ШИНЭЭР НЭМЭГДСЭН ТАТВАР БОЛ АЖИЛ БҮҮ ХИЙ ГЭСЭН ЕРӨНХИЙ ФИЛОСОФИТОЙ


ШИНЭЭР НЭМЭГДСЭН ТАТВАР БОЛ АЖИЛ БҮҮ ХИЙ ГЭСЭН ЕРӨНХИЙ ФИЛОСОФИТОЙ

 

Эрх баригчид есөн төрлийн татвар нэмлээ. Үүнийгээ "Олон улсын валютын сангийн шаардлагыг биелүүлж ингэхээс өөр аргагүйд хүрсэн” гэж тайлбарлаж байгаа. Үнэн хэрэгтээ Олон улсын валютын сангийнхан "Татвараа шууд нэм гэж бид хэлээгүй. Татварын бааз сууриа бэхжүүл. Хууль эрх зүйн орчноо сайжруул, онгорхой цоорхойг нь нөх” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр манай эрх баригчид Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдахын тулд илүү ухаалаг арга бодож олж болох байж. Харин хамгийн бүдүүлэг, хүч түрсэн аргаар татварыг өм цөм нэмэх аргыг л эрх баригчид олсон байх нь. Угтаа 65-уулаа болж сонгуульд ялж гарч ирэхдээ мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амласан шүү. Яг үүнийхээ эсрэг үйлдэл хийлээ.

Татварын бодлого бол улс орон хаашаа явахав, ямар салбараа хөгжүүлэхэв, юун дээр илүү анхаарах вэ гэдэг ерөнхий философи юм.

Оны эхнээс хэрэгжиж эхэлж буй татварын энэ бодлого нь улс орноо хөгжүүлэхийн эсрэг, ажилгүйдлийг дэмжсэн арай дөнгүүрийг нь чагталсан бодлого боллоо. Малчин, дуучин, бөх, бөө, лам нар бол энэ татварт хамаарахгүй. Татвартай холбоотой хууль тогтоомжуудын ерөнхий агуулга нь ажил бүү хий гэсэн агуулгатай болжээ. Сургуульгүй, боловсролгүй, техникийн мэргэжил эзэмшиж болохгүй, сайн мэргэжил эзэмшиж, өөрийгөө хөгжүүлж болохгүй, сайн цалин авч болохгүй, уул уурхайн салбарт ажиллаж болохгүй, сайхан амьдрахын тулд хөдөлмөрлөж болохгүй, компани байгуулж болохгүй, хичээх шаардлагагүй, нийслэлд амьдарч болохгүй гэсэн ойлголтыг эндээс шууд өгч байна. Тэрний оронд гэртээ хүүхдээ хараад сар бүр тавин мянган төгрөг авчихаад сууж байх нөхцөл үүслээ. Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой бүтээлч, ажилсаг, хөдөлмөрч, хөгжиж дэвших эрмэлзэлтэй хүмүүсийг боомилсон ийм л татвар боллоо. Тэд хөдөлмөрлөж хичээсний үр дүнд амьдрал сайжирна гэж итгэдэг, бэлэнчлэх сэтгэлгээгүй, ухаалаг хүмүүс. Ийм хүмүүс л өндөр цалин авч, сортоотой амьдарч байгаа. "Боломжийн цалин авч байгаа хүмүүс 11 хувь болохоор нийт ард түмэн хохирохгүй, санаа зоволтгүй” ухааны юм эрх баригчид яриад байна лээ. Тэр 11 гээд байгаа хувийг басч болохгүй ээ. Монголын нэр нөлөө, ирээдүй, хөгжил дэвшил энэ 11 хувьтай шууд хамаатай. Тэд илүү хөдөлмөрлөдөг, гэвч бусдаас илүү хоол иддэггүй л байхгүй юу. Тэр хоёр хувийг тойроод ах дүү хамаатан садан, найз нөхөд нь амьдарч байдаг. Энэ хүмүүсийн үгийг сонсдог. Энэ хүмүүсийн авдаг хэдэд халдвал ард түмний хэрэглэж болох сагсанд байгаа бараа хөдөлнө. Энэ 11 хувь бол улсыг хөдөлгөж байдаг нөлөөтэй. Ийм атал 11 хувь хохирох нь та нарт падгүй гэж хэлээд сууж болох уу. Тэр хувь чинь үлдсэн хувиа чирч яваа шүү. Гэсэн атлаа амьдралаас тасарсан баячуудаас татвар авахгүй. Учир нь тэр амьдралаас тасарсан баячууд, олигархиуд өөрсдөө төрд байгаа учраас өөрсдийнхөө эрх ашгийг хөндөхгүй. Дундаж давхаргын аль сортоотой болгондоо ингэж тээг тавьчихаад Нарантуулын наймаачид, хүнсний захууд, машины ченж нараас татвар авахгүй. Эдний гар дээр асар их мөнгө эргэж байдаг. Ядаж л эд нар худалдан авагчдаа НӨАТ-ын баримт өгдөггүй шүү дээ. Дуучдаас татвар авахгүй. Нэг тоглолтоос хэдэн саяар нь олдог тэдний хэд нь татвар төлдгийн. Хэзээ ч татвар төлж байгаагүй тэд энэ татварын нэмэгдэлд огт хамрагдаагүй. Хүнд өгч сураагүй, бусдын гарын алгыг дээш харуулж үзээгүй, бусдаас авч л сурсан бөхчүүдээс татвар яагаад авахгүй байгаа юм. Жар, далан сая малаасаа малын хөлийн татвар авдаггүй. Харин ч малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлууллаа. Зүгээр л баялаг бүтээгчдийг, илүү хөдөлмөрлөснийг нь дарамталсан Татварын хууль боллоо. Энэний төлөө өнөөгийн эрх баригчид МАН нэг юм дуулах нь дуулна. Магад эрх баригчид нэмсэн татварынхаа хүлээсэнд боомилогдох биз. Өмнөд хөрш ядуусаа дундаж давхарга руу оруулах гэж хэдэн саяар нь амьдралыг нь өөд татах зөв бодлого явуулж эхлэв.Манайх эсрэгээр нь дундаж давхаргынхнаа ядуусын эгнээ рүү чирлээ.

Дундаж давхаргын нөлөө асар их. Тэдний цалингаас ингэж өндөр татвар авах шийдвэр нь Монголоо устгах гэсэн бодлого. Гэртээ хүүхдээ хараад суудагт мөнгө өгдөг, улсдаа ганц төгрөг хялайлгадаггүй малчдын тэтгэврийн насыг хүнд хүчир гэж наашлуулаад цөөхөн хэдэн татвар төлөгчдөө, хичээж зүтгэснийг нь татвараар дарамтлаад тэтгэврийн насыг нь уртасгаад сууж байгааг юу гэж ойлгохов. Татвар нэмэгдсэн, бензиний үнэ нэмэгдсэн. Долларын ханшийг энэ янзаараа барьж гүйцэхгүй болох нь. Эрх баригчдын явуулж байгаа бодлого нэг иймэрхүү улсынхаа эсрэг болоод байна. Нэмсэн татвар нь тендерийн цавчаа, авлигачийн халаасанд орохгүй гэж хэн батлах юм. Иргэдээсээ ингэж дээрэм хийдэг үүнийгээ ихэнхэд нь нөлөөлөхгүй, хэвлэлийнхэн буруу яриад байна гэж дүйвүүлдэг. Уг нь НӨАТ-ын буцаан олголт зэргийг өмнөх парламент санаачилж, тэр хэрээр татварын орлого урьд хожид байгаагүй өсөлттэй гарсан. Тэгвэл байгууллагууд, хувь хүмүүс татвараас болж орлогоо нууж эхэлнэ. "Хэт илүү татвар хураах нь хуулиар халхавчлан хулгай хийнэ” гэсэн үг гэж АНУ-ын гуч дахь Ерөнхийлөгч хэлсэн байдаг.

Сайн хөдөлмөрлөж хичээснийх нь үр дүнд иргэдээ татвараар торгодог төр засаг гэж байж болох уу. Зүгээр л юу ч хийлгүй хэвтэж байсан нь дээр гэсэн бодлоготой төр байж болох уу. Хөгжингүй орны татварыг жишээ татан ярьж байгаа бол манайх хөгжиж байгаа орон. Тэд манайх шиг байхдаа биш өнөөгийн түвшинд хүрсэн хойноо шатлалтай татварын системийг сонгосон байдаг. Өөрөөр хэлбэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өндөр болсны дараа шатлалтай систем рүүгээ орсон байдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин ДАШБАЛБАРЫН МӨНГӨНДАЛАЙ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.