйлийг ярьжээ. Энэ нь Чингэлтэйн шүүх "Эрдэнэс Таван толгой" компанийн захирал асан Б.Ганхуягийг суллаад буцааж хорьсонтой холбоотой бололтой.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэр хуралдаан дээр "Шүүхийг шударга байлгахын төлөө чадах бүхнээ хийнэ. Ухрахгүй. Болохгүй бол Төв талбайд иргэдтэй жагсаж байгаад нэг талдаа гарна. Мишигийн Батсуурийг чөлөөлж чадаагүй Шүүхийн ерөнхий зөвлөл Засаг руу орох гээд байх хэрэггүй байгаа юм.

 

Ер нь шүүгчдийн авлигын асуудлыг шалгах ёстой. Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд шалгагдаж байна. Шүүгчдэд ч хамаатай. Шүүр ажиллагаанаас шүүгчид үлдэх ёсгүй" гэсэн байна.

 

Мөн тэрбээр "Эрдэнэтийн 49"-ийн хэрэг хэдэн жил болов. Цахим дээр бүх хэргийн процесс ил байх ёстой. Д.Мөнх-Эрдэнийн  сенсацийн ард Кёкүшюзан Д.Батбаярыг чөлөөлсөн. Энэ үнэн шүү. Үндсэн хууль дундуур Б.Ганхуягийг гаргана. Тэгснээ нийгэм шуугихаар буцааж хорино. Ийм Шүүхтэй байхад хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх юм бэ. Хэнийг хуураад байгаа юм бэ.

 

Ер нь бол хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү" гэж хэлжээ. Эндээс харвал Л.Оюун-Эрдэнийн энэ ярьсан зүйлүүд нь зөвхөн Шүүх рүү хандаад байгаа биш бололтой. Учир нь тэрбээр ярианыхаа төгсгөлд "Хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү" гэсэн байна.

 

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ хэнийг "хэрэг дардаг" гэчихэв гэдэг сонин байна. Шүүх үү. Шүүхийн ерөнхий зөвлөл үү. Аль эсвэл хэн нэгэн албан тушаалтан уу?

 

 

Ө.Бааст


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.