Танилц: Монголын мөнгөний авдар дээр заларсан МАН-ын хунтайж нар


Буянтай гэхээсээ илүү баян эцгийнхээ хууль бусаар хурааж, хуримтлуулсан их хөрөнгөөр эрх мэдэлд хүрэхээр дугаарлаж зогсоо хундан цагаан хунтайж нарын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүдээс харж болно. Ёстой л хөрөнгөтэй мөнгөтэй айлын "нялх Сэнгүм”-үүд луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү бидэнд хамаагүй байж болох ч цаана нь улс орны эрх ашиг гэж байгааг ямагт тэдэнд сануулах нь иргэдийн үүрэг. Баян эцэг, эхийн хүүхэд болж төрсөн "АЗТАЙ” юмаа гэж шүүрс алдахаас илүүтэй ёс зүй, шударга ёс алдагдсан аль ч үед бид тэднийг эсэргүүцэж, зогсоох бүрэн эрхтэй. Ялангуяа ард түмний амьдралыг мэдэхгүй, өлсч, цангаж, мөнгөгүйдэж, ядарч туйлдаж үзээгүй, ядарсан иргэдийнхээ зовлонг ойлгохгүй хуруу цагаан хунтайж нарыг улс орны чухал салбарт тэгээд шийдвэр гаргах түвшний өндөр албан тушаалд шууд томилох нь ариун явдал уу гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй биз.

        2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсаны үр дүнд тус намын "томчууд” хүүхдүүдээ төрийн өндөр албан тушаалд томилж байгаа гэх мэдээлэл сүүлийн хэдэн өдөр хэвлэл, мэдээллээр цацагдаж эхэлсэн. Тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.АнарМонгол банкны жирийн нэгэн ажилтнаас "Төлбөр тооцоо, бүртгэлийн газар”-ын захирлын сэнтийд заларсан байна. Эрх баригч намын даргын хүү ингэж томрохгүй бол алдас болох байлгүй. Үүнээс гадна Ерөнхий сайд асан, МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг Сү.Батболдын хүү Б.Баттүшиг ч мөн Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогджээ.

        Монгол банкинд буу хэл жижиг компанид ч жирийн нэг ажилтан захирлын албан тушаал руу шууд томилогдохгүй. Энэ бол  мэдлэг боловсрол, ажлын туршлагын эрэмбээр яригдах ёстой асуудал. Харин эцэг нь эрх бариад эхэлбэл дээрх эрэмбэ алдагддаг бололтой. М.Энхболдын хүү Э.Анарын хувьд 2012 онд Монгол банкинд ажилд орсон гэх мэдээлэл байна. Тэрбээр Японд боловсрол эзэмшсэн, сагсан бөмбөгийн дээд лигт ШШГЕГ-ын дэргэдэх "Офицерууд” багт тоглодог байжээ. Мөн Сангийн яаманд ажилладаг байсан гэх. Харин одоо аав нь эрх мэдэлд хүрсэн учраас Монгол банкинд албан тушаал ахиж захирал боллоо хэмээн хардах хүмүүс ч олон байгаа юм. Харин тэрбээр аав шигээ морь уях хоббитой гэнэ.

 

        Харин Б.Баттүшигийн хувьд мөн л сайн аавын буянаар Харвардын их сургуулийн Бизнесийн удирдлагын сургуулийг төгсөж И-Март дэлгүүрийн эзэн болж чадсан. Түүний хувьд Монгол банкны Хараат бус гишүүний хувьд Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралд оролцож, шаардлагатай бүхий л мэдээллийг гаргуулан авах бүрэн эрхтэй болжээ. Энэ утгаар Монгол Улсын санхүү, эдийн засаг, цаашлаад мөнгөний бодлогын чухал мэдээллүүдэд эзэн болно гэсэн үг. Гэтэл уг албан тушаалд туршлагатай, Монголын толгой эдийн засагчид багтах учиртай.

   

        Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл нь Төв банкнаас баримтлах ойрын болон дунд хугацааны мөнгөний бодлогыг тодорхойлж, эдийн засгийн ирээдүйн төлөв байдал, хүү, инфляцийн хүлээлтийг олон нийтэд бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэх эрх бүхий орон тооны бус бүтэц. Мөн макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсвийн болон бусад бодлогыг харгалзан мөнгөний бодлогын төлвийг тодорхойлдог аж. Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаанд хориглох зүйлсэд аливаа улс төр, бизнес бүлэглэлийн шахалт дарамтад өртөж, тэдний ашиг сонирхлыг төлөөлөхийг хориглосон байдаг. Мөнмөнгөний захад нөлөөлж болзошгүй мэдээллийн нууцлалыг алдагдуулахыг хатуу хориглодогбайна. Гэвч Б.Баттүшиг нь бизнесмэн хүн. Тиймээс ашиг сонирхлын зөрчил энд гарахгүй гэх баталгаагүй гэж хардах хүмүүс байна.

 

        МАН 2016 оны УИХ-ын сонгуульд төрийн албыг төрлийн болгохгүй гэж амалсан ч энэхүү амлалтаасаа буцаж эхэлсэн нь МАН-ын "нялх Сэнгэмүүд” төрийн өндөр албан тушаалд очижМ.Энхболдын ах, дүү хамаатан садангууд эрх мэдэлд хүрснээс тод харагдаж байна.

 

        Монголын мөнгөний авдар болсон Монголбанкинд янз бүрийн аргаар хөрөнгөжсөн хүмүүсийн үр сад олноор шургалах болсон нь ер нь анхаарал татах сэдэв болжээ.  Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, Н.Ганбямбын хүү, МАХН-ын дарга Энхбаярын хүү Э.Батшугар одоо М.Энхболдын хүү Э.Анар, Сү.Батболдын хүү Б.Баттүшиг гэх мэт улс төрчдийн хүүхдүүд Монгол банк руу оржээ. Чухам яагаад улс төрчид хүүхдүүдээ Монгол банк руу шахна вэ?.

 

Т.Энхэлээ

24tsag.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.