МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЧДЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНООС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ


Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МТЗҮЭХ/ Улаанбаатар Төмөр замын /УБТЗ/ даргыг томилох асуудалтай холбогдуулан өнгөрсөн мягмар гарагт мэдээлэл хийсэн билээ. МТЗҮЭХ-ны дэд дарга Б.Баяраа "Өнгөрөгч 8 жилд хийсэн улс төрийн томилгооноос болж манай улсын төмөр замын салбарын хөгжил дэлхийн жишгээс дэндүү хоцорсон. Харин одоо Д.Загджав гэх төмөр замын үнэр ч үгүй хүнээр УБТЗ-ын удирдлагын бүтэц, ирээдүйн хувь заяаг жолоодуулах улс төрийн тохиролцоо явж байгаа талаар мэдээлэл гарч байна. Тиймээс энэ салбарын хөгжлийг бодож УБТЗ-ын даргыг мэргэжлийн хүнээр томилохыг хүсч байна” хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Тэрбээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарт албан бичиг болон захидлаар хандаж, Замын даргын асуудалд улс төрийн нөлөө оруулахгүй байхыг хүссэн юм.

Тэгвэл Москва хотноо хуралдсан Ерөнхий хорооны хурлаар Монгол Улсын мэргэжлийн Засгийн газрын баримталж буй зарчмын хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн замын даргаар тус нийгэмлэгт Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн замын орлогч даргын албыг хашиж байгаа Д.Жигжиднямааг томилохоор шийдвэрлэжээ.

Энэ хүрээнд Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарт талархал илэрхийлсэн албан тоот илгээсэн байна.

Тус талархалд "УБТЗ ХНН-ийн Монголын талын нийт ажилтны төлөөлөл болсон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос танд хүргүүлсэн албан тоот болон ил захидал, тус холбооны зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаас хүргүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч, УБТЗ-ын даргыг мэргэжлийн, дадлага туршлагатай, монгол хүн ажиллуулах шийдвэр гаргуулахад таны толгойлсон Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүд идэвхи чармайлттай ажилласанд МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо гүнээ талархалтай байна. Мянга мянган гишүүд, замчдын сэтгэлд итгэл өгч, төмөр замын ирээдүйн хөгжилд түлхэц болсон үйл явцад талархахын ялдамд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ-ын бодлого шийдвэр нэгэн зүгт зангилагдан хөгжин дэвшихийн ерөөлийг өргөн дэвшүүлье” гэжээ.

Эх сурвалж: http://www.ubtz.mn/page?id=69&news_id=1177

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЧДЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНООС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.