"Цаазын ялгүй орон байгаарай" хэмээн дахин хэлэхээр Ромын пап Монгол Улсад айлчилна


Монгол Улс сүүлийн жилүүдэд геополитик, ардчиллын хувьд түүхэн айлчлалуудыг хүлээн авч байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Францын Ерөнхийлөгч Э.Макроны айлчлал болж өндөрлөлөө.

Харин одоо албан ёсоор зарлагдаад байгаа дээд хэмжээний айлчлал бол Ромын их хамба лам, тусгаар тогтносон Ватикан Улсын тэргүүн Францис ирэх есдүгээр сар /2023.09/-д манай улсад айлчлал хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Энэ бүх айлчлалыг Монголын чөлөөт нийгэм, ардчиллыг хамгаалах гэсэн орнуудын байр суурь гэж тайлбарлах судлаачид ч олон байгаа юм.

-ВАТИКАНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ МОНГОЛ УЛСАД БАЙДГИЙГ ХҮН БҮР МЭДДЭГГҮЙ-

Сонирхуулахад,Ита­лийн нийслэл Ром хотноо байх дэлхийн хамгийн жижиг улс бол Ватиканы хот улс юм. Ватикан нь хааш, хаашаа нэг км хүрэхгүй хэмжээтэй хот улс хэдий ч, дэлхийн 1.2 тэрбум католик шашинтнуудын оюун санааны төв нь гэдэг.  Харин Ватикан улсын хүн ам нь сүмийн өндөр хэргэмтэн болох кардинал, сан­ваар­тан, гэлэнмаа, мөн уламжлалаараа папыг хамгаалж ирсэн швей­царь хамгаалагч нар гээд 800 гаруй хүн амтай бөгөөд улсын гадна ажилладаг 3 мянган ажилтантай талаар Өдрийн сонины нийтлэлч Э.Энэрэл тус улсад айлчилсан нийтлэлдээ бичжээ. 

 

Ватикан Улсын элчин сайд
Ватикан Улсын элчин сайд

 

Тэгвэл өдгөө Монгол Улсад Ватикан Улсын элчин сайдын яам үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хүн бүр мэдэхгүй. Тодруулбал, тус улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Альфред Ксереб хэмээх эрхэм манай улсад сууж байна.

-РОМЫН ПАПУУД МОНГОЛЫН ИХ ХААДЫН ҮЕЭС ХАРИЛЦАН ЗАХИДАЛ ИЛГЭЭЖ БАЙСАН УЛАМЖЛАЛТАЙ-

Харин 3 сая гаруй хүн амтай, тэдний ихэнх нь бурхны шашинтай Монгол Улсад католик шашинт­нуудын тэргүүн, Ромын пап Францис яагаад айлчлахаар болов гэдэг нь анхаарал татаж буй. Тэгвэл Ромын пап Францисын манай улсад хийх айлчлал геополитик гэхээсээ илүүтэй Ромын пап асан XVI Бенедиктын хүслийг гүйцэлдүүлэх, нөгөө талаар цаазын ялыг халахын төлөө санаачилгыг дэмжиж буйгаа дахин илэрхийлэх болов уу. 

Тодруулбал, Ромын пап асан XVI Бенедикт 2010 оны эхээр Монгол Улсад айлчилна гэдгээ мэдэгдэж байсан ч, удалгүй эрүүл мэндийн шалтгааны улмаас Католик сүмийн дээд тэргүүний ажлаа өгсөн юм. Харин тэрээр 2022 оны 12 дугаар сард таалал төгссөн. 

Ромын пап асан XVI Бенедикт
Ромын пап асан XVI Бенедикт

 

Иймд түүний хүслийг биелүүлэхээр Ромын пап Францис манай улсад айлчилж байх талтай. Нөгөө талаар Ромын пап хүний эрхийн талаар хийж буй Монгол Улсын алхмууд болон цаазаар авах ялыг халсан санаачилгыг дэмжиж буйгаа дахин илэрхийлэх талтай. Учир нь Ватикан нь бие даасан улс болсон цагаасаа цаазын ялыг огт ашиглахгүй байж байгаад 1969 онд бүрэн халсан улс юм. Иймд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн цаазын ялаас татгалзах шийдвэрийг Ромын пап асан XVI Бенедикт ихэд дэмжиж байсан юм.

Харин Ромын папууд манай улстай Гүюг хааны үеэс захидал харилцан илгээж байсан уламжлалтай бөгөөд эдгээр түүхэн бичгүүд Ватиканы архивд өнөөг хүртэл гайхалтай хадгалагдан ирсэн гэдэг. Иймд Ромын пап Францисын айлчлал үеэр хоёр улсын түүхэн харилцаа ч хөндөгдөх нь дамжиггүй юм.

https://isee.mn/n/50746

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.