» » Завин дээр хэн үлдэх вэ?

Завин дээр хэн үлдэх вэ?


-Тэдэнд ер нь өөр өөрсдөө л мөр бүтэн, нэр цэвэр үлдэж байвал нэгдсэн эрх ашиг, намын нэр төр гэдэг зүйл огт хамаагүй бололтой. Уг нь тэд бүгдээрээ цэнхэр далбаа хийсгэсэн "Ардчилал” хэмээх нэг завин дээр сууж яваа хүмүүс юм сан- 


Ардчилсан нам сонгуульд ялагдсан шалтгаан, өнөөдрийн байр сууриа "шинжлэх ухаанч”-аар буюу судалгаа шинжилгээнд үндэслэн ултай суурьтай тогтоож чадаагүй, эсвэл үүнийг хүсэхгүй байгааг нь ердөө долоо хоногийн өмнө хуралдсан Их хурлын индэр тодорхой харуулсан юм. Хурлын индрээс үг хэлсэн лидерүүдийнх нь илтгэлээс өрөөлийг шүүн буруутгасан өнгө аяс, эсвэл өөрсдийнх нь амбиц л илүү тод сонсогдож байлаа. Уг нь хүн өөрийн бодит нөхцөл байдлаа зөв үнэлж байж зөв алхам хийдэг. Энэ нь эмчийн онош үнэн зөв баймааж эмчилгээ зөв болж, эдгэрэлд хүрдэгтэй яг адил нотлогдсон зүйл. 
Ардчилсан намын өнөөгийн алдаа бол өнгөрсөн урт хугацаанд, үнэндээ сүүлийн найман жилд тус намын удирдлагыг атгасан удирдагчдынх нь хамтын алдаа байсан. Найман жил Их хурлаа хийгээгүй, ҮЗХ-ны дотоод сонгуулиа ч явуулалгүй хаалга, цонхоо хааж түгжсэн тэрхүү хугацаанд энэ намд ардчилал алга болж, дарангуйлал тогтсон гэж хэлж болно. Энэ хугацаанд намын удирдах байгууллагад хамгийн хүчтэй явж ирсэн фракц, түүний удирдагчид л АН-ыг өнөөдрийн байр сууринд хүргэхэд нөлөөлсөн хамгийн гол буруутан гэдгийг эгэл жирийн гишүүд нь тун сайн ойлгож буй. АН-ын амыг барьж, ардчиллыг нь бүдгэрүүлсэн сүүлийн найман жилийн эхлэлийг тавьсан хүн нь шуудхан хэлэхэд намын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юм. Харин тэрбээр өнөөдөр өөрийнх нь алдаа юу байсныг биш өөрөө өөрийгөө уснаас яаж хуурай авч гарахаа л бодож байгаа нь түүний удаа дараагийн мэдэгдэл, илтгэлээс тодорхой харагдаж буй.
УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа МАН-ын тэргүүлсэн Засгийн газарт АН ажиллах үеэс л намын дарга, Шадар сайд болж, энэ эрчээрээ явсаар 2012 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд, намын даргын эрх мэдлийг давхар хүлээн авсан Н.Алтанхуяг намынхандаа гомдох эрхгүй мэт. УИХ-ын шийдвэрээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулсны хариуцлагыг Ардчилсан намын гишүүд хүлээх ёстой гэсэн асуудал өнгөрсөн сонгуулийн дараагаас энэ нам дотор, тэр бүү хэл ҮЗХ-ны хурал дээр яригдсаар ирсэн. Үнэндээ түүний өөрийнх нь алдаа томорсоор өөрийг нь унагасныг тэр өөрөө ч өдгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа мэт. 
Ах дүү, төрөл саднаа томоохон албан тушаалд томилж, тэднийхээ сүлжээгээр дамжуулан ихээхэн хэмжээний төсөв мөнгө бүхий тендер хэрэгжүүлсэн Ерөнхий сайд түүнээс өмнө гарч байгаагүй. Тэр дундаас тэд мөнгө идсэн ч бай, үгүй ч бай, ашиг сонирхлын зөрчилтэй томилгоог айдас, сэрэмжгүйгээр хийж байсан түүнийг өдгөө намынхан нь "гэнэн явдалтай” гэх үү, эс бөгөөс "ойрын шуналтай” гэх үү хэмээн ярилцаж байгааг энэ хүрээнийхэн бүгд л мэднэ. 
Түүний зөвлөхийн гардан хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрийн цаана их хэмжээний мөнгө зувчуулах арга явж байгааг АТГ-т анх мэдүүлж, шалгуулсан тал нь тухайн үеийн сөрөг хүчин МАН гэдгийг өдгөө хүмүүс мартах шахаж. Үнэндээ Н.Алтанхуяг үүнийг ашиглаж, өөрийг нь Ерөнхийлөгчийн оролцоотойгоор хуулийнхан хэлмэгдүүлж байна хэмээн удаа дараа ил, далдаар мэдэгдээд байна. 
АН-ын ялагдал Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаас болсон, түүнийг Ерөнхийлөгч хилсдүүлж байгаа гэх дүгнэлтүүд үнэхээр бодитой, нотолгоотой юу, эсвэл хэн нэгний хий хардлага уу гэдэг ч эргэлзээтэй. Эсвэл бүр өрөөл рүү бурууг чихэж, өөрийгөө хамгаалах гэсэн үзэл суртал уу?!
Алдаа, оноогоо бодитой гэхээс илүүтэй улс төрийн өнцгөөс өөр, өөрсдийнхөөрөө дүгнэж суугаа Ардчилсан намын лидерүүд эцэс сүүлдээ бүгд нэг нэгнийгээ чирч унагах гэж байгаагаа анзаарах цаг болсон биш үү? Бүтэн нэртэй хүн энэ намыг өнгөлөгчдийн дунд бараг үлдсэнгүй. Одоо анхны ардчилсан Ерөнхийлөгчөө ч татаж унагахаар гүн нүх малтаж байна. Тэдэнд ер нь өөр өөрсдөө л мөр бүтэн, нэр цэвэр үлдэж байвал нэгдсэн эрх ашиг, намын нэр төр гэдэг зүйл огт хамаагүй бололтой. Уг нь тэд бүгдээрээ цэнхэр далбаа хийсгэсэн "Ардчилал” хэмээх нэг завин дээр сууж яваа хүмүүс юм сан.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.