Яаж би
С.Баярцогт шиг Оюутолгойн гэрээг 20,000 хувьсагчаар бодож батлахын босгон дээр Швейцарь дахь дансандаа гэнэт 25 тэрбум төгрөгтэй болох "илбэ, ид шидийн ертөнц"-д амьдрах вэ?
Яаж би
Яг түүн шиг найзуудтайгаа нийлж, дээд тал нь 1 сая доллар хийсэн гэж мэдэгдсэн данснаас нь нэмж 9 сая доллар илрэнгүүт "нэртэй бизнесмэнээс " зээлсэн гэж "мэлзэх" вэ?
Яаж би
АН-ын удирдагчид шиг адилхан бүгд авлигачид байж, ахиу хүртсэн гэж "атаархан"С.Баярцогтоор "туг тахих" вэ?
Яаж би
Б.Дэлгэрсайхан шиг нийт ард түмний баялаг Төмөртэйн ордыг Хятадуудтай нийлж ганцаараа "идчихээд", олсноо шингээж дийлэхгүй оффшорт аваачиж "нуух" вэ?
Яаж би
Яг түүн шиг луйвраа хамгаалахын тулд улстөрчдийг тэрбум тэрбумаар нь "авлигадаж", эцэст нь авлигын мөнгөө хэмнэж, УИХ-д өөрөө "суух" вэ?
Яаж би
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шиг татварын хөнгөлөлт нэрээр Оюутолгойн гадаад ажиллагсдын олсон орлогын 20 хувийн татварыг 5 хувь болгон бууруулах захиалга биелүүлэх их аянд "мордох" вэ?
Яаж би
У.Хүрэлсүх шиг Хотгор шанагын уурхай зарж, утаагүй түлшний үйлдвэр барих нэрээр улсыг 17 тэрбумаар хохироож, туслахаа шоронд илгээсэн Ч.Хүрэлбаатарт итгэж мөнгөнийхөө авдрын түлхүүрийг "атгуулах" вэ?
Яаж би
Монголчууд шиг Ройтерсийн мэдээ, Швейцарийн прокурорт өөрсдөөсөө илүү итгэдэг болтлоо дотоод найдвараа "алдах" вэ?
Яаж би
Сенсацитай сэдвийг өмчлөх автор, шүгэл үлээгч, зөнч, зүтгэлтнүүд одноос олон болж, алдар гавьяагаа булаалдахыг харах вэ?
Яаж би
Уяачдын холбоо шиг аядуу зөөлөн даргыгаа аялж явахад, ар хударгаар нь "шөнөжин гарав" хийж, "азаартах" вэ?
Яаж би
Уяачид шиг өөрийн хүүхдээ харах нүдний цөцгий мэт хайрлах мөртлөө өрөөлийн жаахныг харанхуй шөнө адгуусанд даатган "золих" вэ?
Яаж би
П.Сэргэлэн сайддаа хаврын нар зуны нарнаас "хурдан доошоо ордог"-ийг 3-р ангийн "Хүн ба Орчин" хичээлээс уншиж өгөх вэ?
Яаж би
Яг түүн шиг эмчийн тавьсан "тархины бяцралт" оношийг "тархины доргилт" гэж хөнгөнөөр хүлээж авах вэ?
Яаж би
Манлай уяачид шиг хурдан морины уралдааныг өв соёлоор халхавчилан "мөрийтэй тоглоом", "мөнгөжих хэрэгсэл" болгох вэ?
Яаж би
Яг тэдэн шиг зуны сар гарахыг хүлээх байтугай маргаашийн нар мандахыг хүлээж тэвчихгүй "шөнийн уралдаан"-тай болтлоо "улангасах" вэ?
Яаж би
Бөхчүүд шиг тархиа биш булчингаа хөгжүүлж, бүхнийг бяраар бүр болохгүй бол нударгаар шийдэх "ширэнгэн ойн хууль"-иас салж чадахгүй "бүдүүлгүүд" болох вэ?
Яаж би
Нэртэй бөхчүүд нутгаа хамгаалахын эсрэг уурхайд худалдагдаж, ядарсан ардаа дээрэлхэж явахыг нэг биш удаа харж явсан гутамшигаа "хуваалцах" вэ?
Яаж би
Хөвсгөлчүүд шиг ус нутаг руу нь дайрсан уурхай болгоныг уухайлан хөөж, аюул бүхнээс ирээдүйгээ авран хамгаалах вэ?
Яаж би
"Молекул" Батбаярын хүүхдүүд шиг Баянхонгорт цианит алдаж, хүн байгальтай нь хордуулчихаад тас нууж өнгөрүүлэх вэ?
Яаж би
Хятадууд шиг Багануурт 700 мвт-ын цахилгаан станц зээлээр барьж өгөх нэрээр Монголын эрчим хүчний системийн 50 хувьд хяналтаа тогтоож, Хятад хороолол барих шав тавих вэ?
Яаж би
Үндэстэн дамнасан корпарациуд шиг монголчуудын дунд яс хаяж, өвөр зуураа хэмлэлдэх хооронд нь стратегийн гол салбаруудад нь эзэн суух вэ?
Яаж би
Яг тэдэн шиг суваг болгон дээр дуулуулж, хөнгөн зугаа, харийн соёлоор хүүхэд, залуусын тархийг угааж үндэстнийг мөхөөх бодлогыг ийм гэмгүйгээр "хэрэгжүүлэх" вэ?
Яаж би
Дуулж суугаад хөгжсөн, дарвайтлаа маазраад жаргасан, хоосон улс төржөөд хожсон, амарч зугаалаад амжилтанд хүрсэн УЛС ОРОН хаа ч байхгүйг ойлгуулах вэ?
Сэтгүүлч Б. Отгон
2018.03.23
Сэтгэгдэл