Өмнөговь аймагт нүүрсний тээвэрлэлт хийдэг жолооч нарын эрх ашиг олон жилийн өмнөөс зөрчигдөж ирсэн. Нийгмийн даатгал огт төлдөггүй, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй, хоол болон метилийн спиртэнд хордох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолдох гэх мэт олон асуудал гарч байдаг нь ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ тийшээ чиглэдэггүйтэй холбоотой юм. Жолооч нарыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм мөрдөөгүйгээс болж зам тээврийн осол их гаргаж, ослоор амиа алдаж байна гэх мэдээллийг албаныхан өгдөг. Гэтэл үнэн хэрэгтээ замын чанар нь муу, дээр нь жолооч нар хил нэвтрэхдээ өчнөөн хугацаагаар хүлээдэг, оочер дарааллаа алдахгүй гэж амьдрал амьжиргааныхаа төлөө амь биеэ үл хайхран зүтгэж буй гэдгийг мартаж болохгүй юм.
Тэгвэл нэгэн иргэн "Эрдэнэс Тавантолгой”-н уурхай жолооч нарыг үнэхээр гэсгээн цээрлүүлж байна хэмээн сошиал хуудаснаа бичжээ. Тэрбээр " Хэдэн мянган машинд ачилт хийдэг хамгийн том уурхай байж ганц эгнээ, ганц харуулаар тэр олон машиныг хэтэрхий удаан уурхайруу нэвтрүүлэх юмаа. Уг нь дотор паркалдаг 3 том талбай байхад гаднаа оочeр үүсгэж жолооч нарыг өдөр шөнөгүй тамлаж байна. Жолоочийг хамгийн ихээр ядраадаг зүйл бол оочeр. Ганц модонд өргөн зам, унага, адууны хашаа, хоолой гээд өглөө 8-аас орой 20 цаг хүртэл оочeроор Монголын хилрүү нэвтэрнэ. 250км-т шөнөжин давхиж ирээд ЭТТ-н гадна оочeрт татагдсаар маргааш өдөр нь ч уурхайд нэвтэрч чадахгүй, амрах гэхээр рeссээ алдчих гээд гүрийсэн хэдэн жолооч нарын ажиллах нөхцөл улам л хүндрээд байхын..” хэмээн бичжээ. Энэ бол үнэхээр нөхцөл байдлыг биеэрээ мэдэрч байгаа хүний үг гэдэгт эргэлзэхгүй байна.
Тиймээс "Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд Монголчуудынхаа эрх ашгийг бодож, жолооч нарыг тамлаж, зовоогоод буй асуудлууд дээрээ анхаарах хэрэгтэй байгааг уламжилж байна.
Мөн түрүүн замын чанарын асуудлыг хөндсөн. Тэгвэл иргэд сошиал хуудаснаа энэ асуудлаар байр сууриа ч илэрхийлж байна. Ямартаа л "Энэ замыг 2 урсгал нь тусдаа барьж болдоггүй юм байхдаа. Замын төлбөр нь нэг машинаас 480000 нэг машин сард 7 рейс гэж тооцвол 3360000 энд 10000 машин явж байгаа гэж бодвол сард 33 тэрбум 600 саяыг замын хураамж хэлбэрээр авч байна. Жилд бол утгаа алдана 403 тэрбум. Энэ мөнгөөр барьж болохгүй юм байхдаа хэдэн ч хүн үхэж байна даа энэ зам дээр.
Ерөнхийлөгчийн сонгууль ч гэх шиг, хүнээ иргэнээ ард түмнээ хамгаалах эрүүл зөв бодлого явуулж, нийгмийн бусармаг үйлдлийг шударга хэлэх хүн олдсонгүй дээ. Энэ хэдэн олигархууд яана даа.” хэмээн бухимдлаа илэрхийлж байгаа юм.
Жолооч нараас өндөр хураамж авахаа л мэдээд хэмлээд байхаас биш жолооч нарын тээвэрлэлт хийдэг замын орчныг сайжруулах тал дээр төр засаг юу ч хийхгүй байна. Нэг жилд 403 тэрбум төгрөг жолооч нараас авч байж, эрсдэл дагуулсан энэ замыг нь засаад сайжруулчих сэтгэлгүй байна гэдэг үнэхээр харамсалтай. Жолооч нарыг үхэж л байг гээд үл тоож байгаа хүмүүсийг зайлуулах цаг болжээ.
Шуурхай.мн
Сэтгэгдэл