Дээрээсээ доошоо тэр чигтээ улс төрийн хэнээрхэлд автсан цаг үед бид амьдарч байна. Орон нутаг жижиг болохоор "тоглолт” нүдэн дээр явагддаг. Гэхдээ зарим үед "хөшиг”-ний цаана юу болоод байгааг тэр бүр мэдэхгүй өнгөрөх нь бий.
Саяхны өдөр Мөнхбаатар эмч "Үгээ хэлэх цаг нь болсон” гэсээр манай сонины редакцид зочлов. Нэгэн үе намынхаа дуу хоолой болж явснаа хэсэгтээ намжсан түүнээс урьдахиас ч илүү эрч хүчтэй байдал анзаарагдсан. Ингээд олныг нуршилгүй уншигч таныг түүний ярианд хөтлөе.
-Танай нам дээр яг юу болоод байна?
Намын дотоод олон зөрчилдөөн байдаг. Би тэр болгоныг хэлээд яахав. Гэхдээ надтай холбоотой олны дунд яригдаад байгаа зарим сэдвийг хөндөж тавихыг хүсэж байна. Яагаад гэвэл хүмүүс их буруу ойлголттой байна. Миний хувьд намын дотоод байдлыг ил гаргаад яахав, эв, эеэ хичээе гээд ямагт намынхаа нэр хүндийг эхэнд нь тавьсаар ирсэн. Гэтэл нам толгойлж буй хэсэг бүлэг хүмүүс намыг дотроос нь өөрсдөө хагалж, тэдний байр байдал, үнэн нүүр царай эхнээсээ илчлэгдэж, нутаг орон минь хөгжил ярих биш зөвхөн сандал ширээний төлөөх тулаан болж ирлээ. Энэ байдлыг би үнэхээр хараад сууж тэсч байж чадахгүй учраас өөрийн дуу хоолойгоо хүргэе гэж бодсон юм.
-Ингэлээ гээд янз бүрийн дайралт ирэхээс айхгүй байна уу?
-Жирийн гишүүний хувьд үнэн үгийг хэлэхэд хэнээс, юунаас айхав дээ. Зориудын зохион байгуулалттай дайралтуудыг сөрсөөр би өнөөдрийг хүрсэн. Тэснэ тэснэ гэхэд тэвчээрийн хязгаар гэж хүнд байдаг юм байна. Аймаг орныхоо хувь заяаг бодсон ч үгээ хэлэх цаг болсон гэж бодож байгаа.
- Сүүлийн үед "энэ аймаг толгойтой байна уу” гэсэн асуултыг олон хүн тавих болсон?
-Нэг хүний гар хөл болсон ямар ч хөгжлийн бодлого, төлөвлөгөө байхгүй хэн нь дарга хийгээд байгаа нь мэдэгдэхгүй тийм л өөрийн толгойгүй хүмүүс аймаг орныг авч явж байна даа. Энэ бол эмгэнэл. Бадамсүрэн анх аймгийн Засаг даргад нэр дэвшээд шалгуурыг нь хангахгүй хэд хэдэн удаа буцсан. Тэр үеэс бидний дунд үл ойлголцол эхэлсэн гэж хэлж болно. Би санаа бодлоо шууд л илэрхийлдэг хүн. Тэгээд сүүлийн хурал дээр эж нэр устай нь хүртэл хэлж байсан. Манай зарим намын гишүүд миний нэрийг хүртэл дэвшүүлж байсан. Үнэхээр боловсон хүчин байхгүй бол бодох л асуудал. Яагаад гэвэл боловсролтой залуучуудад иргэний зориг гаргаж, нэр дэвших боломжийг нээж өгөх, тохироо хийсэн балиар мафийн торон сүлжээг алга болгохыг хүссэн юм. Заавал урьдчилан тохирсон ч юм уу эсвэл олон жил ажилласан гээд юм хийгээгүй хүнийг бас дэмжих албагүй шүү дээ. Цаашид залуучууд минь өөртөө итгэлтэй байж, нутаг орноо хөгжүүлэхийн тулд өөрийн боловсрол, сурсан мэдсэн, хийсэн зүйлээрээ харуулж, нутаг оронд минь ийм чадварлаг залуус байдаг юм гэдгийг тэдэнд харуулах цаг нь болсон.
- Та үүнд хошуучлагч нь байж чадах уу?
Залуучуудад ингэж болдог юм гэдгийг харуулах зорилгоор чадах бүхнээ хийе л гэж бодож байгаа. Тэгэхээс энэ торон сүлжээн дотроос би гарахгүй нь ойлгомжтой. Бадамсүрэнгийн хувьд гурав дахиа засаг даргад нэр дэвшээд буцахад нам гаднаасаа үнэхээр муухай харагдаж, Дорнод аймагт энэ хүнээс өөр хүн байдаггүй юм уу гээд гадна талд ч хүмүүс гайхширч байсан үе шүү дээ. Тэгээд ч их шунасан хүнд төр бариулж болохгүй гэдэг үг ч бий. Тэр байдлыг ил хэлсэн нь би болохоос биш нийтээрээ дуртай байгаагүй. Ганц хүнийг улайраад зүтгүүлээд байна гэдэг чинь цаана нь маш том хувийн амбиц ашиг сонирхол нуугдаж байна гэдгийг ч хэлж байсан.
-Тэгээд С.Ганбат Засаг дарга болсон?
Тэр бол Бадамсүрэн цааш ахих "гишгүүрээ” л болгосон. Өөрөө болж чадахгүй болохоор нь нөгөө намтай тохироо хийж өөрөө орлогч болох тоглолт хийсэн. Нам ялчихаад байхад намаасаа хүн гаргах ямар ч сонирхол байхгүй, зөвхөн өөрийгөө бодсон л алхам гэхээс өөрөөр тайлбарлалтгүй. Тэр үед намын Удирдах зөвлөлөөс Зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ \аварга\ ирж намын гишүүдтэй уулзсан. Бадамсүрэн УИХ-ын гишүүн Бат-Эрдэнийг бүтэн өдөржин хүлээлгээд, ирэхгүй гишүүн аргаа бараад буцсан шүү дээ. Тэр үед нөхөр нөгөө хороо найруулж явсан. Маргааш нь аймгийн Иргэдийн Хурал болоход Бадамсүрэн АН-ын хэсэг нөхөдтэй үгсэн хуйвалдаж, С.Ганбатыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, өөрөө Засаг даргын орлогч болох тохироо хийгээд орж ирсэн. Би энэ талаар намын дээд байгууллагад удаа дараа хандаж байсан. Намын дарга Миеэгомбын Энхболдтой хүртэл очиж уулзсан. Дараа нь янз бүрийн хууль бус шийдвэрийг Ганбат даргаар гаргуулан тэр бүхнээр нь нээнтэглэж, суудлаас нь шууд авч хаяж, өөрөө дарга болсон. Энэ бол эртээс төлөвлөсөн түүний дараагийн тоглолт байсан.
-Намын дээд байгууллага өөрийн тань үгийг хэр хүлээж авав?
Дээрх хууль бус шийдвэрийг МАН-ын Удирдах Зөвлөл, Намын хяналтын хорооноос хүмүүс ирж газар дээр нь хянаж шалгаад хэлэлцэн Бадамсүрэнд хариуцлага тооцож, намын даргаас нь чөлөөлсөн. Тэгээд Дорнод аймгийн намын хороог дэд дарга Ш.Ёл ерөнхийд нь удирдаж байсан. Бид намын бага хурлаа хуралдуулаач гэдэг шаардлагыг олонтоо тавьж, олонхи болсон манай нам Засаг даргаа авах ёстой гэдэг зарчмыг барьж, тэр үед Хишигтогтох даргыг олонхиороо дэмжиж байсан. Олны анхаарлаас гартал хугацааг сунжруулж, эрч хүчийг нь сулруулж байгаад аяндаа замхруулдаг нь Бадамсүрэнгийн "үндсэн” арга л даа.
Дараагийн тактик нь Бадамсүрэнгээс өөр хүн байхгүй гэдгийг олон түмэнд итгүүлж үнэмшүүлэх ажлыг зохион байгуулсан. Тэгээд Ганбат даргыг огцруулж, өөрөө алдаагаа зассан, одоо намын даргаа авч болно биз дээ гэсэн юм ярьж, Номтойбаяр гишүүн түүнд гар бие оролцон УЗ нь шийдвэрээ өөрчлөн, эргэж намын даргаар нь тавих инээдэмтэй ажил хийгдсэн. Удирдах Зөвлөл өмнөх шийдвэрээ ийм хурдан өөрчилж, намын дарга эргэж болгох шийдвэр гаргаснаар намын гишүүдийн намдаа итгэх итгэлийг шууд унагасан.
-Олон түмэн гайхаж л байсан. Бадамсүрэнг намын даргаас нь огцрууллаа л гэдэг, эргээд сонгогдлоо л гэдэг?
Хурал харагдах байдлаараа гаднаасаа ямар байсныг энд хэлье. Бадамсүрэн дээр гараад гишүүдийнхээ өөдөөс хараад суучихсан, Н.Номтойбаяр, Сумъяабазар нар ирчихсэн, дээрээс ирсэн Удирдах зөвлөлийн шийдвэрийг уншчихлаар хүмүүс үнэндээ яаж ч чадаагүй. Намын гишүүдийн дуу хоолой огт ороогүй.
-Удирдах зөвлөлөөр бярдуулж гэж ойлгож болох нь ээ?
-Алдаагаа засаад эргээд цэвэр хүн болоод гарч ирж байгаа байдлаар жирийн гишүүдэд ойлголт төрүүлсэн. Намын Удирдах зөвлөл түүнийг нь хүлээн зөвшөөрч өмнөх шийдвэр юмаа хүчингүй болгож Бадамсүрэн тэгээд намын даргаа авчихаж байгаа юм. За яахав, дээрээс бярдуулж намын даргаа энэ хүн авчээ гэхэд дэд даргын асуудал яригдах ёстой. Тэгээд ч дэд дарга гэдэг бол намын жинхэнэ "гал тогоо”-г барьж явах хүн.
Тийм болохоор намдаа шинэчлэлт өөрчлөлт хийе гэвэл дэд даргын үүрэг хариуцлага маш өндөр. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд намын байранд хэсэг бүлэг хүмүүс ирж архи уух, хор найруулах ажил л явагдсан. Хааяа бүжиг болно. Тэнд ямар ч бодлого, намын гишүүдийн цугларалт байхгүй явж ирсэн. Тэр үүднээс 4 жил ажилласан Ёлыг өөрчилье гэдэг саналыг гишүүдийн зүгээс гаргасан. Хурал болсон. Дэд даргад нэр дэвшүүлэх болоход Бадамсүрэн Ёлыг, Зоригтбаатар дарга миний нэрийг дэвшүүлсэн. Тэгтэл Мөнхбаатар гэдэг хүн тэдэнд таалагдахгүй болохоор нөгөө л хор хирээ найруулахын тулд хурлыг завсарлуулж, үүрийн дарга нарыг нэг нэгээр нь дуудаж уулзаад дөрөв, таван цаг гишүүдээ гадаа хүлээлгэсний эцэст хурал үргэлжилсэн. Тэгтэл Уулаа \Мөнхтөр\ намайг дуудаад манай үүрээс намын хороонд чиний нэрийг дэвшүүлээд оруулаад ирнэ гэхэд нь тэгээд орхичихсон. Тэгтэл намын бага хуралд үүрүүдээс квотоор нэр орж ирснийг уншсан нь миний нэр байдаггүй. Тэгтэл намд гишүүнээр элсээд хэдхэн сар болж байгаа хүн, хуралд ирээгүй хүмүүсийн нэр хүртэл цохиж явсан. Заалнаас Мөнхбаатарын нэр яагаад байхгүй байгаа юм бэ гээд асуусан. Тэгтэл өөдөөс доёолж байгаа юм шиг "Заалнаас дэвшүүлж болно шүү дээ” гээд. Нэгэнт үүрээс гарч ирээгүй нэр заалнаас гарна гэдэг магадлал бага л даа. Тэгээд ч үүрүүдээс квот гэдгээр дандаа өөрсдийн хүнийг оруулаад ирсэн энэ нөхцөлд Мөнхбаатарыг гаргана гэж байх ч үгүй.
-Яалт ч үгүй хударгагүй загнаж?
-Яахав, энэ нөхөр аймгийн намын хорооны дэд даргад өрсөлдөх нь гээд нөгөө л заваан хор хирээ найруулаад өөрсдийн хүмүүсээр намын хороог бүрдүүлчихгүй юу. Намайг дэмжиж байсан, намын хороог шинэчилье гэсэн хүсэл эрмэлзэлтэй олон хүн шахагдсан. Би намдаа шинэчлэлээ хийхдээ хийнэ. Энэ зорилгоосоо ухарч буцахгүй. Миний ард манай намын олон мянган жирийн гишүүд байгаа. Тэд ч намайг дэмжинэ гэдгээ хэлсэн.
-Намаар дамжиж улс төрд орох босго нь мөнгө юм биш үү. Та ер нь намдаа хэр мөнгө "хаядаг” вэ?
Би мөнгө нь багтаж ядсан тийм баян хүн биш ээ. Тэгээд ч би эмч хүн, эмнэлгээ ажиллуулаад 20 хүнийг ажлын байраар хангаад, улсдаа татвараа төлөөд явж байна. Эд нар шиг төрд улс төрөөр дамжин шургалж орж, идэж уух хүсэл ч байхгүй. Гагцхүү нутаг орон минь зөв сайхан хөгжөөсэй гэсэндээ энэ заваан улс төртэй хутгалдаад явж байна.
Намын жирийн гишүүний хувьд намдаа чадахын хэрээр дэмжлэг үзүүлэхийг боддог. Намын "Үнэн” сонин захиалахад 500,000 төгрөг, өнгөрсөн 5 жилийн хугацаанд намын гишүүддээ 4 сая 800 мянган төгрөгийн эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн. Энэ хэрийн мөнгөөр эмнэлэгтээ тоног төхөөрөмж аваад тавьчихаж болох л байсан. Нэгэнт намын гишүүн хүний хувьд намынхаа өмнө хүлээх үүрэг хариуцлага гэж байх ёстой. Сарын өмнө 15 дугаар үүрийн өөрийн намын нэг гишүүнийг орон байртай болоход нь тусалж бэлнээр 200 мянган төгрөг гаргаж 2 тонн цемент авч өгсөн. Энэ мэт чадахын хэрээр дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн.
-Уучлаарай, МАН-ын Дорнод аймгийн дэд дарга Ёл намын гишүүн М.Мөнхбаатарыг зодож танхайрчээ гэсэн цахим мэдээ орон даяар цацагдсан. Энэ үнэн үү?
Хэдэн сарын өмнө болсон явдал. Ажлаа тараад гэртээ ирээд амарч байтал Ёл намайг дуудсан. Номтойбаяр гишүүний бие төлөөлөгч шүү дээ. 12 дугаар байранд байдаг гишүүний байранд болсон явдал. Уулзах хэрэг байна гэхээр нь би очсон. Ортол хоёул ярья гээд архи задалсан, ярьсан. Намайг намын дотоод асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилаа, Бадамсүрэн эргээд дарга болсон. Чи энэ хүнээс уучлалт гуйх ёстой гээд шууд л тулгасан л даа. Тэгэхээр нь "би яасан гэж уучлалт гуйх ёстой гэж, намын дарга боллоо, одоо намайг уучлаарай гэх үү, би тэгж бялдуучилж гүйдэг чам шиг хүн биш ээ, тэгээд ч Намын дээд байгууллага нь түүний үйлдлийг буруутай гэж үзээд намын даргаас нь огцруулсан биз дээ” гэхчлэн нэлээн маргасан. Бадамсүрэн орлогч байх үедээ ядаргаанд орж эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед Ёл над руу утасдаад эргэхгүй юм уу гээд. Хичнээн муудаж сайдсан ч өвдөж зовсон үед нь очилгүй яахав гээд эргэж очсон. Тэр үед Бадамсүрэн намын даргаасаа огцорчихсон, үнэхээр сэтгэл санааны хүнд байдалтай байсан болохоор эмч хүний хувьд сэтгэл гарган туслаж дэмжих юу байна гэж хэлж байсан. Тэгтэл Ёлтой уулздаг тэр орой "Чи Бадамсүрэнтэй уулзаад намайг намын дарга болгож өгөөч” гэж гуйж явсан гэхээр нь гэнэт уур хүрээд "Би тангараг өргөсөн эмч хүн. Хүний биеийн байдал тийм байхад албан тушаал гуйгаад гүйж явах хүн мөн үү” гэхэд Ёл зөрүүлээд намайг заамдаж авснаа нүүр рүү хоёр удаа цохиж, үүдэн шүдийг хугалсан. Тэр үед нь би баримтжуулаад өөрийнхөө гар утсаар нүүр хэсэг болон, үүдэн шүднийхээ зургийг авсан нь энэ байна. \ үзүүлэв\. Маргааш нь Ёлыг дагуулж яваад "Супер Дент” хувийн эмнэлэг дээр очиж шүдээ янзлуулж, нэгэнт хугарсан болохоор түр наагаад орхисон. Төлбөр төлөөсийг Ёл төлсөн. Эр улс байна асуудлыг ингээд орхие гээд хаясан. Үнэндээ эр хүний жудаг зааж дуугүй явсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл энэ хооронд миний нэр хүндийг гутаах, унагах зорилгоор зориудын гүжир гүтгэлэг явуулж, намаас хөндийрүүлж зайлуулах ямар арга байна бүгдийг сүвэгчилж, нийгэмд хэн ч биш болгож харуулах гэж үнэхээр тэд улайрсан. Их олон зүйлийн ард би тэвчээр зааж гарсан. Хурал дээр энэ зургаа харуулаад зодуулж цохиулснаа яриад энэ хүн намын дэд даргад ёс зүйн хувьд тэнцэхгүй энэ тэр гээд гоншгоноод явбал явах л байсан шүү дээ, тэгээгүй.
-Тэгтэл яагаад гэнэтхэн өнөөдөр энэ бүхнийг дэлгэх болов?
-Хэдэн сарын өмнө наалгасан шүд паалан нь ховхорч унаад, дэргэдэх шүднүүд нь хөдөлгөөнд ороод эхэлсэн. Одоо имплант суулгахаас өөр арга зам байхгүй гэж эмч хэлээд тэр нь нэлээн өндөр үнэтэй болохоор Ёлд энэ тухай хэлсэн. Тэгтэл санаа зовох нь бүү хэл, би цохиогүй болоод. Тэгэхээр хүн чинь юм бодно оо доо. Нэгэнт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан болохоор шууд л цагдаад хандсан. Хэрэг үүсээд одоо прокурорын шатанд явж байна. Өнөөдөр байцаагчтайгаа уулзсан. Цохисон хүн маань нэг ч удаа гар хүрээгүй гэж мэдүүлсэн байна лээ. Шүд хийсэн эмч, гэмтлийн эмчийн дүгнэлт, гэрч баримт бүгд байсаар байхад мэлзэж сууна. Гоо сайхнаараа хохироод зогсохгүй, хүн гүтгэсэн юм шиг байдалд би орж байна шүү дээ. Эрхбиш баримт нотолгоо нь байгаа хойно хуулийн байгууллага үнэн мөнийг тогтоох биз.
-Нэг намын нөхөд байж эвлэж ярьж болдоггүй юм уу, ингэж талцаж дайсагналцаад явбал аймаг орон сүйрлээ шүү дээ?
-Эв эеэ хичээгээд дуугүй явж байхад өөрсдөө болчимгүй үйлдлүүдийг хийгээд нам дотроо хагаралдаан үүсгэлээ шүү дээ. Жил хүрэхгүй сонгууль болно. Тэгэхэд өөрийн намаас сонгогдсон Иргэдийн Хурлын даргыг огцруулна гэдэг үнэндээ байж болохгүй асуудал. Эрх барьж байгаа намын толгойд байгаа хүмүүсийн байр байдал, ёс зүйгүй авирлахыг Дорнодын сонгогч олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай харж жигшин зэвүүцлээ. Нөгөө хууль бус зүйлээ хийх гэхээр Зоригтбаатар одоо саад болоод ирэхгүй юу. Иймээс нөгөө хороо найруулж, зайлуулах шийдвэрийг гаргасан. Бас л нөгөө намын үл бүтэх, төлөөлөгчийн эрхээ хасуулсан нөхөдтэй нэгдэн ийм шийдвэрийг гаргасан.
Энэ бүгд мөн л намын Удирдах Зөвлөлийн сонорт хүрч, тэд Бадамсүрэн, Мөнхтөр, Зоригтбаатар нарыг дуудаж уулзсан гэсэн. Намын дээд удирдлага болох Хяналтын хорооны дэд дарга, Удирдах зөвлөлөөс хүмүүс ирж гишүүдтэй ганцаарчлан уулзсан. Маргааш нь тэд хурал зарласан, би очсон. Харьцангуй олон хүн цугласан. Бадамсүрэн урьдын байдлаар дээр гараад суусан ч гэсэн түүнийг намаа удирдаж авч явж чадахгүй байна гэдгийг хуралд оролцогсдын дал, наян хувь нь хэлж, нам ерөнхийдөө компанийн засаглалд орчихлоо. Компанийн захирал өөрт таалагдахгүй хэнийг ч халж солих эрхтэй шиг намын дарга өөрийг нь шүүмжилж үнэн үг хэлсэн хэнийг ч намаасаа зайлуулахыг санаархаж байна гэдгийг тэд хэлсэн. Намын дарга болсноосоо хойш Бадамсүрэн намын жирийн гишүүдтэй нэг ч удаа уулзаагүй, тэднийнхээ санаа бодлыг сонсоогүй. Зөвхөн өөрийг нь тойрон хүрээлсэн "тэргүүлэгч” гэгдэх хэдхэн хүний хүрээнд бүхий л асуудлыг шийддэг, Өөр намынхантай нийлж байгаад ИТХ-ын даргыг албан тушаалаас нь авч хаяхыг санаархаж, тэгээд дийлэхгүй болохоор нөгөө хэдэн хүн тойрч сууж байгаад Зоригоо даргыг намаас нь хөөх шийдвэр гаргасан гээд тэдний энэ мэт байдлыг тэр хурал дээр ярьсан. Үнэхээр ойрын үед болоогүй ил тод, нээлттэй, ардчилсан хурал болсон.
-Хувь хүнийхээ хувьд аяар нь хандах үндэсгүй болтол шахагдаж л дээ, тэгж л ойлгогдлоо?
-Би өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүн. Намын жирийн гишүүний хувьд нам дотроо үгээ чөлөөтэй илэрхийлж чадахаа болилоо. Намын төлөө үнэнийг дуугарсан нь ад болж шахагдаж, эцэст нь гоо сайхнаараа хүртэл хохирлоо. Аймаг орны ажил урагшлахаа болилоо. Хөгжил гээд яриад ч яахав. Би Дорнод аймагт төрж өсч, дунд сургуулиа дүүргээд, анагаахад сурч, сумын эмчээс ЭМЯ хүртэл төрд 15 жил ажиллаад, гадаадад мэргэжил мэдлэгээ дээшлүүлээд өөрийн сурсан мэдлэг оюунаа нутаг орондоо зориулах, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд чадахын хэрээр зүтгэж яваа жирийн л нэг эмч хүн.
-"Итгэл-Ивээлт” бол таны нэрийн хуудас. Энэ нэрээр та олонд танигдсан. Таныг сайн, муу хэлүүлсэн ширүүн тэмцлийн хажуугаар бизнесээ орхилгүй өөрийгөө боловсруулаад явдагт талархдаг.
"Итгэл- Ивээлт” эмнэлгээ байгуулаад 8 жил болж байна. Хорин хүнийг ажлын байраар хангаж, олон хүний амьдралыг нуруундаа үүрч явна. Бусдын жишгээр банкны өндөр хүүтэй зээлээс зээлийн хооронд ажил, амьдралаа зохицуулаад явж байна. Нэг ч удаа жижиг дунд үйлдвэрийн зээл авч үзээгүй. Тэднээс сохор зоос ч гуйгаагүй ажил, амьдралаа болгоод явж байгаа болохоор өнөөдөр нүүр бардам энэ бүхнийг дэлгэж байна.
-Дорнодод баг хороогоор дамжуулан сугалаатай сэтгүүл хүртэл тараагдаад сонгуулийн уур амьсгал эхэлчихсэн цаг үе таарч байна. Бидний ярилцлагыг улс төрийн ээлжит сенсаац гэж ойлгож хүлээж авах хүн байгаа л байх?
-Ингэж дуугарснаараа улс төрд орох гэсэн санаархал надад ердөө ч байхгүй. Үгээ олон түмэнд дуулгая л гэж бодсон. Ийм муухай балиар хүмүүсээр нутаг орноо гутааж доромжлуулмааргүй байна. Нутаг орон маань эзэнтэй, дуугарах хүн байдаг гэдгийг ярилцлагаараа дамжуулах гэсэн юм. Дорнод нутгийнхаа хөгжлийн төлөө намчирхалгүй бүгд зоригтой нэгдэцгээе.
Өөрийн мөртэй, үнэний төлөө дуугарсан хүн янз бүрээр хэлүүлдэг. Хэн ч биш даргын цүнх бариад дагаж шогшиж явааг хэн ч тоож ярихгүй. Мөнхбаатар эмчийн ярьсныг эсэргүүцэх тэнхээтэй нь цөөн болов уу. Түүний яриаг хувь хүнтэй холбож ойлгохоос илүүтэй тодорхой хэсгийн байр суурь гэж би ойлгож хүлээж авсан.
ДОРНОД СОНИН
Сэтгэгдэл