Аллагын захиалагчаар Ш.Отгонбилэгийг ЗАРЛАХ гэж байна


20-р зууны хамгийн дуулиант хэргүүдийн нэгээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн аллагын хэрэг зүй ёсоор багтдаг.

18 жилийн турш шийдэгдэлгүй, нам дарагдсаар ирсэн энэхүү хэргийг дахин шалгуулах хүсэлтээ УИХ-ын гишүүн асан С.Оюун 2015 оны гуравдугаар сарын эхээр "Тусгай хяналтын дэд хороо”-нд гаргажээ.

Тэрбээр "Тусгай хяналтын дэд хорооны гишүүний хувьд би өөрөө энэ хэргийг  хяналтдаа авч, дэмжлэг үзүүлээч гэсэн. Тус дэд хороог Г.Батхүү гишүүн удирддаг. Анхааралдаа авсан гэж ойлгож байгаа. Тусгай хяналтын дэд хороо нууцлалын асуудлыг хэлэлцдэг учраас энэ талаарх хүсэлтээ тавьж болно” хэмээж байсан юм.

Түүний хүсэлтийн дагуу С.Зоригийн хэргийг дахин шалгаж эхэлснээр 2015 оны 11 сарын 15-ны шөнө Д.Булганыг гэрээс нь баривчилжээ.

Д.Булган нь С.Зориг агсны гэргий төдийгүй хэргийн газар дахь ганц гэрч, хохирогч гэдгийг бид нэгэнт мэдэх болсон билээ. Түүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийн талаар анхнаасаа худал мэдээлж, нуун дарагдуулсан хэмээн буруутгаж буй тухайгаа хууль хяналтын байгууллагаас тухайн үед мэдээлж байсан юм.

Тэрбээр хэрэг гарсны дараа "Миний нөхөр Зоригийг хөнөөсөн алуурчид нь эр эм хоёр хүн байсан. Батаа, Оюунаа гэж биe биeнээ дуудаж байсан. Эрдэнэтийн эхлэл шүү гэж хоёр алуурчид хэлсэн” хэмээн мэдүүлж байжээ.

Д.Булганыг анх 72 цагийн хугацаатай саатуулсан ч  хорих хугацааг 2016 оны дөрөвдүгээр сар хүртэл сунгасан билээ. Олон сар түүнийг хориж, байцаасны эцэст сулласан төдийгүй Д.Булганыг Төрийн ордонд явж байсан тухай эх сурвалж мэдээлсэн юм.

Хэргийн ганц гэрч гэгдэх Д.Булганы мэдүүлэг худал болох нь шинэ оны өмнөхөн шийдэгдсэн С.Зоригийн хэргийн дүнэлтээс харж болно.

С.Оюуныг хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргаснаас хойш хоёр жил орчмын дараа хэрэгт сэжигтнээр татагдаад байсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг бүлэглэн, ШУНАХАЙН СЭДЛЭЭР, НИЙТЭД АЮУЛТАЙ АРГААР, ЗАХИАЛГААР С.Зориг агсны аминд хүрсэн гэж  24-25 жилийн хорих ял оноов.

Тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцвэл шүүхийн тогтоолоо гардан авсныхаа дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй юм.

Тэгвэл эдгээр гурван иргэнийг ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн91.2.4-т заасан захиалгаар бусдын амь насанд хүрсэн гэх зүйл заалт олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Шүүгдэгч нарын ар гэрийнхэн ч энэхүү асуултын хариултыг нэхсээр үлдсэн.

Т.Чимэгээгийн нөхөр С.Бямбасүрэн "Шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна. Энэ хэргийг захиалгаар үйлдсэн гэж шүүсэн. Захиалагч нь хэн юм бэ, хэргийн гол гэрч Д.Булган яагаад ирэхгүй байгаа юм бэ. Ар гэрийнхний зүгээс маш гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд хандана" гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн С.Зориг агсны дүү С. Оюун "Шүүхийн шийдвэрт эргэлзэж байна” хэмээн мэдэгдэл гаргаад байгаа юм.

Ийнхүү хоёр жил орчим шалгасны эцэст зууны хамгийн дуулиант хүн амины хэргийн хэрэгтнүүдэд зохих ялыг оноолоо. Харин хэрэгтнүүдийг яллаад буй "Захиалгаар хүний амь хороосон” гэх дүгнэлтэн дэх ЗАХИАЛАГЧ ХЭН БЭ?

Дуулиант гэсний учир нь хэргийг мөрдөн шалгах тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагаа тасралтгүй 18 жил үргэлжилсэн. Үеийн үед тухайн байгууллагуудын ур чадвар бүхий албан хаагчид багтаж байсан энэ ажлын хэсгийн хайгуул зөвхөн Монголд төдийгүй тив алгасан хийгдэж байв. Энэ ажлын хэсгийнхий шийдвэрээр Европт тусгай ажиллагаа явуулж, өндөр хүчин чадалтай орны лабораториудад шинжилгээ хийлгэж байв. Харамсалтай нь хэргийн хоригчдын тоо нэмэгдсэн үү гэхээс хэрэг илэрсэнгүй. Эсвэл илрүүлэхийг хүссэнгүй юу гэдгийг одоо нотлоход хэцүү. 

Гэр бүлийн хэн нэгний амь зуурдаар өнгөрөхөд эхнэр юм уу, нөхөр нь заавал хамаатай байдаг.

Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр гэр бүлийн хэн нэгэн зуурдаар, гадны нөлөөтэй өнгөрсөн тохиолдолд эхнэр юм уу, нөхрийг нь хамгийн түрүүнд байцааж, сэжигтнээр татдаг жишиг байдаг аж.

Гэтэл С.Зоригийн хэрэг дээр тухайн үеийн Цагдаагийн байгууллага огт тэгж хандсангүй. Хэргийн газрын ганц гэрч гэгдэх Д.Булганыг гутлын үдээсээр хоёр хурууг нь хүлж, угаалгын өрөөнд оруулчихаад, нөхрийг нь 18 удаа хутгалж хөнөөсөн гэдэг. Хэрэгтнүүд Д.Булганд яагаад тийм өршөөнгүй хандав. Мөн хэргийн газар гэрч төдийгүй хохирогчийн эхнэрийг амьд үлдээнэ гэдэг тэнэг хүний ч санаанд багтамгүй зүйл юм. Гэвч үүнд монголчууд итгэсэн. Итгүүлсэн гэдэг үг илүү оновчтой ч байж мэднэ. 

Хэн ийм эмгэнэлт, хууран мэхлэлтээр дүүрэн жүжиг бичсэнийг олох хэцүү ч хэргийн захиалагч амьд уу, үхсэн үү гэдэг дээр одоо олон нийт санаа бодлоо уралдуулж байна.

Аллагын захиалагч Ш.Отгонбилэг агсан уу?

Энэ хэргийн өөр нэгэн түүх бий. С.Зоригийн гэрт аллага болохоос өмнөхөн Э.Бат-Үүл тэднийд ирчихсэн, өмнө нь амраглаж явсан Булгантайгаа уулзаад сууж байжээ. С.Зориг эхнэр лүүгээ "Төрийн ордон дотор шатар тоглож байна” хэмээн утсаар ярьсан байсан учраас тэр хоёр тайван суусан гэдэг. Тэгтэл  гаднаас С.Зориг ороод ирсэн байна. Тэрбээр нэлээн халамцуу байсан бөгөөд төдөлгүй тэдний хооронд маргаан дэгджээ. Өмнө нь Бат-Үүл, Булган хоёрыг зүгээргүй байсныг мэдэх С.Зориг эхнэрээ хардаж таараа. Энэ гурвыг ийнхүү хэрэлдээд байж байх үед Ш.Отгонбилэгийн явуулсан нөгөө хоёр хамгаалагч залуу гаднаас ороод иржээ. Энэ хоёр бас халамцуу байсан байна. Ингээд бөөн халамцуу улсын хооронд хэрүүл, зодоон нүдээн болж, улмаар энэхүү зөрчил тэмцлийн эцэст С.Зориг агсан амиа алдаж, тэгээд гэнэтийн халдлага болсон мэтээр талийгаачийг олон дахин хутгалжээ. Үүний дараа Ш.Отгонбилэгийн бие хамгаалагч хоёр эр, Э.Бат-Үүлд хандаж: "Амаа хамхиж яваарай. Хэрвээ амаа хамхиж чадахгүй бол дараачийнх нь чи шүү " гэж сүрдүүлсэн байна. Тиймээс Э.Бат-Үүл айж сандран гарч гүйхдээ С.Зориг агсны гэрт цайвар өнгийн малгайгаа орхижээ” гэсэн байгаа.

Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбогдуулж хэд хэдэн удаа сэжигтнээр татсан байдаг. Хамгийн сүүлд түүнийг 2016 оны есдүгээр сард дахин сэжигтнээр тооцож, байцаалт авчээ. Түүнийг дахин дахин байцаах гол учир нь өнөөх л гайтай малгайнаас болсон гэдэг. Харин тэрбээр үе үе гарч ирж зовоодог саарал малгайнхаа тухай хамгийн сүүлд байцаагдах үеэрээ сэтгүүлчдэд хандаж мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр "1998 оны намар С.Зоригийг зэрлэг, балмадаар хөнөөж, энэ үеэс намайг уг хэрэгт холбогдуулан шалгах болсон. Тухайлбал, намайг тэр орой гэртээ сууж байхад нийслэлийн Цагдаагийн дарга Ганболд "Хамгаалалтад авч байна” гэж хэлээд, хэрэг болсон газарт дагуулж очсон. Очиход олон хүн бужигнасан байсан. Хэргийн газрыг хамгаалалтад аваагүй, бөөн хүн бужигнасан байдалтай байсан. Тэр үед би хэргийн газар очоод мэдээжийн хэрэг цочирдолгүй яах вэ. Ц.Элбэгдорж ирж хамт гарахдаа малгайгаа мартаж явсан. Хадам ээжийн маань өмсдөг цагаан цэнхэр малгайг мартсан байсан. Хэргийн дараа намайг гэрчийн хувьд мэдүүлэг авсан. Энэ малгайг надад мартсан байсан нь тогтоогдсон гэж мөрдөн байцаагч өгсөн. Ингээд надаас дахиж мэдүүлэг, байцаалт аваагүй” гэв.

Мөн Ш.Отгонбилэг агсан энэ хэрэгт ямар нэгэн сэжмээр холбоотой хэмээн харддаг. Энэ тухай Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн С.Содбилэг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн цахим хуудаснаа "Надад та бүхний дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна. Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь  өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж, аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ!” хэмээн жиргэсэн байна.

Үнэхээр Ш.Отгонбилэг агсан хоёр хамгаалагчаараа С.Зоригийг хөнөөлгөсөн байх үндэслэлтэй юу.

С.Зоригийг хөнөөгдөх үед Ш.Отгонбилэг аль хэдийн "Эрдэнэт" үйлдвэрийн захирлын албан тушаалаасаа буучихсан байсан. 1998 оны 8-р сарын 20-ны өдөр ТӨХ-ноос Батлан хамгаалах яамны нисдэг тэрэг бүхий зэвсэглэсэн цэргийн хүчийг дайчлан түүнийг албан тушаалаас нь огцруулж, оронд нь Батлан хамгаалах яамны сайд байсан Д.Дорлигжавыг томилсон байдаг.

Харин С.Зориг 10-р сарын 2-нд амиа алдсан.

Тухайн үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцроод удаагүй байсан бөгөөд дараагийн Ерөнхий сайдад С.Зориг яригдаж байжээ. Түүнийг Ерөнхий сайд бараг л болчихсон мэтээр ярих хүмүүс олон байсан гэдэг. Гэвч нэгэнт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдчихсөн Ш.Отгонбилэг юуны учир С.Зоригийг хөнөөх вэ? Мөн Ш.Отгонбилэг захиалга өгч С.Зоригийг алуулсан юм бол түүнд Д.Булганыг амьд үлдээх шалтгаан байгаа юу?

Зөвхөн энэ хоёр асуултаар Ш.Отгонбилэг С.Зоригийг хөнөөх магадлалтай юу гэдэг дээр эргэлзэж эхэлнэ. Түүнийг буруутгах гол шалтгаан нь "С.Зоригийг жаахан айлгачихаад ир” гэж хоёр хамгаалагчаа явуулсан гэх ам дамжсан яриа юм.

Үхсэн хүн үг хэлдэггүй

2001 онд Ш.Отгонбилэгийн сууж явсан Ми-8 нисдэг тэрэг Увс аймгийн Малчин суманд осолдож, өөд болсон билээ. С.Зоригийн хэрэг сөхөгдөх бүрт түүний ясыг өндөлзүүлдэг нь хууль мэт болжээ. Тэд хоёул Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд байсан. Хэрэв үнэхээр Ш.Отгонбилэг С.Зоригийг хөнөөлгөсөн юм бол түүнийг өөд болсноос хойш энэ хэрэг яагаад илэрсэнгүй вэ. Хэргийг хэн нэгэн сайн дураараа хамгаалж, илрүүлэхгүй байхын төлөө сайн дураараа зүтгэсэн гэж үү. Ард түмэн Ардчилсан намын Засгийн газрын үед энэ хэрэг илэрнэ хэмээн найдаж байсан. Гэвч энэ хэрэг "Улсын нууц” биш улс төрийн нууц болох нь цаг хугацаа өнгөрөх тусам улам мэдэгдэж байлаа.

Б.Булган бол ГЭРЧ биш СЭЖИГТЭН

Э.Бат-Үүл, Д.Булган нар амраглаж явсан эсэхийг мэдэх шаардлагагүй. Д.Булган С.Зориг агсантай зургаан жил хамт амьдарсан бөгөөд, гэрлэхээсээ өмнө хөнгөн шингэн явдалтайн дээр хоёр ч нөхрөөс салсан байсан тухай зарим эх сурвалжууд мэдээлдэг. Хамгийн гол нь түүнтэй талийгаачийн гэргий, гэрч гэдэг утгаар нь тун хүндэтгэлтэй харьцаж байсан тухайгаа Хошууч генерал Л.Гарамжил дурссан байдаг. Түүний хэлснээр Д.Булганыг арай өөр аргаар байцааж болох байсан хэмээдэг.

Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "С.Зоригийн хэргийг илрүүлэх бүх бололцоог 10 сарын 2-ны өдрөө алдсан. Тэр үед 70 хүн ороод гарсан. Бүх ул мөр арилдаг юм байгаа биз дээ” хэмээж байжээ.

Хохирогчийн дүү Санжаасүрэнгийн Оюун 18 жилийн дараа хавтаст хэрэгтэй танилцжээ.

Тухайн үед хохирогчийн ар гэрт "Мөрдөн байцаалтын нууц” гээд хавтаст хэрэгтэй огт танилцуулаагүй аж. Мөн 18 жилийн дараа С.Зоригийн аллагад буруутгагдаж байгаа гурван хүнийг ямар нотлох баримтаар үндэслэж, ял оноож байгаагаа ч шүүхээс мэдэгдсэнгүй. Бас л улсын нууц гэнэ. Мөн Монголд анх удаа хүн амины хэргийг "Төрийн нууц” хэмээн хаалттай явуулж, хэргийн газрын ганц гэрч Б.Булганыг оролцуулсангүй. Товчхондоо тус хэргийг ямар ч гэрчгүйгээр шийдчихсэн хэрэг. Хэргийн ганц гэрчээ суллаад зогсохгүй, анх өгсөн мэдүүлгээсээ буцчихаад байхад ямар ч хариуцлага тооцсонгүй. Хачин юм шүү.

Нотлох баримтыг цуглуулах арга ажиллагаа, оролцсон этгээдүүд нууц байж болох ч нотлох баримт өөрөө нууц байх ёсгүй. Тухайлбал ямар нотолгоонууд дээр үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан талаар заримаас нь ч болов олон нийтэд мэдээлэл хэрэгтэй байна. За шүүх юм чинь зөв л шийдсэн байж таараа гэж бодох хүн тун цөөхөн байна. Мөн татгалзсан хуучин хандлагаа баримтлан цагдан хорих 461-р ангид шүүх хуралдааныг хийсэн нь хүний эрх талаасаа ч ухралт болов. Тэгээд ч тухай үед Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр "С.Зоригийн хэргийн таван хавтаст хэрэг алдагдсан” хэмээн мэдэгдэж байсан.

Бүхэл бүтэн 18 жилийн турш хэргийн учгийг тайлах гэсэн, энэ хэрэгтэй ямар нэг сэжмээр холбогдсон бүхэн амиа алдаж, эсвэл ор мөргүй алга болж байлаа. Магадгүй энэ хэргээс нэр бүхий улс төрчид, улс төрийн бүлэглэлүүд залхаж эхэлсэн байх. Ард түмэн ч С.Зоригийн хэргийн жинхэнэ эзэн олдож, зохих ёстой хариуцлагаа хурдан үүрэхийг хүсэн хүлээж байсан нь дамжиггүй. Магадгүй энэ хэргийг шийдвэрлэх гэж ийн яарах болсон нь ирэх Ерөнхийлөгчийн сонгууль хамаатай ч байж болох. Олон нийт хэргийн захиалагч хэн бэ гэдгийг хамгийн их сонирхож байгаа. Захиалагч хэн байсныг зарлахаас нааш энэ хэрэг тийм ч амархан дарагдахгүй гэдгийг ч мэдэж байгаа. Тэгвэл нэгэнт нас барсан хүний нэр дээр хэргийг тохчихоод хаах гэсэн далд санаа яваад байгаа юм биш биз. Ингэвэл С.Зоригийн хэрэг хаагдах нь хэнд илүү ашигтай байж болохыг бодож үзэх хэрэгтэй. Лав үхсэн хүнд ашиг авчрахгүй нь тодорхой шүү дээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ЦАГААН САР | 2017/01/03 18:09
ЗӨВ ШҮҮ