Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй гэдэг. Тиймээс энд дахиад нэгэн мөнхийн сэдвийг хөндөе. Учир юу гэвээс биднийг улстөрчдийн хий хоосон яриаг сонсож, аманд нь орох шахам байхад аль хэдийнэ цагаан сар гэх нүсэр ажлын анхааруулах шар гэрэл асчээ.
Ингээд хэлэхээр миний өгүүлэх сэдэв тун ойлгомжтой болж буй биз. Жил бүр бид цагаан сарын баяр дөхөхтэй зэрэгцээд ирсэн зочдынхоо гарыг цайлгах бэлэг гэгч айхтар зүйлийн эрэлд гарцгаадаг. Энэ нь нэг хэсэгтээ л Монголын ард түмний толгойны өвчин болдог гэхэд болно. Дарь нь дээр давс гэгчээр ирсэн зочиндоо аятайхан, хэн нэгнээс дутахааргүй, нүүрээ улалзуулахааргүй бэлэг өгөөд гаргачих юмсан гэсэн монголчуудын нэрэлхүү зан хэрэг явдлыг улам хүндрүүлдэг гэхэд хилсдэхгүй.
Үнэн хэрэгтэй цагаан сараар аав, ээж, ах, дүү төрөл төрөгсөд гээд ирсэн зочдын гарыг хоосон буцаадаггүй ардын сайхан уламжлалыг л цагийн аясаар өөрчилчихсөн. Дээхэн үед цагаан сараар ирсэн зочиндоо хавсай, идээ, тос хүүхдүүдэд нь дэвтэр, бал, ёотон өгөөд л гаргадаг байсан гэдэг. Тиймээс нэрэлхээд нэрээ идэх биш дээ, энэ жил хөнжлийнхөө хэрээр хөлөө жийчихвэл яасан юм.
Тэртээ тэргүй 2017 онд манай улсын эдийн засаг элгээрээ мөлхөнө, одоо байгаагаасаа ч дордох магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд сануулаад байгаа шүү дээ. Гуравхан сая монголчууд тэднийх тийм бэлэг өглөө, эднийх ийм бэлэг өгчихлөө гэж бие биенээ гоочлоод ч яах юм билээ.
Тэр бүү хэл хятадын эрээн, мяраан чанартай, чанаргүй, өнгө үзэмж муутайхан барааг худалдан авч гадаадын зах зээлд хөрөнгө оруулалж байхаар үндэснийхээ үйлдвэрийг дэмжье л дээ. Жил бүр л үндэснийхээ үйлдвэрийг дэмжиж, сар шинийн бэлгээ дотоодод үйлдвэрлэсэн бараагаар бэлдэе гэдэг уриалга гаргадаг. Тэгвэл энэ жил энэ уриалгыг жинхэнэ утгаар нь дэмжиж хэрэгжүүлье. Ингээд хэлчихээр үндэсний үйлдвэрийн бараа үнэтэй, чанаргүй гэж нэг хэсэг нь ам таглах биз.
Гэхдээ нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэл өдөр ирэх тусам хүрээгээ тэлж, өргөжин, хөгжиж байна гэдгийг санах хэрэгтэй болов уу. Үндэсний үйлдвэрлэл гэхээр л "Гоёо” брэндийн ноолууран хувцас, "Монос”-ийн гоо сайхны бүтээгдэхүүнээр хязгаарлагддаг цаг ард хоцорсон. Хүнс, гоо сайхан, хувцас, гар урлал, электрон бараа гээд бүхий л салбарт үндэсний үйлдвэрлэгчид байна. Ийм байхад хятадын солжир оймс, буруу хөлтэй тирко, хэрэгтэй хэрэггүй чихэр жимсэнд мөнгөө үрэх ч шаардлага алга.
Энд дан ганц үндэсний үйлдвэрлэлээ дэмжих асуудлыг хөндөж байна гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь эдийн засгийн хямралтай үед гадагш чиглэсэн мөнгөний урсгалыг багасгаж, дотооддоо эргэлдүүлэх нь чухал байна гэдгийг ойлгуулах гэсэн төдий. Үнэхээр дотоодын үйлдвэрлэл муу гээд голоод байвал бие биендээ мөнгийг нь өгсөн ч болно шүү дээ. Эдийн засгийн хурдацтай уналтын дүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн гар дээр бэлэн мөнгө ховордсон цагт ирсэн зочиндоо мөнгө бэлэглэнэ гэдэг муу сонголт биш.
Мөнгө бэлэглэнэ гэхээр заавал их мөнгөөр төсөөлөх хэрэггүй. 1000 төгрөг нэг үндэсний үйлдвэрийн шоколадтай өгөөд ирсэн зочныхоо гарыг цайлгачихад л хангалттай. Монголчуудын нэрэлхүү зан л ёотонгоос шоколадны набор, хавсайнаас 20 мянган төгрөг, дэвтэрнээс цамцанд хүргэсэн хэрэг. Цагаан сараар орж ирсэн хүмүүст заавал бэлэг өгдөг нь бэлэгнийхээ том, жижиг, үнэтэй, сайтайд биш ирсэн зочноо гар хоосон гаргадаггүй ардын сайхан уламжлалтай холбоотой гэдгийг л бодох хэрэгтэй.
Энд бас нэг зүйлийг сануулахад, цагаан сараар өндөр настай хүнтэй золгохдоо мөнгө барьж золгодогоо ч больчихмоор л байгаа юм. Бид эрт дээр үеэс ахмад хүмүүстэй хадаг барьж хүндлэн золгодог уламжлалтай. Тэр уламжлалаа л эдийн засгийн хямралтай энэ үед сэргээе. Олон жилийн мөнхийн сэдэв болсон цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, мөнгөний урсгалаа гадагш гаргахгүй байцгаая гэх уриалгыг л хэрэгжүүлээд ёстой л нэрэлхэлгүй, хороолгүйхэн шиг сар шинийн баяраа тэмдэглэе.
Эх сурвалж: mminfo.mn
Сэтгэгдэл