Монголчуудын цээрлэх ёсноос: Эмэгтэй хүний цээрлэх зүйлс


Монголчуудын цээрлэх ёсноос: Эмэгтэй хүний цээрлэх зүйлс

 

Монголчуудын цээрлэх ёсны хураангуй толиос... Эмэгтэй хүний цээрлэх үйл, хөдлөлүүд.


-Эмэгтэй хүн азарга унахыг цээрлэнэ. Хэрэв зайлбаргүй унах болбол мундаанаас нь адис авбал цээр арилна

-Эмэгтэй хүн эр нөхөр, гэрийн эзнийг нэрээр нь дуудах, нэрлэхийг цээрлэнэ. Гэрийн эзэн, хүүхдийн эцэг гэх мэтээр нэрлэнэ. Хүндлэхийн учир тийнхүү авгайлдаг бөлгөө.

-Эмэгтэй хүн үнсэн дээр морь харахыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс хөх биетэй буюу хөх бөгстэй хүүхэд гарна гэнэ.

-Эмэгтэй хүн үс гэзгээ сул задгай тавьж гэрт, гадаа явахыг цээрлэнэ Бэлбэсрэлийн тэмдэг, ёр хэмээн үздэгийн учир заавал сүлжиж боож явна. 

-Эмэгтэй хүн нуруугаа үүрэхийг цээрлэнэ. Бүсгүй хүний намбад үл нийцэх учир нуруугаа үүрвээс цадиггүй, жудаггүй гэнэ.

-Эмэгтэй хүн худагны аман дэзр албалзаж (алцайж) эогсохыг цээрлэнэ. Худаг ус бузартана гэх буюу лус хилэгнэхээс сэрэмжилж буй заншил болой.

-Эмэгтэй хүн сан тавихыг цээрлэнэ. Долоон хүү төруүлсэн бол цээргүй болно.

-Эмэгтэй хүн өмд, оймс, гутлаа эр нөхөр, эцэг өвгийн хувцас өмсгөл дээр тавих, бурхан шүтээн ариун нандин газар ойр байлгахыг хийморь лундааг доройтуулна хэмээн цээрлэнэ. 

-Эмэгтэй хүн сарын бохироо ил задгай хаяхыг бузар булай хэмээх тул хатуу цээрлэнэ.

-Эмэгтэй хүн сэтэртэй буюу онгон мал унахыг цээрлэнэ. Буян заяанд муу, сэтэр онгоныг сэвтээнэ, хүндэднэ гэхийн учир болой.

-Эмэгтэй хүн олны дунд аальгүйтэх, эрээ жороогүй аашлахыг цээрлэнэ. Садар шалиг, эрээ цээргүй эм хүн түмний шившиг, олны жигшил болдог тул дөлгөөн намуун аашийг эрхэмлэнэ.

-Эмэгтэй хүн мал нядлах, төхөөрөхийг цээрлэнэ. Ер хатуу, хэцүү үйлд эм хүнийг оролцуулах нь ёс бус, хэрэг бегөөд эх хүнийг хайрлахгүй нугэлд тулхвээс амраг садан, үр хүүхдэд нь гай болно, илүү их нүгэл хураана гэнэ.

Х.НЯМБУУ Ц.НАЦАГДОРЖ МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛЬ Улаанбаатар 1993

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.