Гучин нас ч хүрээгүй Аттал 2018 онд Үндэсний боловсрол, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга болж, түүнээс хойш тасралтгүй дэвшжээ. Цар тахлын үед Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдож, чухам тэр цагаас олны танил болсон аж. Өнгөрсөн оны долдугаар сард Үндэсний боловсрол, залуучуудын яамыг толгойлох болж, тэр цагаас сургуулийн орчин дахь бэлгийн дарамттай тэмцэх, боловсролыг шашингүй болгох чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого нь тодорхой үр дүнд хүрэв. Тэр хэрээр Атталын нэр хүнд өсч эхэлжээ. Засгийн газар өөрчлөгдөх мэдээлэл гарсны дараа олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас дараагийн Ерөнхий сайд байх хамгийн тохиромжтой нэр дэвшигч бол Габриэль Аттал гэсэн үр дүн гарч байв.
Габриэль Аттал ерөнхийлөгч Эммануэл Макронтой дотно, ерөнхийлөгчийн "үнэнч туслах" гэгддэг байна. Улс төрийн карьераа зүүний социалист намаас эхлүүлж, 2016 онд Эммануэл Макроны үүсгэн байгуулсан Урагшаа хөдөлгөөнд элсэж, хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан байна. 2023 оны сүүлчээр Макрон телевизийн ток шоунд оролцохдоо "Аттал миний улс төрийн тэмцэлд эхнээсээ хамт алхаж, урам зориг өгдөг байсан" гэж онцолсон нь учиртай байж.
Францад хэт барууны үзэл газар авч байгаа энэ үед Габриэль Атталын нэр хүндийг ашиглаж хэт барууны хүчинтэй өрсөлдөх нь Макроны сонголт юм гэж шинжээч үзсэн байна. Хэт барууны хүчний Үндэсний эвслийн дарга 28 настай Жордан Бардейрагийн өөдөөс Габриэль Атталыг сөргүүлэн тавихад давуу талтай гэж зарим тоймчид ч онцолж байна. Францын Эллабэ санал асуулгын компанийн санал асуулгаар Атталын рейтинг 39, Балдейрагийнх 33 хувьтай гарч байжээ.
"Макрон-Атталын хоршил шинэ амьдралыг авчирч чадна" гэж Харрис Интерактив судалгааны ажилтан Жан-Даниел Леви хэлснийг Ройтерс агентлаг эш татжээ. Уг шилжилт нь улс төрийн томоохон өөрчлөлтөд хүргэх албагүй ч зорилго нь ирэх зургадугаар сард болох ЕХ-ны сонгуульд төв намынхаа боломжийг нэмэгдүүлэх явдал хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Сэтгэгдэл