Б.Мөнгөнтуяагийн сүүлийн үг


 Б.Мөнгөнтуяагийн сүүлийн үг
Шүүх Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт ял оноолоо. Тав хоногийн турш олны нүдэн дээр болсон энэ шүүх хурлын эргэн тойрон дахь дуулиан тасраагүй байна.
 
Шүүх хурал дээр нягтлан бодогч Б.Мөнгөнтуяагийн хэлсэн сүүлийн үгний тухай хаа сайгүй ярьж байна. Тэрбээр шүүх хурлын төгсгөлд шүүгдэгчид олддог өөрийгөө ойлгуулах цорын ганц боломж болох сүүлийн үгээрээ дамжуулан энэ "хэрэг”-т өгөх маш том дүгнэлтийг хэлжээ. 
 
Энэ талаар зөвхөн цахим сүлжээнд ч бус, бараг л улс даяар " Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн компанийн нягтлан бодогч эмэгтэйн тухай яриа өрнөж байна. "Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийн гол зангилаа болсон 3.2 тэрбум төгрөгийн хохирлыг Үндэсний аудитын газрын аудитор Ш.Ичинхорлоо гаргаж ирж, "Оюу эрдэм” аудитын компанийн захирал н.Цацрал нар баталсан гэх. 
 
Үнэндээ АТГ-аас урдаас бэлдэж, уншиж танилцуулаад "...Өөрийн болго” гэсэн аудитын тайлан гэдгийг шүүх хурлын явцад хэн бүхэн ойлгов. Үүнийг нь мань шинжээчид тодоос тод харуулж, эгээтэй л ил тод хэлчихсэнгүй. Шинжээч Ш.Ичинхорлоо өөрийнхөө хэр чадвартайг шалгахаар бусдын амьдралаар дэнчин тавьж, түүнийг "хянасан” гэх "Оюу эрдэм” аудитын компанийнхан мэргэжил нэгтнээ хаацайлах гэсэн биш, шившиг болоод шүүхийн танхимаас гарч одсон. Угаас хүний хийснийг өөрийн болгож ярина гэдэг бүтэхгүй зүйл. Үүнийг нь л нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа тов тодорхой хэлж орхилоо. 
 
Тэрбээр "...АТГ-ын мөрдөн байцаагчтай хамтран өөрийнхөө чадлыг шалгаж хийсэн аудитын тайлан, тэдний гаргаж өгсөн асуултад хариулсан шинжээч нарын хариулт, тогтоолд нь гарын үсэг зурсан татварын улсын байцаагчийн мэдүүлэг гурваар би яллагдаж байна. Мэргэжлийн ёс зүйгээ мэдэхгүй шинжээч нараас ичиж байна.
Бусад мэргэжил нэгт нөхдөө битгий ингэж доромжлоосой” хэмээв.
 
Түүний сүүлийн үгийг хаанаас нь ч ухаж болохоор. "Нүүрс” хөтөлбөрийн гээч хэргийн учиг, Л.Гансүх нарыг ялласан шалтгаан, цаашилбал татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, төрд ажиллахдаа ингэж явдаг ийм хүмүүсийн тухай, бас хүн чанар үгүй болсон цөвүүн цагийн тухай бодох биш бодлого гаргах хэрэгтэйг хэлж өглөө.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.