Уяач спикертэй хобби нэг гэдэг утгаараа, бас Морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн гэдэг утгаараа хэний нөмөр нөөлгөөр гэнэтхэн улстөрийн карьерын огцом нисэлтийг хийсэн нь эрхбиш ойлгогдоод байдаг нэгэн бол дэд сайд Ш.Лхамсүрэн. Ядаж байхад улстөрийн замнал өгссөн шат сэлт юу ч үгүй тэрбээр гэнэтхэн л сайдын сэнтийд заларч олныг ангайлгасан.
"Нүүдэлчин” группын ТУЗ-ийн гишүүн гэх танилцуулга нь өдгөө ч тус компанийн сайтад дурайгаад байж байх юм билээ. Тэгэхээр эрхэм дэд сайдын хувиар группынхаа ТУЗ-д ч ажилладаг, төрийн сайдаар ч ажилладаг гэсэн үг. Чадвартай мундаг хүн тэгж чадаж байгаа бол аргагүй. Гэхдээ бизнесийн ашиг сонирхол хийгээд төрийн сайд хүний хүлээсэн үүрэг хариуцлага сэлт нь хэрхэн яаж зохицдог юм болдоо гэж асуумаар л байгаа юм.
Ямартаа л Барилга хот байгуулалтын яамны зүгээс бизнесмэн дэд сайдынхаа үйл ажиллагаанд эргэлзсэн зүйлсийг хэлж яригсад цөөнгүй байгаа аж. Танилтай байж болно, нөмөртэй байж болно.
Гэхдээ дэд сайдын суудалд жинхэнэ салбараа мэддэг, асуудлаа мэддэг, зөв хүнийг томилох ёстой байсан гэх үгсийг хэлэгсэд тус яамны байшин дотор бишгүйдээ байх болж. Тэгэхээр 100 гаруй хоног ажиллахдаа дэд сайд Ш.Лхамсүрэн гэж нөхөр өөрийнхөө хэр чинээг л яамныхаа нөхдүүдэд зах зухаас нь ойлгуулсан юмдаг уу даа.
"Нүүдэлчин” группын ТУЗ-ийн гишүүн, дэд сайд Ш.Лхамсүрэнтэй холбоотой охин компаниудыг нь нэрлэвэл Хишигтэн Нүүдэлчин ХХК, Мондулаан Трейд ХХК, Нүүдэлчин Айрон Ресорс ХХК, Эрдэнэт Гурил ХХК, Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК гэхчлэн компаниуд байгаа юм. Эдгээрээс "Мондулаан” компанитай нь холбоотой анхаарал татсан мэдээллийг хүргэсэн.
За мөн Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК гэж Тавантолгойд хүртэл олборлолт хийгээд амжсан сүрхий компани байдгийг мэдээлсэн. Тэгэхээр энэ мэтээр анхаарал татсан компаниудын толгой компанийн ТУЗ-ийн гишүүн, дэд сайдыг бизнесээ л хийгээд явбал барав, дэмий газраа байх нь дэмий гэх яриа зүгээр ч нэг яамны барилгаас гадагшлаагүй л болов уу.
У.Сайхан
Эх сурвалж: Bolod.mn
Сэтгэгдэл