Ц.Нямдорж хардаж байгаа. С.Зоригийн аллагад нэр бүхий 3 хүн холбоотой гэж шүүх шийдвэрлэсэн нь буруу, үүний ард өөр зүйл байна хэмээн хардаж байгаа. Шүүхийн үйл ажиллагаа буруу явсаныг хардах эрх түүнд бий. Хүний эрхийг зөрчиж, хилс хэрэгт гүтгэх вий гэсэн болгоомжлол түүнд бий. Магадгүй нэгэн цагт өөрөө үүнтэй ижил нөхцөл байдалд орж байсан болохоор ийнхүү хардаж буй биз ээ.
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2004 онд МАН-ынхан үнэмлэхүй олонхи суудлыг авч, төр барьж байсан үе. Н.Энхбаяр Ерөнхий сайдтай, Ц.Нямдорж Хууль зүйн сайдтай байсан. Энэ цаг үед С.Зориг агсны амийг хөнөөсөн этгээдүүд, тэдний захиалагчийг нь олсон томоохон процесс явагдаж, олны анхаарлын төвд орж байв. Тэд АН-ын дарга М.Энхсайхан руу чиглэсэн операцийг эхлүүлж, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагч нь М.Энхсайхан хэмээж байлаа. Үүнийгээ ч зохион байгуулалттайгаар хийж байсныг та бүхэн санаж буй байх.
Тухайн үед "Ил товчоо” сонинд "Энхбаяр, Нямдорж нар шүүх, прокурорын байгууллагуудыг элдвээр дарамталж, хүссэн шийдвэрээ гаргуулж байгаа нь тодорхой байна” гэж бичиж байж. С.Зоригийн хэргийн захиалагч нь М.Энхсайхан, харин гүйцэтгэгч нь Д.Энхбат хэмээн холбож, Д.Энхбатыг Франц улсаас оргуулан авчирч байсан удаатай. Түүнийг Монголд авчирсаны дараагаар М.Энхсайханыг захиалагч гэж хэлэхийг шахаж, дарамталдаг байсан гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүй бичигдэж байлаа. М.Энхсайханыг захиалагч болгохын тулд хэчнээн хүнийг золиослов. С.Зоригийг хэн хорлосныг нь олон нийтэд ил болгож, оноо авахын тулд Ц.Нямдорж тэргүүтнүүд дээрх операцийг найруулсан байгаа юм.
Энэ талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ам нээв. Түүний хэлж байгаагаар тухайн үед Хууль зүйн сайд байсан хүн АН-ын дарга М.Энхсайханыг С.Зоригийн аллагад буруутгахын тулд Францаас хүн баривчилж, гэмт хэрэгт тулган, нотлогдохгүй болохоор нь өөр зүйл ангиар шоронд оруулсан аж. Энэ бүгдийг хийж байсан хүн өнөөдөр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн гол буруутан нь өөр хүн бий хэмээн яриад сууж байна. Магадгүй уг хэргийг өөр хүнд тохох шинэ санаа олов уу гэлтэй сөрж дуугарч байгаагийн цаана юу нуугдана вэ.
Нэг үеийн давтамжтай буюу 13 жилийн өмнө АН-ынхан ялагдал хүлээж, МАН-ынхан үнэмлэхүй олонхи болж байв. Тэр үед С.Зоригийн хэргийг илрүүлэх ажиллагаа явагдаж байсан. Энэ цаг үе өнөөдрийнхтэй адил байна. Өнөөдөр ч МАН олонхи болж, АН ялагдал хүлээсэн. Мөн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг ч илрүүлсэн гэх ажиллагаа явагдлаа. Үйл явдлын түүх давтагдав.
М.Төр
Цензургүй.мн
Сэтгэгдэл