Гуйж биш харин гуйлгаж тоглодог Холливудын одод продюссер, найруулагч болон киноны багт санаанд оромгүй шаардлага нөхцөл тулгасаар ирсэн.
Парис Хилтон – Тэрээр The Other Guys кинонд багахан дүрээр ердөө нэг өдөр л зураг авахуулсан ч киноны багт гурван хуудас дүүрэн элдэв нөхцөл шаардлагыг урьдчилан хүргүүлсэн гэдэг. Түүнээс хамгийн "гайхалтай” нь амьд сам хорхойтой тусгай шилэн хоргыг далайн хоолны дээд зэрэглэлийн тогоочийн хамт зураг авалтын талбайд бэлдэх байжээ. Сам хорхойд дуртай Парим гэнэт өлсвөл таалдаг хоол нь дэргэд нь бэлэн байх учиртай гэнэ. Продюссерүүд түүний бүхий л шаардлагыг биелүүлсэн атлаа сүүлчийн монтажаар Парисын тоглодог хэсгийг хасчихсан нь гайхалтай.
Стив Маккуйн – 1974 онд тэрээр The Towering Inferno кинонд бас нэгэн том од Пол Ньюмантай хамт тоглосон. Гэхдээ Стив киноны танилцуулга, трейлер дээр түүний нэр Полоос дээгүүр бичигдэнэ гэсэн нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд кинонд тоглоно хэмээн тулгаж байсан.
Жек Николсон – 2004 онд The Departed киноны гол дүрд тоглохдоо киноны зохиомж, найруулгыг өөрийн санаснаараа дураар хийж байсан. Ерөнхий найруулагч Мартин Скорсезе хэлсэн бүгдийг л зөшөөрч байжээ. Жекийн тулгаснаар киноны сексийн хэсгийг бүр порностудид зурагт авалт хийсэн гэдэг.
Жорж Клуни – 2013 онд Gravity киноны туслах дүрд тоглохдоо 4 сая долларын шагнал авчээ. Түүнээс гадна продюссерүүд алдарт одын хүслийг биелүүлэх гэж 100 мянган фунтын зардал гаргасан. Кино зураг авалт Лондонд болсон агаад холгүйхэн теннисийн талбайтай цэцэрлэгтэй эдлэн олж түрээслэх гэж хэрэндээ зовжээ. Арай гэж тийм байшин олтол дээр нь усан сан, доороосоо халдаг ваннтай байх хэрэгтэй гэж ахин шаардлага тавьсан гэдэг. Ингээд тэр хавьдаа л байхгүй тансаг байшинтай болгомогц хамгаалалтын албаар хамгаалуулахыг шаарджээ.
Шарон Стоун – 2004 онд "Төрөлхийн зөн билэг” кинонд тоглохдоо 14 сая долларын хөлс авсан. Дээр нь нэмж таван одтой буудал, зэвсэглэсэн хамгаалагчтай 24 цагийн хамгаалалт, үйлчилгээний лимузин, гурван үйлчлэгч, хоёр туслах болон гоо сайханчдын баг нэхсэнийг нь продюссерүүд биелүүлсэн.
Майк Майерс – 2001 онд Шрек хүүхэлдэйн кинонд дуу оруулахдаа продюссерүүдийг ёстой зовоох шиг болсон. Эхлээд жүжигчин Крис Фарли дуу оруулж 80 хувьд нь хүрээд байтал хар тамхи хэтрүүлэн хэрэглээд амиа алдсан. Түүний орыг Майк эзэлсэн агаад үлдсэн 20 хувьд нь дуу оруулжээ. Дуу оруулалт дууссаны дараа тэрээр гэнэтхэн бүхнийг дахин хийх маш хачин шаардлага тавьж эсбөгөөс гэрээгээ цуцлана гэжээ. Майкыг бага байхад ээж нь гайхалтай шотланд аялгаар үлгэр уншиж өгдөг байсан тул Шрек ч мөн адил энэ аялгаар ярих ёстой гэжээ. DreamWorks студынхан бөөн юм болсон ч эцэст нь хүлээн авч ахин хийх бүтэн дуу оруулалтын шагналд 4 сая доллар төлөхийг ч зөвшөөрчээ.
Уилл Смит – 2012 онд "Хар хувцастай хүмүүс – 3” кинонд тоглохдоо бас л ихэрхжээ. Тэрээр зөвхөн өөрт нь зориулсан тусгай трейлер бүтээхийг шаардсанаас гадна хоёрын зэрэг автобусан гэр шаарджээ. Нэг нь дотроо хоёр унтлагын өрөөтэй, хоёр ваннтайгаас гадна уулзалтын өрөөтэй, баартай байх ёстойгоос гадна 100 ичнийн зурагт суурилуулахыг зааварджээ. Нөгөө нь нүүдлийн бэлтгэлийн өрөө маягаар тохижуулсан байх ёстой гэнэ. Энэ хоёр аварга автобусан гэр зураг авалтын турш Уиллыг дагалдаж явжээ.
Клинт Ийствуд – Жой Уэльс кинонд 1976 онд тоглохдоо дураараа дургих шиг болжээ. Зураг авалтын үеэр гол дүрийн эмэгтэй жүжигчин Сандра Локтой улайн цайм маасагнаж гарсан нь найруулагч Филипп Кауфманд таалагдсангүй. Үүнд өширхсөн Клинт киностуди хүртэл заргалдаж байгаад найруулагчаа халуулж чаджээ. Улмаар шинээр ирсэн найруулагчаа өөрийн хурууны үзүүрээр хөдөлгөсөөр зураг авалтыг дуусгасан гэдэг. Найруулагчаа халуулсан Клинт хөөрхий Сандрагаар ч тоглоод өнгөрчээ. Бүсгүй бүх карьераа хаян 13 жил хамтран амьдарч хоёр ч удаа үр хөндүүлсэн ч Клинт түүнтэй гэрлэлгүй эцэст нь хаясан.
Гэри Бьюзи – Квигли кинонд 2003 онд тоглохдоо ёстой дүвчигнэж өгсөн. Зохиомж ёсоор авто ослоор амиа алдсан гол баатар диваажингаас дэлхийд эргэн ирж гэм нүглээ цайруулдаг. Харин 1988 онд клиник үхэлд орж улмаар диваажинд очоод ирсэн гэх Гэри нь үхэл, диваажинг үзээд гарсан хүн хэмээн өөрийгөө дөвийлгэж бүхнийг зааж заавардаж гарчээ. Киноны гол баатар үхдэг, диваажинд очдог буцаж ирдэг хэсгийг клиник үхлийн үеэр өөрийнх "үзэж харсаны” дагуу л хийхгүй бол тоглохгүй хэмээн буруу хараад суучихжээ. Арын албаны бүтээсэн диваажинг голж "нүдээр харсан хүний хувьд тэнд ийм ч юм байгаагүй тийм ч юм байсан” хэмээн олон дахин хийлгэж зовоосон гэдэг.
Марлон Брандо – 1996 онд "Дозтор Морогийн арал” кинонд тоглохдоо тун хачин тулгалт хийж байжээ. Нэг сайн хүндээ маш сайхан ханддаг зантай тэрээр зураг авалтын явцад одой жүжигчин Нельсон дэ ла Ротой тун их найзархжээ. Улмаар өөрийнх гардаг хэсэг бүрд одой найзыг нь оруулахгүй бол зураг авалтанд орохгүй гэж зөрүүдлээд кино зохиолыг бараг шинээр дахин бичүүлэх дөхөж байжээ.
НУУЦ.мн
Сэтгэгдэл