Нидерланд, Туркийн харилцаа огцом “хүйтэрлээ”


Турк улсын засаг захиргаа тус улсад суугаа Голландын дипломат төлөөлөгчийн газрын орох, гарах эрхийг хязгаарлаж, Нидерландын Элчин сайдыг амралтаа дуусгаад, тус улсад орж ирэхгүй байхыг хүсчээ.
Энэ нь Нидерланд, Туркийн хоорондын харилцаа огцом хүйтэрснийг илтгэж буй шинж юм. Үүнээс өмнөхөн Голландын засаг захиргаа Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглуг туркуудтэйгээ уулзалт хийхийг таслах зогсоох зорилгоор онгоцыг нь газардахыг зөвшөөрөөгүй билээ.
Бямба гарагт болсон энэ үйл явдлаас л Нидерланд, Туркийн хооронд олон улсын жинхэнэ зөрчилдөөн эхэлсэн гэхэд болсон. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Туркт бүх нийтийн санал асуулга болохоос өмнөхөн Голландын Роттердам хотод уулзалт хийхээр төлөвлөөд байжээ. Тэрбээр Голландад суугаа туркүүддээ хандан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө саналаа өгөхийг уриалахаар төлөвлөөд байсан юм. Турк улсад ирэх дөрөвдүгээр сарын 16-нд Үндсэн хуульд хэдэн өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал хураалт болно. Уг санал хураалтаар парламентын удирдлагыг Ерөнхийлөгчийнх рүү шилжүүлэх хэд хэдэн өөрчлөлт хийхэд иргэд ямар санал бодолтой байгааг илрүүлэх юм.
Харин Нидерландын засаг захиргаа Туркийн ГХЯ-ны тэргүүнийг оруулахаас татгалзсан шалтгаанаа "нийтийн эмх замбараа, аюулгүй байдлыг алдагдуулах” аюул заналхийллээс сэргийлж авсан арга хэмжээ гэжээ. Голландын Засгийн газар Туркийн сайдын онгоцыг буух зөвшөөрлийг л цуцалсан юм. Ингэхдээ Нидерландын засаг захиргаа үүссэн нөхцөл байдлыг тохиромжтой байдлаар шийдвэрлэхэд Турктэй хамтарч ажиллахад бэлэн гэж тэмдэглэсэн ч Туркийн засаг захиргаа хориг арга хэмжээгээр сүрдүүлж, "асуудлыг ухаалгаар шийдвэрлэх” хөг өнгөрчээ.
Сүүлд нь Голландын цагдаагийн газар Туркийн Гэр бүл, нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн сайд Фатма Бетюль Саям Кайяг улсад нь машинаар орж ирэх үед нь саатуулсан байна. Тэрбээр Нидерландад төлөвлөсөн уулзалт, арга хэмжээг нь цуцалсан байсан ч Роттердам руу орохоор явж байжээ. Түүнчлэн Туркийн сэтгүүлчдийг улс руугаа орж ирэхийг хориглосон байна.
Роттердам дахь Туркийн консулын газар туг далбаа, лоозон барьсан хэдэн зуун турк иргэн цугларчээ. "Anadolu” агентлагт "Роттердамын цагдаагийн газар Кайягийн Нидерланд дахь айлчлалыг сурвалжлахаар явж байсан Туркийн Anadolu агентлаг, TRT сувгийн сэтгүүлчдийг саатуулж, тэднийг улс орноосоо гаргахыг шаардсан” гэж мэдээлжээ.
Үүний хариуд Туркийн засаг захиргаа Голландын дипломат төлөөлөгчийн газрын гарцыг хааж, амралтаа аваад нутаг буцсан Голландын Элчин сайдыг хэсэг хугацаанд улс оронд орж ирэхгүй байхыг шаарджээ.
Туркийн ГХЯ-ны төлөөлөгч "Анкара дахь Нидерландын ЭСЯ, Стамбул дахь Ерөнхий консулын газрын орц, гарцыг аюулгүй байдлын үүднээс хаасан” гэж мэдээлсэн байна.

Сайдад үзүүлсэн заналхийлэл

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу өмнө нь мэдэгдэхдээ хэрвээ Нидерланд улс түүнийг уулзалтад оролцохоор очиход нь оруулахгүй бол Анкара тус улсын эсрэг эдийн засгийн болон улс төрийн хориг арга хэмжээ авч магадгүй гэж байсан юм. Түүний хэлсэн "Хэрвээ Нидерланд улс өнөөдөр миний нислэгийг зөвшөөрөхгүй цуцлах юм бол бид асар том хориг арга хэмжээ авах болно” гэсэн үгийг "Hurriyet” хэвлэлд дурджээ.
Харин Роттердам хотын дарга Ахмед Абуталеб Нидерландын засаг захиргаа Чавушоглуг сурталчилгааны аянд оролцохыг зөвшөөрөхгүй гэж анхнаасаа мэдэгдэж байсан ч түүнийг улс оронд нь оруулахгүй гэсэн яриа огт гараагүй юм.

Туркийн Гэр бүлийн сайдыг "хүсэмжит бус гадаадын иргэн” хэмээн зарлалаа

Нидерландын засаг захиргаанаас тус улсад машинаар орж ирэх гэж байсан Туркийн Гэр бүл, нийгмийн бодлого эрхэлсэн сайд Фатма Бетюль Саям Кайяг "хүсэмжит бус гадаад иргэн” хэмээн зарлаж, цаашид Герман руу гарахад нь саатуулна гэж мэдэгдлээ.
Сайдын сууж явсан машин Роттердам дахь Туркийн консулын газарт байрлаж байгаа бөгөөд цагдаа нар машиныг нь бүсэлжээ. Цагдаагийн газраас түүнийг дипломат төлөөлөгчийн газрын өмнө цугласан туркууддээ хандаж үг хэлэх боломжийг нь хязгаарласан төдийгүй байр руу орох гарцыг нь хүртэл хаасан байна. Үүний хариуд Фатма Бетюль Саям Кайя сайд "Ардчилал, үндсэн эрх, хүний эрх, үг хэлэх эрх чөлөө. Энэ бүгд өнөөдөр Роттердамд мартагджээ” хэмээн "Twitter” хуудсандаа бичжээ.
Кайя ч мөн Голланд дахь туркууддээ Турк дэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж санал өгөхийг уриалахаар ирсэн аж.

Нацизмын үлдэгдэл гэв

Турк улсын ГХЯ Туркийн сайдын онгоцыг буулгах зөвшөөрөл өгөөгүйгээс болж Нидерландын асуудлыг хэлэлцэхээр болжээ. Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Нидерландад яг адилхан хариу барих хэрэгтэй хэмээн сүрдүүлжээ. Тэрбээр "Манай Гадаад хэргийн сайдыг нисэхийг хүссэнээрээ л хориглож байг. Харин одоо та нарын нислэгүүд Туркт буухыг харъя л даа” гэж мэдэгджээ.
Түүнчлэн Туркийн тэргүүн Нидерландын засаг захиргааны хийсэн уг үйлдлийг фашистуудын алхамтай зүйрлэсэн байна.
"Тэд улс төр, олон улсын дипломат бодлогын талаар юу ч мэддэггүй юм байна. Энэ бол нацизмын үлдэгдлүүд, тэд фашистууд” хэмээн хэлснийг "Anadolu” агентлаг дамжуулжээ.
Энэ бол Турк Европын хоорондын харилцаа хүйтэрсэн анхны тохиолдол биш юм. Энэ талаар улс төр судлаач Мартин Жей "Ойрын үед Европын холбоо, Турк хоорондын харилцаа өмнөх түвшиндээ хүрч чадахгүй. Анкарад таагүй ханддаг Европын холбооны гишүүн орнуудын жагсаалт нэмэгдсээр байна. Тэдний олонх нь Брюсселийн заавраар хөдөлж байна. Яг л 2016 оны зуны үйл явдлыг давтаж буй юм. Тэр үед Брюссель Турктэй харьцах таагүй харилцааг улам бүр өдөөж байсан билээ. Тус улсад төрийн эргэлт хийх оролдлого болсны дараа Европын холбоо Анкараг огт дэмжээгүй билээ” хэмээжээ.
Эргэн сануулахад энэ сард Анкара мөн Берлинтэй ч хүнд харилцаатай болсон билээ. Турк гаралтай Германы сэтгүүлч Дениз Юджель Стамбулд баривчлагдсаны дараа хоёр улсын харилцаа хүйтэрсэн. Турк улсын засаг захиргаа сэтгүүлч эрийг "алан хядах байгууллагад оролцсон, терроризмыг сурталчилсан мэдээллийг шалгахгүйгээр ашигласан” гэж буруутгасан юм. Германы канцлер Ангела Меркель Юджелийг чөлөөлж, хэвлэлийн эрх чөлөөг сахихыг Анкарагаас шаардсан байна. Энэ явдлын дараа Германы Гаггенау хотын засаг захиргаа Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздагийн уулзалтыг цуцалсан. Үүнээс болж Бекир Боздаг Германы Хууль зүйн сайд Хайко Маастай хийх уулзалтаасаа татгалзаж, тус улсаас гарч явсан билээ. Энэ бүхэнтэй холбоотойгоор Туркийн ГХЯ-ны тэргүүн ХБНГУ-ын засаг захиргааг Анкарад дарамт үзүүлэх бүхий л төрлийг ашиглаж байна гэж буруутгасан юм.

Эх сурвалж:


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.