Эзэн чингис нь чаддаггүй юм аа гэхэд Элбэгдорж нь дөнгөх байлгүй


Хэдхэн хоногийн өмнө их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиосон. Энэхүү өдрийг "Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэн бүх нийтээрээ амарч төрт ёс, их түүхээрээ бахдах болсон юм.

Монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал хийгээд улс орноо дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсан нэг хүнд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хааны одон”-г эл өдөр гардуулдаг уламжлалтай. Төрийн уг хүндэтгэлийн дараа Монголын өв соёлын дархлаа болсон бөхийн барилдааныг зохион байгуулж, Ерөнхийлөгчөөсөө аваад бөхөө дээдэлдэг ард түмэн цэнгэн баясдаг.

Гэтэл их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, Монголын төрт ёсны баярт монгол бөхийн манлай аварга, арслангууд зодоглосонгүй. Тодруулбал, өнөө цагийн бөхийн өнгө жавхаа нь болсон Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарын идэр залуу аваргууд, хоёр жилийн өмнө төрийн наадмын түрүү бөхөөр тодорсон залуу арслан Э.Оюунболд нар барилдсангүй. Ар гэрийн гачигдал, бэртэл гэмтэл гээд хүндэтгэх шалтгаан байж болно. Хэрэв тийм бол олон нийтэд өөрийн биеэр болоод бие төлөөлөгчөөр дамжуулж мэдэгдэх ёстой. Гэвч хэн нь ч ямар ч мэдэгдэл хийсэнгүй. Эзэн богд Чингис болоод монголчуудын дээдийн бахархалт өдөр төр түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн аварга, арслангуудад огтоос хамаагүй юм байна. Ёстой нэг юман чинээ тоож үздэггүй ажээ. Энэ цагийн наадмын зүүн барууны магнай хүчит аваргууд, аваргын зиндаанд яригдаж буй залуу арслан нь зодоглохгүй болохоор ямар элэнцэгнийх нь чансаа өндөр шигшмэл бөхчүүдийн барилдаан байхав дээ. Гэхдээ аваргууд зодоглосонгүй гээд "Монгол бахархлын өдөр”-ийн барилдаан болохгүй байна гэж юу байхав дээ. Бүрэнтөгс, Батсуурь, Пүрэвдагва нарын арслангууд нь манлайлаад 128 бөх хүчийг сорьсон.

Төрийн зарлигаар цол хүртсэн аварга, арслангууд төр, түмнээ доромжилж, үл хүндэтгэх байдал үзүүлсэн нь энэ удаад ч биш л дээ. Өнгөрөгч жилийн эзэн хааныхаа өдрөөр мөн л аварга, арслангууд зодоглоогүй. Бүрэнтөгс л нүүр тахлаад зогсож байсан. Хоёр жилийн өмнө шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд Рагчаа гарьдаас дээш цолтой нэг ч бөх барилдалгүй эсэргүүцэл зарлаж байгаа юм шиг бүгд алга болцгоосон. Тэгтэл ёстой нэг зэвүү хүрмээр явдал тэр үед болсон. Шинэ Үндсэн хуулийнхаа ойг үл тоосон нөхөд дараахан нь болсон "Жем интернэшнл” компанийн өндөр бооцоотой барилдаанд бүгд зодоглодог байгаа. Мөн тэр үеэр урд хөрш маань жаран саяын үнэтэй алтан гулдмайгаар манай бөхчүүдийг бас даллачихсан байдаг.

Санжаа аварга алтан гулдмай амандаа зуугаад гайхуулж ирээ биз дээ. Монгол бөхийн аварга, арслангууд өөрсдийгөө Монголын ард түмний бий болгосон өв соёлын дархлааг тээж яваа гэдгээ огтоос мэдрэхгүй байна. Хаана л үнэтэй цэнэтэй, өндөр бай шагналтай барилдаан болно тэр бүгдэд чихэлдэн очиж зодоглоцгоож байна. Эзэн богдынхоо ойд аварга, арслангууд зодоглоогүйн учир тайлагдаж байх шиг. Урд хөрш маань бас л "алтан бүс”-ээр даллаад унав уу даа. Төрийн наадмын түрүү бөхчүүд чинь, их түүх соёлын дархлаа болсон нөхөд чинь "алтан бүс”-ний сургаар шээс алдах нь холгүй зүтгэцгээж байгаа сурагтай. "Бөхийн дэвжээ үеийн үед ариун байж бузартах ёсгүй” хэмээн улс гүрнээ хүчирхэг оршин тогтнохын үүднээс хэлсэн өвгөдийн үгийг ойлгож мэдэрч байгаа нөхөд энэ бөхчүүд дотор байна уу. С.Мөнхбат аварга манай сонинд өгсөн ярилцлагадаа "Хятадаас өндөр бай шагналтай наадамд барилдах санал байнга ирдэг. Гэвч би монгол төрийн наадмын аварга бөх шүү гэдэг утгаараа очдоггүй” гэж хэлсэн. Санжаадамба аварга болоод бусад бөхчүүдэд өгсөн сануулга шиг санагдсан.

Саяхан бөхийн холбооноос "Үндэсний бөхийн барилдааны дүрмийн долдугаар зүйлийн 7.3-ын заалтыг хэрэгжүүлэх журам”-ыг гаргасан байна лээ. Тодруулбал, "Өрсөлдөгч бөхдөө болон засуул цэцдийн шаардлагын эсрэг ална хядна, хохь чинь гэх заналхийлсэн үг хэлэх буюу гар далайх, салаавч үзүүлэх үйлдэл гаргах, барилдаан захалсан үед учраа бөхөө илэрхий элдэн хөөж хашлаганд зориуд мөргүүлэх, шаардлагагүй үед эмч рүү дахин дахин очих, зөвшөөрөлгүйгээр барилдаанаас завсарлага авч ус, ундаа уух” зэргийг журамлажээ.

Энэ бол маш зөв зүйтэй алхам. Одоо харин төрийн зарлигаар олгосон бөхийн дээд цолоо бүхий л насанд нь дархалчихсан юм шиг санан дураараа авирлаж, хүссэн цагтаа зодоглож, төр түмнээ доромжилж буй нөхдийн цолыг хураах заалтыг маш тодорхой болгох хэрэгтэй байна. Үүний тулд Монголын үндэсний бөхийн холбооноос "Төрт ёсны баяруудад төрийн өндөр цолтой бөхчүүд хүндэтгэх шалтгаангүйгээр зодоглохгүй байхыг хатуу хориглоно” хэмээх заалтыг хуульчлан гаргах цаг нь болсон. Төрт ёсны баяр гэдэгт их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын баяр”, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн "Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаан, анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласны ойн өдөр, шинэ Үндсэн хуулийн ойн өдөр, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу сар шинийн баяр, Монголын үндэсний их баяр наадам зэрэг багтах нь мэдээж. Төрт ёсны энэхүү зургаан баярт зодоглоогүй бөхчүүдийн цолыг хууль журмын дагуу хураах, статусыг нь бууруулах шиг амархан зүйл байхгүй.

Ингэж л хуульчилж заахгүй бол төрөө хүндэтгэх хүндэтгэл наад хөлстэй нүцгэн бөхчүүдэд чинь алга болжээ. Сонирхуулахад, сумогийн түүхэнд ийм үйл явдал тохиолдож байсан байдаг. Хэн нэгэн бөх ёкозуна буюу мэргэжлийн сумогийн аварга цолонд хүрсэн л бол тэр цол нь насан үүрд хадгалагддаг байж. Гэтэл энэ нь яг манай өнөөдрийн үндэсний бөх шиг болсон учраас хорьдугаар зууны эхээр сумо бөхийн холбооноос эрс реформ хийж амжилт нь ахиагүй, ёс суртахууны алдаа гаргасан гэхчилэн олон үзүүлэлтээр цолыг нь бууруулах, хураах, сумогоос хөөх зэрэг хатуу дэг журам тогтоосон нь бий.

Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр "Монгол бахархлын өдөр”-ийг үл хүндэтгэж, зөвхөн амин хувиа бодож, бөхөө дээдэлдэг ард түмнийхээ өөдөөс "салаавч” гаргасан Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарын аваргууд болон Э.Оюунболд арслангийн цолыг эхний ээлжинд бууруулах хэрэгтэй. Аваргуудыг нь арслан, арсланг нь гарьд болгох нь зүйд нийцнэ. Дахиж ийм байдал гарган төр түмнээ доромжилбол давтан хэрэгтэн гэдэг шиг цолыг нь шууд хураах хэрэгтэй.

Мөн зөвхөн аварга арслангууд гэлтгүй төрт ёсныхоо баярыг үл хүндэтгэсэн бөхчүүдийг наадмаар барилдах эрхийг нь хасах зэрэг зохицуулалтыг бөхийн салбар комисс хийх цаг нь болжээ.

Чингис хаанаа бөхчүүд үнэндээ хүндэтгэхгүй байна. Үхэж хатсан амьтан, бараа дүрийг нь ямар харсан биш гээд бүр нэг хүнийрхүү хүйтэн хандаж, залуучуудын хэлдгээр "Чингис хаан ч гэх шиг” гэсэн дорд үзсэн байдалтай дооёолж байх шиг. Тэгвэл та бүхэнд аварга, арслан цолыг төрийн зарлигаар олгосон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ажлаа хийж буйг сануулъя. Монгол бөхийн цол бол бүх насанд чинь дархлаад өгчихсөн юм биш. Хоёр жилийн өмнө сэргээш хэрэглэсэн залуучууд цолоо хураалгасан биз дээ. Түүнтэй ижил төрт ёсны баяраа хүндэтгээгүй гээд цолыг нь хураачихаж болно. Нэр усыг нь олон нийтэд зарлаад яахав дээ, төр түмбэгэр ёс ёмбогор гэдгийг умартсан нэгэн генералд төрийн тэргүүн "Наад цолыг чинь би өгч болсон юм. Бас буцаагаад авчихаж болно. Тийм эрх нь надад байгаа” гэж айхтар сануулга өгсөн дуулддаг. Тэгэхээр төрийн зарлигтай цолыг хувийнх мэт санан дураар авирлаж, төрийн хайр хүндэтгэлийг уландаа гишгэж буй нөхдийн цолыг эзэн Чингис нь чаддаггүй юм аа гэхэд Элбэгдорж нь хурааж дөнгөх байлгүй дээ.

Б.БАТБОЛД


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ИРГЭН | 2016/11/12 21:06
ЗӨВ ШҮҮ