Монголын ард түмэн сүүлчийн удаа Ерөнхийлөгчөө сонгоно


Монголын ард түмэн сүүлчийн удаа Ерөнхийлөгчөө сонгоно

 

Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчилж, 1993 онд анхны Ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ сонгож байв. Түүнээс хойш зургаан удаа сонгууль явуулж П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын дөрвөн Ерөнхийлөгчийг сонгожээ. Одоо тав дахь Ерөнхийлөгч "төрөхөөр” дуншиж байна.

Энэ удаагийн сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН, МАХН-аас нэр дэвшүүлнэ. Тэднээс хэн нэг нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож таарна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болдгоороо болж Ерөнхийлөгч тодорно гэсэн үг.

Гэхдээ долоо дахь сонгуулиар тодорсон Ерөнхийлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх явцад олон зүйл өөрчлөгдөж магадгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт хийх замаар Ерөнхийлөгч бэлгэдлийн шинж чанараа хадгалан үлдэж, хүчтэй Ерөнхий сайдтай болох зам засагдаад иржээ.

Их ойлгомжтой, басхүү энгийнээр хэлбэл ХБНГУ шиг болно гэсэн үг. Өдгөө ХБНГУ-ын гүйцэтгэх дээд байгууллага нь холбооны Засгийн газар юм. Түүний үндсэн үүрэг нь улсынхаа улс төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино. Засгийн газрыг Канцлер удирдана. Манайхаар Ерөнхий сайд гэсэн үг. Та бид Ангела Меркелийг сайн мэднэ. Яг л түүн шиг эрх мэдэл бүхий Ерөнхий сайдтай болох юм.

Харин Германд Ерөнхийлөгчийн албан тушаал нь ерөнхийдөө бэлгэдлийн чанартай байдаг. Ерөнхийлөгч нь Германыг гадаад улс орнуудад төлөөлдөг бөгөөд түүнийг ёс суртахууны хэм хэмжүүр гэж үздэг. Манай Ерөнхийлөгч 2012 онд ХБНГУ-д айлчлахдаа Ерөнхийлөгч Ё.Гауктай уулзлаа гэж байсан. Дараа нь 2015 онд ноён Ё.Гаук манай улсад айлчилж байв.

Харин энэ оны хоёрдугаар сард ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд асан Франк-Вальтер Штайнмайер тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Нэг үгээр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер ерөнхийдөө бэлгэдлийн чанартай албан тушаалаа хашдаг. Харин Канцлер Ангела Меркель улсынхаа улс төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг.

Тэгвэл манай УИХ "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг энэ сарын 7-ны өдөр гаргаж УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар болон Төрийн ордонд энэ сарын 29, 30-ны өдрүүдэд явуулах юм.

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны 17.00 цагаас орон даяар эхэлсэн. Үндэсний статистикийн хорооноос нэгдүгээр шатны санал асуулгыг явуулж байгаа. Ингэхдээ 21 аймаг, нийслэлийн  9 дүүргээс  санамсаргүй түүврийн аргачлалыг ашиглан Монгол Улсын насанд хүрсэн, нийт хүн амыг төлөөлөхүйц 1,570 иргэнийг сонгосон гэж байгаа юм. Санамсаргүй, түүврийн аргачлал гэдэг нь яг санамсаргүй сонгох уу гэдэг анхаарал татах л асуудал. Юутай ч хуульчлаад ингэж ажиллаад эхэллээ.

Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатанд хэлэлцүүлэг зохион байгуулах гэнэ. ҮСХ нэг дэх шатанд оролцогчдын 50 хувийг дахин санамсаргүй түүврийн аргаар сонгож Зөвлөлдөх уулзалтад оролцуулна гэж байна. Уг хэлэлцүүлэг нь Төрийн ордонд дөрөвдүгээр сарын 29, 30-нд болох юм. Ингэхдээ уулзалтад оролцогчдыг 15-аас илүүгүй хүнтэйгээр жижиг бүлэг болгох юм байна. Энэ үеэр бүлгийн гишүүд нэгдэх шатанд бөглөсөн санал асуулгын хуудсыг дахин бөглөх аж.

ҮСХ хоёр шатны санал асуулгыг нэгтгэн санал асуулгын тайлан гаргаж тавдугаар сарын 4-ний дотор Зөвлөлдөх зөвлөлд танилцуулах юм байна. Үүнээс зөвлөмж гаргаж тавдугаар сарын 5-ны дотор УИХ-д танилцуулах юм байна. Ингээд УИХ олон нийтэд мэдээлнэ.

Энэ бол процесс. Харин ямар үр дүн гарах бол гэдэг сонирхолтой. Одоо бараг тодорхой болсон "үр дүн” гэвэл Ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг Ерөнхий сайдад шилжүүлэхээр болоод байна.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө зарлигийг хэрэгжүүлээгүй Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулна. Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа УИХ-д оруулна. УИХ уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газартай тохиролцон тодорхойлж УИХ-д өргөн мэдүүлнэ. Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг УИХ -тай зөвшилцөж томилно.

Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна. Эдгээр нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн зарим нь юм.

Гэхдээ дээр дурдсан эрх мэдлүүд үндсэндээ маш хүчирхэг төрийн институцийг бүтээсэн юм. Харин МАН тун удахгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бэлгэдлийн хэмжээнд нь аваачиж, Ерөнхий сайдад эрх мэдлийн нэлээд хэсгийг шилжүүлэхээр ажиллаж буй ажээ. Тус намынхан үүнийгээ нийтэд зарлаад эхэлсэн нь тун удахгүй үйл явц эхэлнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хууль, хүчний байгууллагын удирдлагын томилгоог Ерөнхийлөгчөөс салгана. Ингэсэн тохиолдолд Ерөнхийлөгч нь хуульд заасанчлан Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэгч болж үлдэнэ гэсэн үг.

Нөгөөтээгүүр бас нэг анхаарал татаж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг Төрийн эрхийг барих дээд байгууллага болох УИХ-аас сонгодог болно.

Энэ бүгдийн тухай Үндсэн хуулийн манаанд "сайн дураараа” 25 жил зогссон, иргэн Д.Ламжав дуугараад эхэлсэн нь санамсаргүй хэрэг огтоос биш юм. Тэрбээр сүүлийн үед энэ тухай хэвлэлүүдэд байнга ярих болсон. Иргэн Д.Ламжав Ерөнхий сайдын тухайд "...Ерөнхий сайдыг УИХ хэлэлцэж томилдог. Энэ бол байх ёстой зүйл, парламентын засаглалтай улс орны нэг чухал үзүүлэлт. Харин бусад сайд нарыг УИХ-аар толгой дараалан хэлэлцдэг. Энэ нь байдлыг маш хүндрүүлж байгаа.

Та бүхэн зөндөө жишээ мэднэ. Жишээлбэл, Ерөнхий сайдад УИХ-ын зүгээс асуудал тулгадаг.Тийм сонирхолтой гишүүд байх нь байна ш дээ. Хэрэв гишүүдийн тавьсан ямар нэгэн асуудлыг хүлээж авахгүй бол өөрийнхөө фракцын сайдуудыг татна шүү гээд л ярьж байлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол УИХ-д баймааргүй эрх. Дээрх байдлаас болоод гүйцэтгэх эрх мэдэл УИХ-аас маш хараат болчихсон. Ерөнхий сайд өөрт оногдсон үүргээ биелүүлээд ажиллах гэхээр саад тотгоор учраад байдаг. Үүнийг засдаг арга нь бэлэн.

Бид нэг их шинэ юм бодож олоод байх шаардлагагүй.  Бусад улсад үүнийг хэрхэн зохицуулсан байдаг вэ гэдгээс л суралцах хэрэгтэй. Энэ дээр бол Ерөнхий сайд бусад бүх сайдаа толгой мэдэн томилдог болгоосой гэж би хүсэж байна. Нөгөө талаар Ерөнхий сайд ч гэсэн  хяналтад байх ёстой. Ерөнхий сайдыг хянахад амархан. Ерөнхий сайд мэдээж ажлаа парламентад тогтмол хугацаанд тайлагнадаг шүү дээ. Түүнээс гадна Ерөнхий сайдыг огцруулах гэдэг юм уу, итгэл хүлээлгэх эсэх тухай асуудал үүснэ” гэж байгаа.

Харин Ерөнхийлөгчийн тухайд "...Ерөнхийлөгч хууль санаачилдаг, чиглэл өгдөг. Ерөнхийлөгчийн энэ хоёр эрхийг хасмаар байгаа юм. Ерөнхийлөгч хориг тавих нь чухал эрх мөн. УИХ-аас гарч байгаа ямар ч шийдвэрт хориг тавих эрхтэй. Энэ хоригийг нь гишүүдийн 26 нь дэмжчих юм бол хүлээж авна. Энэ бол зүйтэй заалт. Харин Ерөнхийлөгч хууль санаачлаад байх нь аливааг цалгардуулах талтай. Мөн чиглэл өгөх эрх ч хэрэггүй. Ингэж чиглэл өгөх нь маш зохисгүй. Яагаад гэхээр Ерөнхий сайд өөрөө хэврэг учраас үргэлж түгшүүрийн байдалд байна. Ерөнхийлөгч бол Ерөнхий сайдыг огцруулахад нөлөө үзүүлж болох этгээд.

Энэ байдлыг нь далимдуулаад чиглэл өгдөг. Чиглэл бол төдийлөн зөв байна гэхээсээ илүү дарамтлах шинжтэй. Эрх зүйн хувьд ач  холбогдолтой гэхээсээ дарамтын хэрэгсэл болж  хувирсан байна шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл өгөх эрхийг нь авч хаях хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч бол томоотой, буруутчихгүй байхын тулд нэг их ажил хийдэггүй, тийм байгаасай гэж хүсэж байна. ...

УИХ Ерөнхий сайдыг томилчихлоо гэдгийг Ерөнхийлөгч бүртгэж байх юм. Би бүртгэх гэж хэлээд байгаа нь учиртай. Тэрнээс биш урдаас нь Ерөнхий сайдаар энэ хүнийг тавимааргүй байна, миний энэ хүнийг тавивал яасан юм гэдэг санал гаргах ёсгүй. Батламжилдаг л байх ёстой. Бусад сайд нарын хувьд ч гэсэн Ерөнхий сайд энэ хүнийг сайд болгочихлоо гээд түүнийгээ Ерөнхийлөгчид үзүүлдэг, Ерөнхийлөгч наадахын чинь оронд тэр хүнийг болгомоор байна гэхгүй. Тэгэх ч ёсгүй. Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх, хариуцлагыг нь бодоод тэрийг нь баталж байдаг ийм өөрчлөлт оруулмаар байна” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Энэ мэтчилэнгийн эрх мэдлийн хуваарилалтыг хийх Үндсэн хуулийн өөрчлөлтийг тун удахгүй хийхээр болж байна. Товч хэлэхэд Ерөнхийлөгчийн зарим эрхийг Ерөнхий сайдад шилжүүлж, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болно. Ингэж Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар  "...Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэдгээрээ  үлдэнэ. Тиймээс энэ удаад Монголын ард түмэн Ерөнхийлөгчөө сонгох сүүлчийн сонгууль болно гэсэн үг.

Б.ДАМДИН-ОЧИР, ЗУУНЫ МЭДЭЭ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.