Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид БНХАУ руу цувах болжээ. Тэдний гол зорилго нь ердөө нэг хүүг харах. Хятадын хамгийн баян хүн "Алибаба” группийг үүсгэн байгуулагч Жак Матай усны дусал мэт адилхан нэгэн хүүг харахын тулд л жуулчид "ноён ногоон”-оо барин хэдэн бээрийг туулан өмнөд хөршид зорчих болсон аж.
Фан Шиашин гэх хүү Хятадын өмнөд этгээдийн Жианши мужийн ядуу тосгонд амьдардаг бөгөөд түүний зураг сошиал сүлжээнд цацагдаж эхэлсний дараа өдөртөө 50 жуулчин ердөө л тэр хүүг харж, бэлэг өгөх зорилгоор Хятадыг хөндлөн гулд туулах болж. Тэд сониуч зандаа хөтлөгдөж ийнхүү аялж байна.
Харин манайд Жак Матай адилхан хүүгээс ч илүү жуулчдын анхаарлыг татахуйц баялаг бий. Тэр бол говьд зүгээр л хэвтэж байдаг элсэн манхан, өвөлдөө ордог цас.
Дэлхийд ердөө 13 оронд л өвөл болдог бөгөөд тэдний нэг нь Монгол. Өвөл болдоггүй, цасны тухай мөрөөдөхөөс хэтэрдэггүй орны шинэ содон зүйлсийг эрэн хайгч жуулчдыг татах боломж манайд өгөгдсөн гэсэн үг. Хятадын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө манайхаас ч илүү хүйтэн Харбин хот жилдээ 10 сая жуулчин хүлээн авч байхад, "цас мөсний орон” гэх тодотголтой Монгол улс жилдээ 400 хүрэхгүй мянган жуулчин хүлээн авдаг байх жишээтэй.
Харбин хотын хувьд цас, мөсний үзэсгэлэнгээрээ тун ч их алдартай. Тус хотод жил бүр дас, мөсний үзэсгэлэн зохион байгуулагддаг бөгөөд бүр хоёрдугаар cap хүртэл үргэлжилдэг. Харин Сибирийн өвлийн аяллын тухайд олон улсын хэмжээний тэмцээн уралдааныг зохион байгуулж, түүгээрээ жуулчдыг татаж байх жишээтэй.
Гэхдээ хамгийн анхаарал татахуйц нэг зүйл нь тэрхүү бүсэд дунджаар 10-20 мянган ам.доллар зарцуулан аялдаг жуулчдыг Хятад тэргүүлж, Япон удаалж, Америк гуравдугаарт бичигдэж байх юм. Хятад, Япончууд манайхыг алгасан алс холын мөсийг ийнхүү зорьж байна.
Хаяандаа байгаа тэдгээр жуулчдын сонирхлыг Монгол руугаа татахад хамгийн түрүүнд тээг болж буй хүчин зүйл нь сурталчилгаа муугийнх биш гэж үү. Морин чарган дээр дах нөмөрч, хөлдөө дэгтий углан, үнэгэн лоовууз тэргүүндээ залж тавьчихаад Хөвсгөл далайгаар аялж яагаад болохгүй гэж, эсвэл цаа буга унаж өвлийн баруун хязгаараар аялуулж ч болно шүү дээ.
Жуулчид Монголыг онгон дагшин байгаль, уламжлалт зан заншлаар нь хүлээн авдаг. Бид ч гэсэн давуу талаа ашиглан, эдүгээ зүгээр л хэвтэж буй цас, мөс, элсэн манхнаа "мөнгө болгоё”. Саудын Арабууд ч элсээ цас шиг л ашигладаг.
Элсэн манхан дээгуүр сэндбордоор гулгахаас гадна моторт дугуй, ланд круйзер машинаар элсэн дээгүүр давхин дрифт хийхэд гайхалтай кайф авдаг гэнэ билээ. Манайд ч гэсэн элсэн манхан байдаг шүү дээ. Элсэн манхан дээгуүр шандаст хүлгийн хурд мэдэн давхиж, тэмээ унаж, моторт дугуйгаар аялсан ч, нөөц нь манайд хангалттай бий.
Гэвч үнэндээ сурталчилгаа алга. Жуулчны баазууд ч идэвхи чармайлт алга. Олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнгүүдэд оролцдог ч, элс, цасаа сурталчлах тал дээр маруухан байдаг бололтой. Тиймээс жуулчны баазууд, салбарын байгууллагууд жаахан идэвхи чармайлт гаргаж, сурталчилгаан дээрээ анхаарчихвал эдүгээ үнэгүйдэж буй цас, элсээрээ жуулчдыг татаж болох мэт.
Манай улсын хувьд жилдээ аялал жуулчлалаас 131-150 сая ам.доллар олдог гэсэн баримт байдаг юм билээ. Харин элс, цас, мөсөө "мөнгө болгож” чадвал үүнийг хэд давсан их орлогыг олж чадах биш үү.
Б.ДАВАА, МОНГОЛЫН МЭДЭЭ
Сэтгэгдэл